info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-01-30

Дугаар 8

Улаанбаатар хот

 

Сахилгын зөрчлийг нотлох

дүгнэлтийг хүлээн авч,

сахилгын шийтгэл оногдуулах тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б, сахилгын хэргийн оролцогч, шүүгч Н.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нарыг оролцуулан Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1240 дүгээр захирамжаар “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.П-ийн өргөдлөөр ... шүүхийн шүүгч Н.Б-д сахилгын хэрэг үүсгэжээ.

Гишүүн шалгах ажиллагааны явцад шүүгч Н.Б нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байж болзошгүй  үйл баримт илэрсэн гэж үзэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэгт зааснаар гишүүний 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1...9 дүгээр захирамжаар гишүүний 2022 оны 1240 дүгээр захирамжаар үүсгэсэн сахилгын хэргээс тусгаарлан сахилгын хэрэг үүсгэсэн.

   Мөн “М” ХХК-ийн захирал Т.П-ын тус шүүгчид холбогдуулан гаргасан өргөдөлд гишүүний 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ГЗҮ/2023/...6 дугаар захирамжаар шүүгч Н.Б-д сахилгын хэрэг үүсгэсэн байна.

   Гишүүний 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ГЗБ/2023/...3 дугаар захирамжаар 2022 оны 1240 дүгээр захирамжтай сахилгын хэрэгт, 2023 оны ГЗҮ/2023/...6 дугаар захирамжаар үүсгэсэн сахилгын хэргийг нэгтгэсэн ба шалгах ажиллагааны явцад гишүүний 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ГЗБ/2023/...7 дугаар захирамжаар дээрх хэргүүдийг нэгтгэжээ.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ГНД/2023/...30 дугаар “Сахилгын зөрчлийг нотлох тухай” дүгнэлт гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: Нэг. ...шүүхийн шүүгч Н.Б-д холбогдох сахилгын хэрэг хянан шалгах ажиллагааны хүрээнд:

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4-т “Сахилгын хорооны хуралдаан зарлахаас өмнө өргөдөл, мэдээлэлд дурдагдаагүй шүүгчийн сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэх явцад илэрсэн бол тухайн шүүгчид сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна” гэж заасанчлан 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1...9 дүгээр захирамжаар  сахилгын хэргээс тусгаарлан сахилгын хэрэг шалгах ажиллагааны хүрээнд:

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.” гэж, 10.4-т “Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ” гэж тус тус заасан.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 2500 төгрөг буюу сард 420.000 төгрөг байхаар тус тус шинэчлэн...” тогтоосон.

Дээрх зохицуулалтуудын дагуу мэдүүлэг гаргагч 420.000*250=105.000.000 төгрөгөөс дээш хэмжээний буюу их хэмжээний өөрчлөлтийг 30 хоногийн дотор  мэдүүлэх үүрэгтэй.

Сахилгын хэргийн оролцогчийн “ХААН банк” ХХК-иас Н.Б-ийн нэр дээр бүртгэгдсэн 5.....1 дугаар бүхий дансны 2021 оны гүйлгээний хуулганд илтгэгч гишүүний хийсэн үзлэгээр  2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд их хэмжээний өөрчлөлтөөр мэдүүлэх хэмжээний буюу 105.000.000 төгрөгөөс дээш хэмжээний мөнгөн дүн бүхий орлогын гүйлгээ 9 удаа, зарлагын гүйлгээ 1 удаа хийгджээ.

Илтгэгч гишүүний 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1..2 дугаар “Нотлох баримт гаргуулах тухай” захирамжийг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст “...шүүгч Н.Б-ийн 2021 оны 7 дугаар сараас 11 дүгээр сарыг хүртэх хугацаанд ХААН банкны 5.....1 тоот дансаар хийгдсэн...105.000.000 төгрөгөөс их хэмжээний мөнгөн дүн бүхий орлогын болоод зарлагын гүйлгээ нь хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрчлөлт оруулан мэдүүлэх Авлигын эсрэг хуулийн дээрх зохицуулалтад хамаарах эсэх талаар...” дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн.

Авлигатай тэмцэх газрын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0...3 дугаар албан бичгээр ирүүлсэн дүгнэлтэд: “...Н.Б-ийн банкны харилцах дансанд ...дурдсан хэмжээгээр орлого нэмэгдсэн бол Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.4-т заасан хугацаанд орлогоо үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэсэн хариу ирүүлсэн байна.

Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн СХТ/2023/...0 дүгээр тогтоолд “...гишүүний захирамжийг эрх бүхий байгууллага биелүүлээгүй, гагцхүү албан бичгээр хууль тайлбарласан агуулгатай хариу өгснийг нотлох баримтаар үнэлсэн нь буруу байна” гэж тусгасан бөгөөд илтгэгч гишүүний 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ГЗБ/2023/...2 дугаар захирамжаар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилж, шинжээчид "шүүгч Н.Б-ийн ХААН банкны 5....7 тоот дансаар 2021 оны 7 дугаар сараас 11 дүгээр сарыг дуустал хугацаанд хэдэн төгрөгийн гүйлгээ хийгдсэн болох, үүнээс хэд нь шүүгчийн өөрийнх нь болон гэр бүлийн гишүүдийн орлогод, эсхүл дамжин хийгдсэн гүйлгээнд хамаарах, мөн хугацаанд их хэмжээний өөрчлөлт гарсан эсэх, гарсан бол тухайн үед нь мэдүүлсэн эсэхийг тогтоолгохоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар шинжээчийн дүгнэлт гаргаж ирүүлэхийг даалгасан болно.

Илтгэгч гишүүний 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ГЗБ/2023/...2 дугаар захирамжийн дагуу Авлигатай тэмцэх газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 0...5 дугаар албан бичгээр “...шүүгч Н.Б-ийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэгт холбогдох хяналт шалгалт хийлээ...” гээд хавсралтаар хяналт шалгалт хийсэн дүгнэлтийг ирүүлсэн байна.

Авлигатай тэмцэх газрын 0...5 дугаар албан бичгийн хавсралтаар “Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн СХТ/2023/...60 дугаар тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтад дээрх захирамжийн 2-т "шүүгч Нямжавын Бгийн ХААН банкны 5....7 тоот дансаар 2021 оны 7 дугаар сараас 11 дүгээр сарыг дуустал хугацаанд хэдэн төгрөгийн гүйлгээ хийгдсэн болох, үүнээс хэд нь шүүгчийн өөрийнх нь болон гэр бүлийн гишүүдийн орлогод, эсхүл дамжин хийгдсэн гүйлгээнд хамаарах, мөн хугацаанд их хэмжээний өөрчлөлт гарсан эсэх, гарсан бол тухайн үед нь мэдүүлсэн эсэхийг тогтоож, дүгнэлт гаргаж ирүүлэхийг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст даалгасугай" гэж өөрчилсний дагуу тогтоолд дурдсан асуудлаар хяналт шалгалтыг явууллаа.

Дээрх тогтоолд Н.Б-ийн ХААН банкны 5....7 тоот дансны талаар дурдсан боловч уг данс эзэмшигч нь Н.Б биш, харин 5.....1 тоот харилцах данс байна.

1. Тогтоолд дурдсан хугацаанд буюу 2021 оны 7 дугаар сарын 01-ээс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд уг дансаар нийт 2.978.108.015 төгрөгийн орлогын, нийт 2.929.628.700 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна. Уг дансаар мэдүүлэг гаргагчийн цалингийн орлого, ахуйн зарлага, мөн нөхөр Г.Э-ын "Т" ХХК-ийн барилгын үйл ажиллагаатай холбоотой орлого зарлагууд хийгдсэн байна.

2. Уг дансаар хийгдсэн гүйлгээнээс Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т "Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ" гэж заасан хэмжээнд хамаарах 2 гүйлгээ хийгдсэн.

А. Уг дансаар 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 290.000.000 төгрөгийн орлого "Ц.Ц-оос байрны урьдчилгаа шилжүүлэв, 99..., Ц... Ц..." гэсэн утгатайгаар орсон байна. Мэдүүлэг гаргагч нь 2012-2016, 2020, 2021 оны мэдүүлгийн "Орон сууц, барилга байгууламж" хэсэгт Хан-Уул дүүрэг, ....тоот орон сууцыг мэдүүлж, 2022 оны мэдүүлгийн "Орлого" хэсэгт уг орон сууцыг 540.000.000 төгрөгөөр худалдсан орлого мэдүүлсэн.

Мэдүүлэг гаргагч нь өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Б.Б /урьдчилгаа төлбөр шилжүүлсэн Ц.Ц-ийн нөхөр/-д худалдсан бүртгэлтэй байна.

Мэдүүлэг гаргагч нь уг орон сууцыг худалдсан урьдчилгаа төлбөр болох 290.000.000 төгрөгийн орлогыг Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасан хугацаанд мэдүүлээгүй байна.

Б. Иргэн Б.Э-ийн ХААН банкны 5....0 тоот данс руу 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 150.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан.

Мэдүүлэг гаргагч нь 2020 оны мэдүүлгийн "Орон сууц, барилга байгууламж" хэсэгт Хан-Уул дүүргийн ...тоот, 376 м.кв талбайтай амины орон сууцыг мэдүүлсэн байна.

Мэдүүлэг гаргагч нь 2020 оны мэдүүлгийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталгаажуулсан ба 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн 150.000.000 төгрөгийг дээрх амины орон сууцны төлбөрт шилжүүлсэн байх тул Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасан хугацаанд мэдүүлэх үндэслэлгүй байна.

3. Мэдүүлэг гаргагчийн ХААН банкны дээрх дансаар нөхөр Г.Э-ын "Т" ХХК-ийн барилгын үйл ажиллагаатай холбоотой орлого, зарлагын гүйлгээнүүд тогтмол хийгдсэн байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д "хуульд өөрөөр заагаагүй бол албан тушаалтан энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно" гэж заасныг зөрчсөн байж болзошгүй” гэх дүгнэлтийг ирүүлсэн.

Шүүгч Н.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-аас дээрх Авлигатай тэмцэх газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 0...5 дугаар албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг “...хуульд нийцүүлэн Монгол Улсын шүүхийн сахилгын хорооны илтгэгч гишүүний гаргасан захирамжийн биелэлтийг хангуулж өгнө үү” гэх хүсэлтийг Шүүхийн сахилгын хороонд гаргасныг илтгэгч гишүүний 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ГЗБ/2023/...4 дүгээр захирамжаар хангаж, гишүүний 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ГЗБ/2023/...2 дугаар захирамжаар томилсон шинжээчийн дүгнэлтийг Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журамд нийцүүлэн ирүүлээгүй талаар тайлбар болон нийцүүлэн гаргах талаар зохих арга хэмжээ авч ирүүлэхийг даалгасан боловч

Авлигатай тэмцэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0...4 дугаар албан бичгээр “Шүүхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 108 дугаар зүйл (Шинжээчийн дүгнэлт)-ийн 108.1-д "тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд илтгэгч гишүүн өөрийн санаачилгаар, эсхүл сахилгын хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч томилж болно", 108.2-т "шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална" гэж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйл (Хуулийн нэр томьёоны тодорхойлолт)-ийн 4.1.4-т "шинжээч гэж шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг" гэж, 10 дугаар зүйл (Шинжилгээг шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэх)-ийн 10.7-д "энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээд нь шинжээчээр томилогдсон тохиолдолд хуульд заасан шинжээчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ" гэж тус тус заасан.

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйл (Авлигатай тэмцэх газрын чиг үүрэг, бүрэн эрх)-ийн 18.4.16-д зааснаар "хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой асуудлаар бичгээр дүгнэлт, зөвлөмж гаргах" бүрэн эрхтэй гэж боловч өнөөдрийг хүртэл хугацаанд захирамжтай холбогдуулан Шүүх шинжилгээний тухай хуулийн 10.2, 10.3-т зааснаар тухайн байгууллагын эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэхээр санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулах, шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах зэрэг ажиллагаа хийгдээгүй байна” гэх хариуг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 0...5 дугаар албан бичгээр ирүүлсэн болно.

Иймд шүүгч Н.Б-д холбогдох сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад цугларсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Б-ийн мэдүүлэг, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0...3 дугаар албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 0...5 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн дүгнэлт зэрэг нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “илтгэгч гишүүн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй.”, 106.8-д “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ” гэж зааснаар хуульд заасан журмын дагуу шинжээчийн дүгнэлт гаргаагүй байх тул дээрх сахилгын хэрэгт авагдсан баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгч Н.Б-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “шүүгч Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй” гэж үүрэгжүүлсэн зохицуулалтыг биелүүлээгүй буюу хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлээгүй, зөрүүтэй мэдүүлсэн зөрчил гаргасанд буруутгах нөхцөл байдал бүрдээгүй болно.

2. “А” ХХК-ийн захирал С.П, “М” ХХК-ийн захирал Т.П нарын өргөдөлд хамаарах үйл баримт 2021 онд хамаарах үйл баримт байх тул сахилгын хэрэг хянан шалгах ажиллагааны хүрээнд:

  • Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч Н.Б-ийн 2020, 2021 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлж бүртгүүлсэн баталгааны маягт,
  • ХААН банкнаас шүүгч Н.Б-ийн 5.....1 дугаар дансны 2021 онд хийсэн гүйлгээний хуулбар,
  • Шүүгч Н.Б-ийн нөхөр Г.Э-ын нэр дээр бүртгэлтэй “Т” ХХК-ийн Улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа,
  • Баянгол дүүргийн татварын хэлтсээс “Т" ХХК-ийн 2021 онд татвар төлөлтийн лавлагаа,
  • Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн Н.Б-ийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон өмчлөлөөс бусдын өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл зэрэг баримтыг нотлох баримтаар гаргуулан хэрэгт хавсаргав.

Өргөдөл гаргагч “А” ХХК-ийн захирал С.П-ийн өргөдөлд “...Гэрээний гүйцэтгэлийн явцад гэрээний урьдчилгаанд 50.000.000 төгрөг авсан ч Н.Б нь “Манай компани барилгын материал авах мөнгөгүй байна мөнгө өгөөч” хэмээн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 20.000.000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 16.800.000 төгрөгийг мөн “хайрга авах мөнгөгүй байна" хэмээн н.Э-оор дамжуулан 3.200.000 төгрөгийг тус тус Хаан банкны өөрийн нэрийн 5.....1 тоот төгрөгийн дансандаа С.П-оос шилжүүлэн авсан... “Т” ХХК-ийн хувь эзэмшигч санхүүг нь барьдаг гэх эхнэр Н.Б-аар түрий барин гэрээт ажлын гүйцэтгэлийн төлбөр тооцоогоо төлөхгүй өдий хүрээд байгаа... Энэ тухай Г.Э-т хэлэхээр “төлбөр мөнгө, бартерын байрыг чинь өгч чадахгүй, чи мэдэж байгаа биз дээ эхнэр Н.Б шүүгч, шүүхэд их танилтай тиймээс шүүхээр яваад олж аваарай харъя чамайг” хэмээн бардамнан ёс зүйгүй харьцаж эхнэрээрээ түрий барин гэрээний болон нэмэлтээр хийлгүүлсэн ажлынхаа төлбөр мөнгөө төлөхгүй байгаад гомдолтой байна. Мөн энэ тухай эхнэр Н.Б-д хандахаар С.П надад “цахилгааны ажлын гүйцэтгэл П-д” гэж хувь данснаасаа мөнгө шилжүүлчхээд ажлын гүйцэтгэлийн төлбөр тооцоогоо бүрэн хийх болохоор “би компанийн ажлыг огт мэдэхгүй, надад хамаагүй, Э-аа учраа ол” гэдэг....” гэх,

“М” ХХК-ийн захирал Т.П-ын өргөдөлд “...Т ХХК-ийн хувь эзэмшигч, санхүүгийн төлбөр тооцоог хийдэг Н.Б-ийн Хаан банкны 5.....1 тоот төгрөгийн дансны шилжүүлгээр 2021 оны 8 сарын 26-ны өдөр 5.241.000 төгрөг, 2021 оны 8 сарын 30-ны өдөр 4.276.000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 2.000.000 төгрөгийг нийт 11.517.000 төгрөгийн хүлээн авсан ба “Т” ХХК-ийн зүгээс төлөх ёстой үлдэгдэл 18.323.000 төгрөгийн төлбөр тооцоогоо өгөхөөс татгалзаж өнөөдрийг хүрээд байна... “Т” ХХК-ийн хувь эзэмшигч санхүүг нь барьдаг гэх эхнэр Н.Б-аар түрий барин гэрээт ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр тооцоогоо төлөхгүй өдий хүрээд байгаад гомдолтой байна. Эхнэр Н.Б-д нь хандахаар эхлээд компанид нь санхүүгийн төлбөр тооцоог мэддэг юм шиг ажлын гүйцэтгэлийн төлбөр тооцоог өөрийн данснаасаа шилжүүлэн төлж байснаа дараа тооцоогоор олон хүмүүсийг ажиллуулж барилга байгууламжаа барьж босгож байгаагаа мэдсээр байж сүүлд нь ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр тооцоог нэхэхээр “би компанийн ажлыг огт мэдэхгүй надад хамаагүй Э-аа учраа ол гэдэг...” гэх  агуулга бүхий үндэслэлүүд тус тус дурдагдсан байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.11-д “өөрөө, эсхүл итгэмжлэгдсэн этгээдээр дамжуулан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, аж ахуйн нэгж, тэдгээрийн холбоо, нэгдлийн удирдах бүрэлдэхүүнд орох, зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах”-ыг хориглосныг зөрчсөн зөрчил тогтоогдож байна.

Улсын бүртгэлийн газрын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6...7 дугаар албан бичгээр ирсэн Сүхбаатар дүүргийн ....9 дугаартай байрны өмчлөгч тус бүр дээр салгаж бүртгэгдсэн 42 орон сууцны эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийн хуулбаруудад хийсэн илтгэгч гишүүний  үзлэгээр Н.Б-ийн нэр дээр бүртгэгдсэн 4 орон сууц, Н.Б-ийн нэр дээр орон сууц бариулах захиалга хийгдэн, бусдад шилжүүлсэн 10 орон сууцны төлбөр тооцоо Н.Б-ийн дансаар хийгдсэн, нийт 14 орон сууцны бүртгэл байгаа болохыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгох хувийн хэрэгт авагддаг баримтад хийсэн үзлэгээр бэхжүүлсэн.

 Түүнчлэн сахилгын хэргийн холбогдох шүүгч Н.Б-ийн данснаас орон сууцны төлбөр тооцооны тодорхой тоон орлого, зарлага гарсан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

 Шүүгч Н.Б-ийн ХААН банк дахь 5.....1 тоот дансны орлого, зарлагын хуулгыг 2021 оны байдлаар гаргуулан авч үзэхэд:

  1. Орлого нийт 3.737.350.322,27 төгрөг,
  2. Зарлага нийт 3.857.977.493,53 төгрөг,
  3. Орлогоор ...шүүхийн Тамгын газраас цалин гэж 21 удаа,
  4. Орлогоор  орон сууцны төлбөр гэсэн тайлбартай иргэдээс 28 удаагийн гүйлгээгээр 2.033.767.000 төгрөг шилжүүлэн авсан,
  5. Зарлага барилгын материал, элс хайрга, зуурмаг төмөр арматур, барилгын материал, багаж хэрэгсэл, ажлын хөлс, өдрийн ажилчдын цалин, ажилчдын хоол, ажилтны бензин болоод бусад “Т” ХХК, “Х” ТББ-ын барилгын ажилд холбогдох зарлагын гүйлгээг барилгын улирал болох 7-12 сард  тогтмол хийсэн.
  6. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 10.000.000 төгрөг иргэн н.П-ийн 5...9 тоот дансанд “цахилгааны ажлын гүйцэтгэл н.П-д” гэсэн утгатай шилжүүлсэн баримт,
  7. “М” ХХК-ийн өргөдөлд хавсаргагдан ирсэн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 5.241.000 төгрөг, 30-ны өдөр 4.276.000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 2.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтууд тус тус сахилгын хэрэгт цугларан баримтаар авагджээ.

Сахилгын хэргийн оролцогч Н.Б-ийн ХААН банкны 5.....1 тоот данс нь түүний үндсэн ажил болох ...шүүхийн шүүгчийн ажлын цалинг хүлээн авдаг цалингийн данс байх ба тухайн данснаас өөрийн нөхрийн компанийн хариуцан бариулж буй барилгын ажлын үйл явцын материал, техник хэрэгслийн хангамжийн болон ажилчдын цалин, хоолны төлбөр, холбогдох бусад зардал буюу нөхрийнхөө компанийн санхүүгийн гүйлгээг 2021 оны 7-12 сард тогтмол шилжүүлж байсан, энэхүү дансаа зөвхөн тухайн барилга барихад холбогдох зардлыг шилжүүлэхэд ашиглахаас гадна дээрх гүйлгээнүүдтэй зэрэгцээд өөрийн хувийн хэрэгцээний гүйлгээг /хүнс, гутал, шил авах, цалин гэх зэрэг/ зэрэгцүүлэн хийж байсан нь түүний дансны хуулгаар тогтоогдож байна.

Мөн “Т” ХХК, “Х” ТББ нартай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрүүдийг сахилгын хэргийн оролцогч Н.Б-ийн ХААН банкны 5.....1 тоот дансанд шилжүүлж байсан  нь тус тус сахилгын хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Банкны тодорхой данснаас хийгдэх зарлага болоод орлогын гүйлгээг хэрэгжүүлэх бүрэн эрх зөвхөн тухайн данс эзэмшигчид хадгалагдах ба данс эзэмшигч өөрийн эзэмшлийн данснаас хийгдэх гүйлгээг, ялангуяа зарлагын гүйлгээг бүрэн мэдэж хэрэгжүүлдэг. Банкны карт болон интернэт банкны кодыг зөвхөн данс эзэмшигч мэдэж хэрэглэх бөгөөд банкны байранд биечлэн үйлчлүүлэхдээ иргэний үнэмлэх, холбогдох бусад бичиг баримт, хурууны хээ, бусад зүйлийг шалгадаг журамтай байдаг зэргээс данс эзэмшигчийн данснаас хийгдэж буй гүйлгээг данс эзэмшигчийн өөрийн ухамсарт үйлдлээр хийгддэг. Тиймээс сахилгын хэргийн оролцогчийн өөрийн эзэмшлийн данснаас хийгдсэн гүйлгээг бүрэн хариуцна гэж үзнэ.

Сахилгын хэргийн оролцогч Н.Б нь өөрийн дансаар “Т” ХХК, “Х” ТББ-ын бариулж буй барилгын ажилд холбогдох гүйлгээг тогтмол хийсэн үйл баримт тогтоогдож байх ба энэхүү үйлдэл нь нэг удаагийн биш олон удаагийн давтамжтай, үргэлжлэн хийгдсэн байгаагаас аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн сахилгын хорооны хуралдаанаар шүүгч Н.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь “...тус орлого бүхэлдээ ороод “Т” ХХК-ийн өдөр тутмын бүх үйл ажиллагааны зардлыг шүүгч Н.Б-ийн данснаас шилжсэн. ...Үүний дагуу хариуцлага хүлээхэд бэлэн байна гэж хариуцлагаа хүлээсэн” зэрэг тайлбар гаргасан.

Мөн шүүгч Н.Б нь “...байгууллагын үйл ажиллагаанд оролцсон, үйл ажиллагаа эрхэлсэн, явуулсан гэдэгт бол маргахгүй. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. ...дансаараа 2 тэрбум төгрөг оруулж гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдэлдээ харамсаж байна. Та бүхнээс уучлалт гуйж байна” гэж гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан нь Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

Дээрх үйл баримтуудаас сахилгын хэргийн оролцогч Н.Б нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.11-д “өөрөө, эсхүл итгэмжлэгдсэн этгээдээр дамжуулан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, аж ахуйн нэгж, тэдгээрийн холбоо, нэгдлийн удирдах бүрэлдэхүүнд орох, зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах” гэж заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул дээрх үндэслэлээр ...шүүхийн шүүгч Н.Б-д сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэх нь зүйтэй байна” гэжээ.

Шүүгч Н.Б А” ХХК-ийн захирал С.П-ийн өргөдлөөр үүсгэсэн сахилгын хэрэгт холбогдуулан ирүүлсэн тайлбартаа: “...шүүгч Н.Б надад холбогдуулан гаргасан 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “А” ХХК-ийн ерөнхий захирал С.П-ийн гомдолд дараах тайлбарыг гаргаж байна.

1.“Т” ХХК болон “А” ХХК-тай байгуулсан гэрээний талаар: Гомдол гаргагчийн гомдолд дурдагдаж буй “Т” ХХК нь манай нөхөр Г.Э-ын эзэмшлийн компани бөгөөд миний би тус компанийн өдөр тутмын болон байнгын үйл ажиллагаанд огт оролцдоггүй, тус компанийн санхүүгийн үйл ажиллагааг нягтлан нь хариуцан явуулдаг тул надад хамааралгүй юм.

Гомдол гаргагч С.П-ийн гомдлын дагуу нөхрөөсөө тодруулахад “Т” ХХК болон “А” ХХК нар 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр №...6 дугаар “Барилгын цонх, тагтны шилэн хаалт үйлдвэрлэсэн, угсарч суурилуулах гэрээ”, 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №...10 дугаар “Дотоод цахилгаан бараа худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэлийн бартерын гэрээ”, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн №...12 дугаар “Барилгын дээвэр болон ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулж хамтран ажиллах болсон юм байна.

Гэтэл “А” ХХК нь гэрээний үүргээ удаа дараа зөрчиж “Т” ХХК-д алдагдал учруулсан бөгөөд энэ тухай “А” ХХК-нд удаа дараа мэдэгдэж байсан. Тус 2 компанийн асуудлаар ....шүүхэд 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

Би нөхрийнхөө компанийн асуудалд оролцдоггүй үйл ажиллагааг нь сайн мэдэхгүй болно.

Мөн тус гомдолдоо “манай аавыг шүүхийн байгууллагад ажиллаж байсан, аав охин 2 шүүхийн хүмүүс учраас эрх мэдлээ ашиглаж, айлган сүрдүүлдэг гэсэн утга агуулга” бүхий зүйл бичсэн нь үндэслэлгүй юм. Миний эцэг Н.Н нь шүүгчээр ажиллаж байгаа өндөр насны тэтгэвэрт гаргасан. Харин миний бие болон миний аавын зүгээс гомдол гаргасан хуулийн этгээдийг болон захирлыг айлган сүрдүүлж, доромжилсон асуудал байхгүй.

2. Н.Б миний дансаар мөнгө орсон, гарсан талаар: Манай гэр бүл Найрамдал зусланд байрлах лагерийн байшингаа зарахаар төлөвлөж байсан бөгөөд энэ тухай нөхөр Г.Э нь найз Х.Э-д хэлж 40.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Уг төлбөрийг Х.Э 2-3 удаа хувааж төлж байсан бөгөөд Н.Б миний данс руу гүйлгээ хийх бүрдээ утсаар залгаж хэлдэг байсан. Тухайн үед нь орж ирсэн мөнгийг Х.Э-оос шилжүүлсэн гэж ойлгож байсан. Гэтэл гомдол гаргагчийн гомдлыг үзээд Х.Э-оос тодруулахад тус 2-3 удаа шилжүүлсэн төлбөрийг “А” ХХК-ийн захирал С.П Н.Б миний данс руу шилжүүлж байсан гэдгийг мэдсэн. Миний бие тус 40.000.000 төгрөгийг лагерийн байшин зарсан төлбөртөө авсан бөгөөд С.П, Х.Э нарын хооронд ямар тохиролцоо байсныг мэдэхгүй юм.

Мөн гомдолд дурдагдаж буй С.П-ийн данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн үйлдэл нь “нөхөр Г.Э нь барилгын ажил хийсэн хүнд яаралтай мөнгөний шаардлага гаргасан юм шиг байна. Надад мөнгө байдаггүй. Чамд мөнгө байвал яг одоо 10.000.000 төгрөг нэг данс руу шилжүүлчих” гэж хэлсэн тул нөхөртөө туслах зорилгоор мөн нөгөө хүнд нь ямар нэг яаралтай мөнгөний шаардлага гаргасан юм бол туслах үүднээс тухайн үед миний дансанд мөнгө байсан учраас хаан банкны 5...9 тоот данс руу (цахилгааны ажлын гүйцэтгэл П) гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн.

3. С.П-ийг дайлж цайлсан гэх талаар: Миний бие С.П-той нэг удаа уулзсан ба манай гэр бүл байраа зарах гэж байхад нөхөр Г.Э-ын найз Х.Э "танай байрыг нэг хүнд үзүүлээдэхье” гээд нэг эрэгтэй хүний хамт орж ирсэн нь С П  байсан ба тэр өдөр л нэг удаа уулзсан юм. Би тэр үед гэртээ цай унд хийж байсан. Монгол хүний ёсыг бодон гэрт орж ирсэн хүмүүст цай хийж өгөөд гаргасан. Энэ бүх болсон зүйлсийг Х.Э мэдэж байгаа бөгөөд шаардлагатай бол нөхөр Г.Э, Х.Э нарыг гэрчээр асуулгах хүсэлтэй байна. Эцэст нь “Т” ХХК нь манай нөхрийн бизнес бөгөөд Н.Б миний шүүгчийн үйл ажиллагаанд огт хамааралгүй.

“А” ХХК-ийн захирал С.П нь яагаад энэ асуудлыг надтай холбож шүүгчийн ажилтай холбож байгааг ойлгохгүй байна” гэжээ.

Шүүгч Н.Б илтгэгч гишүүний 2022 оны 1...9 дугаартай захирамжаар үүсгэсэн сахилгын хэрэгт холбогдуулан ирүүлсэн тайлбартаа: “...Н.Б миний “ХААН” банкны 5.....1 тоот дансны 2021 оны орлогын хувьд энэ дансаар орж мөнгө бол миний орлого биш бөгөөд миний дансаар дамжин орж, тэр даруй буцан гарсан гүйлгээ болно.

Өөрөөр хэлбэл миний хувийн хөрөнгө, орлого биш харин нөхөр Г.Э-ын эзэмшлийн “Т” ХХК-ийн орлого зарлагын гүйлгээний хэсэг юм. “Т” ХХК нь Сүхбаатар дүүргийн ...барилгын ерөнхий санхүүжүүлэгчээр 2018 оноос эхлэн ажиллаж 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс орон сууцны барилгыг, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр үйлчилгээний барилгыг Улсын комисст тус тус хүлээлгэн өгсөн бөгөөд тус барилгын талаар аж ахуйн нэгжийн санхүүгийн тайландаа тусган тайлагнасан.

Мөн 2022 оны санхүүгийн тайлангаа мэдүүлэх хугацаа дуусаагүй байгаа юм. Өөрөөр хэлбэл миний дансаар орж гарсан орлого зардлыг аж ахуйн нэгжийн тайландаа тусгаад явж байгаа.

Иймд Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ” гэж заасан бөгөөд Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасны дагуу миний эзэмшлийн бус хөрөнгө, орлогыг би мэдүүлэх үүрэггүй байна...” гэжээ.

Харин “М” ХХК-ийн захирал Т.П-ын өргөдлөөр гишүүний 2023 оны ГЗТ/2023/...6 дугаар захирамжаар үүсгэсэн сахилгын хэрэгт шүүгч Н.Б нь хариу тайлбар өгөөгүй байна.

Шүүгч Н.Б сахилгын хорооны хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийнхөө дансаар мөнгөний орлого, зарлага хийсэн үйлдэлд  маргахгүй байгаа. Энэ үйлдэл нь шүүгчид хориглох үйлдэл байсныг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ зөрчлийг гаргасан нь цаанаа шалтгаантай байсан...

Компани “байгууллагаас мөнгө гаргахад хэцүү байна” гээд дандаа зах, худалдааны төвүүдээс материалаа авдаг байсан. Нэг өдөрт олон хүмүүсийн картыг аваад зэрэг зэрэг ажилчид нь яваад гүйлгээ хийдэг байсан. Нөхөр өөрийнхөө болон миний интернет банкийг зэрэг ашигладаг байсан...

Шүүхийн тухай хуульд өөрчлөлт орсныг мэдээд нөхөртөө хэлэхэд “чи ажилгүй болно л биз” гэж байсан. Ер нь нөхөр намайг шүүгчийн ажил хийлгэх дургүй, ажлаас чинь гаргана гэдэг байсан гэв.

Холбогдох шүүгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О сахилгын хорооны хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааны зарлагыг шүүгч Н.Б-ийн харилцах дансыг ашиглан 2 тэрбум төгрөгийн орлого, зарлагын гүйлгээг хийсэнтэй бид маргаагүй. Гэхдээ 2 зүйл хэлмээр байна. Үүнд:

1. 2014 оноос хойш шүүгч нь гэр бүлийн хүчирхийлэлтэй, нөхрийнхөө эрхшээлд байсан хүн. Шүүгч хүн гээд нэр төрөө боддог, гэр бүлээ хамгаалдаг байсан нь даамжраад өнөөдрийн энэ байдалд хүрсэн гол шалтгаан нь гэр бүлийн байнгын хүчирхийлэл, дарамт байсан... 2014 онд хөнгөн зэргийн гэмтэл, 2016, 2017 он, 2024 оны 01 дүгээр сард тус тус хөнгөн гэмтэл гээд нийт 4 удаа гэмтлийн зэрэг тогтоолгосон. ...Өнөөдрийн байдлаар 3 дахь удаагаа гэр бүлийн хүчирхийллээс эрүүгийн хэрэг үүссэн... Энэ тохиолдлыг бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү.

2. Хуулийн хэрэглээний хувьд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.11-д “өөрөө эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх. Өөрөөр хэлбэл аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн байна гэж байгаа. Хоёрдох нь аж ахуйн нэгж тэдгээрийн холбоо, нэгдлийн удирдах бүрэлдэхүүнд орох гэж, гуравдах нь зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Хуульчийн хувьд гурван үндсэн тохиолдол байна.

Илтгэгч гишүүн дээрх гурван нөхцөлийг гурвууланг нь хангасан гэж дүгнэсэн байна.

Миний үйлчлүүлэгч аж ахуйн үйл ажиллагаанд оролцсон хэлбэр нь ганцхан нөхөр нь хаан банкны данстай картыг нь аваад тэрүүгээр бүх өдөр тутмын гүйлгээг хийж байсан. Ингээд Н.Б нь өөрийнхөө дансыг нөхөртөө ашиглуулсан буруутай үйлдэл байгаа. Энийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.11-д заасан нэгдэх хэсэгт хамаарах юм байна. Тэрнээс удирдах бүрэлдэхүүнд орсон зүйл байхгүй, барилгын компанийн өдөр тутмын зохион байгуулалтад ороогүй.

Бид хариуцлагаас зугтаах гэж байгаа юм биш. Шалтгаан байсан тул санаатайгаар, мэдсээр байж хууль зөрчсөн үйлдэл биш юм гэдгийг бүрэлдэхүүн анхаарч өгнө үү.

Мөн сахилгын зөрчлийг хүлээн зөвшөөрч байгаатай холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах газарт гомдол гаргасанд эрүүгийн хэрэг үүсээд, шинжээч томилогдоод явж байгаа.

Н.Б-ийн хувьд аж ахуйн үйл ажиллагааг өөрөө эрхлэн, санаачилгаараа хууль тогтоомжийг мэдсээр байж эрхэлсэн үйлдэл байхгүй. Гэхдээ хууль тогтоомж зөрчсөн, үр дагаврын хувьд уг гарал нь аж ахуйн нэгжүүдийн хоорондын маргаан иргэний шүүх дээр явж байхдаа маргааны заргыг авахын тулд шүүгчийн албан тушаалын байдалд халдаж гомдол гаргасан юм. Одоо энэхүү компани хоорондын маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт сахилгын шийтгэл оногдуулахдаа урьдчилсан нөхцөлийг заасан байдаг буюу мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дах хэсэгт заасныг харгалзан үзэхээр байна.

Иймд шүүгчийн нөхцөл байдлыг тодорхой хэмжээгээр харгалзаж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлж хэрэглэж болохоор байгааг бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.П нь “...Т ХХК-ийн захирал Г.Э болон түүний эхнэр уг компанийн хувьцаа эзэмшигч, санхүүг нь барьдаг шүүгч Н.Б нь ажлын гүйцэтгэлийн төлбөр тооцооныхоо заримыг нь Хаан банкны дансаараа шилжүүлэн төлчхөөд үлдэгдэл тооцоог нь өгөлгүй “шүүхдээд аваарай” хэмээн хөөгөөд явуулсан... Шүүгч Н.Б-ийн зүгээс “Т” ХХК-ийн ажилд хамаатай мэт хандлагыг хүмүүст гарган барилгын ажилдаа зориулж мөнгө хувь дансаараа авсан улмаар дараа тооцоогоор ажлаа хийлгүүлэхээр амар бичгийн хэлэлцээг нөхөр Г.Э нь дамжуулан тохиролцуулж, ажил гүйцэтгэсэн хүмүүстэй төлбөр мөнгөний тооцооны гүйлгээг хувь дансаараа хийчхээд, төлбөр тооцоог эцэслэх болохоор “...надад хамаагүй, Э-аа учраа ол, учраа олохгүй бол шүүхэд хандаа” гэж хариуцлагаас зайлж нөхөр Г.Э-ыгаа урьдаа барьж, ард нь нуугдаж байгаа үйлдэл нь эрх мэдэл, эрх зүйн мэдлэгээ ашиглан, нөхөртэйгөө үгсэн итгэл найдвар, гачигдал дээр тоглолт хийн тэднийг залилан мэхэлж, хохироож байна гэж үзэж байна” гэх өргөдөл, /1 дүгээр с.х-ийн 1-8 тал/

мөн өргөдөл гаргагч “М” ХХК-ийн захирал Т.П нь “...Н.Б-ийн зүгээс “Т” ХХК-ийн ажилд хамаатай мэт барилгын ажлын гүйцэтгэлийн өчнөөн төлбөр тооцооны гүйлгээг хувь дансаараа хийчхээд яг ажил бүрэн дуусаад төлбөр тооцоогоо нэхэмжлэхээр би компанийн дотоод юмнуудыг огт мэдэхгүй, би компанийн ажилд оролцдоггүй, надад ямар ч хамаагүй, Э-аа учраа ол, учраа олохгүй бол шүүхэд ханд хэмээн хариуцлагаас зайлж нөхөр Г.Э-ыгаа түрий барьж ард нь нуугдаж байгаа үйлдэл нь Т.П миний хувьд Н.Б-г эрх мэдэл, эрх зүйн мэдлэгээ буруу ашиглан, нөхөртэйгөө үгсэн хүмүүсийн итгэл найдвар, гачигдал дээр тоглолт хийн тэднийг залилан мэхэлж, хохироож байна гэж үзэж байна” гэх агуулга бүхий өргөдлийг Шүүхийн сахилгын хороонд гаргасан байна. /5 дугаар с.х-ийн 99-100 тал/

Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн шүүгч Н.Б-г Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасан хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан зөрчил байж болзошгүй хэмээн сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулжээ. /5 дугаар с.х-ийн 177-178 тал/

Улмаар илтгэгч гишүүний 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ГЗБ/2023/...7 дугаар захирамжаар дээрх гурван сахилгын хэргүүдийг нэгтгэн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ГНД/2023/...30 дугаар “Сахилгын зөрчлийг нотлох тухай” дүгнэлтээр “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.8 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт гаргаагүй байх тул сахилгын хэрэгт авагдсан баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна... шүүгчид үүрэгжүүлсэн зохицуулалтыг биелүүлээгүй буюу хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлээгүй, зөрүүтэй мэдүүлсэн зөрчил гаргасанд буруутгах нөхцөл байдал бүрдээгүй болно; ...шүүгч Н.Б нь өөрийн дансаар “Т” ХХК, “Х” ТББ-ын бариулж буй барилгын ажилд холбогдох гүйлгээг тогтмол хийсэн үйл баримт тогтоогдож байх ба энэхүү үйлдэл нь нэг удаагийн биш олон удаагийн давтамжтай, үргэлжлэн хийгдсэн байгаагаас аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож  байх тул шүүгч Н.Б нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.11-д заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан” гэж дүгнэжээ. /6 дугаар с.х-ийн 209-227 тал/

1. Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад шүүгч Н.Б-ийн “ХААН банк” ХХК-ийн 5...1 дугаарын дансны 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны орлого, зарлагын гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг авчээ. /1 дүгээр с.х-ийн 170-235 тал/

  Тухайн дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийхэд 2021 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл гүйлгээний хуулгаас үзэхэд нийт 3.737.350.322,27 төгрөгийн орлого, 3.857.977.493,53 төгрөгийн зарлага, орон сууцны урьдчилгаанд авсан төлбөр 2.033.767.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. /1 дүгээр с.х-ийн 235 тал/

Мөн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн сахилгын хорооны хуралдаанд шүүгч Н.Б “...миний дансаар гүйлгээ орж, гарсныг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ хоёр компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, заавар чиглэл өгч, удирдаж оролцсон зүйл байхгүй... Би байгууллагын үйл ажиллагаанд гардаж оролцоогүй боловч энэ нь данс ашиглаж гүйлгээ хийсэн нь шүүгчийн хязгаарлалтад хориглосон зүйл заалтыг зөрчсөн байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдэлдээ харамсаж байна...” гэх тайлбар хэлснээр тухайн байгууллагын үйл ажиллагаанд зориулж мөнгөн гүйлгээ хийсэнд маргадаггүй болно. /6 дугаар с.х-ийн 31-36 тал/

Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно” гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд данс эзэмшигчийн зөвшөөрлөөр, түүний даалгаснаар банк мөнгөн шилжүүлгийг хийх буюу шүүгч Н.Б өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5...1 дугаарын дансаар “Т” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой “чулуун пасат урьдчилгаа”, “обойны”, “шилэн хөвөнгийн материал”, “б байрны үнэ”, “в3 байрны төлбөр б” гэх мэт утга бүхий гүйлгээний зарлагууд, “байрны захиалга төлбөр”, Б-аас байрны урьдчилгаа төлбөр шил-в”, “Т” ХХК-д 6 давхар, 61.42 м.кв” гэх утга бүхий орлогууд хийгдсэнийг аж ахуйн үйл ажиллагаа явуулсан гэж үзэхээр байна. /1 дүгээр с.х-ийн 170-235, 2 дугаар с.х-ийн 28 тал/

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.11-д “өөрөө, эсхүл итгэмжлэгдсэн этгээдээр дамжуулан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, аж ахуйн нэгж, тэдгээрийн холбоо, нэгдлийн удирдах бүрэлдэхүүнд орох, зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах”, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Сахилгын хороо энэ хуулийн 50, ...дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн /цаашид "сахилгын зөрчил" гэх/ шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж тус тус заасан.

Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад бүрдсэн нотлох баримтууд, шүүгчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хариу тайлбар зэргээр шүүгч Н.Б нь  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.11-д заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн буюу шүүгчид хориглосон зөрчил байх тул мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас “Т” ХХК хуулийн бүртгэлийн лавлагааг авсан байна. Тус лавлагаагаар “Т” ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойш Г.Э гэх нэг хувьцаа эзэмшигчтэй, 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш Г.Э гэх эцсийн нэг өмчлөгчтэй, 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хойш тус компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр Г.Э ажиллаж байгаа ажээ. /1 дүгээр с.х-ийн 64-65 тал/

Иймд “А” ХХК, “М” ХХК-ийн өргөдлүүдэд дурдагдсан “...Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч шүүгч Н.Б...” гэсэн нь үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй.

2. Илтгэгч гишүүн нь “А” ХХК-ийн өргөдлөөр үүсгэсэн сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад ХКХХшүүгч Н.Б-г Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ” гэж заасныг зөрчсөн байж болзошгүй хэмээн үзэж гишүүний 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1...9 дүгээр захирамжаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэгт зааснаар санаачилгаараа сахилгын хэрэг үүсгэжээ. /5 дугаар с.х-ийн 177-178 тал/

Хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Б-ийн мэдүүлэг, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0...3 дугаар албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 0...5 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн дүгнэлт зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна. /5 дугаар с.х-ийн 181-184, 194, 6 дугаар с.х-ийн 191 тал/

Мөн илтгэгч гишүүний 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ГЗБ/2023/...2 дугаар захирамжаар “...шүүгч Н.Б-ийн Хаан банкны 5.....1 дүгээр дансаар 2021 оны 7 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд 105.000.000 төгрөгөөс их хэмжээний мөнгөн дүн бүхий орлого болон зарлагын гүйлээ нь хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрчлөлт оруулан мэдүүлэх Авлигын эсрэг хуулийн зохицуулалтад хамаарах эсэх, мөн хуулийн заалтыг зөрчсөн зөрчил байгаа эсэхэд дүгнэлт гаргуулахаар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилжээ. /6 дугаар с.х-ийн 158-160 тал/

Тухайн захирамжид холбогдох шүүгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасныг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн гомдол шийдвэрлэх хуралдаанаар хэлэлцэн, СХТ/2023/...0 дугаар тогтоолоор “шүүгч Н.Б-ийн Хаан банкны 5.....1 дүгээр дансаар 2021 оны 7 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд хэдэн төгрөгийн гүйлгээ хийгдсэн болох, үүнээс хэд нь шүүгчийн өөрийнх нь болон гэр бүлийн гишүүдийн орлогод эсхүл дамжин хийгдэн гүйлгээнд хамаарах, мөн хугацаанд их хэмжээний өөрчлөлт гарсан эсэх, гарсан бол тухайн үед нь мэдүүлсэн эсэхийг тогтоож, дүгнэлт гаргаж ирүүлэх” болгон өөрчилсөн байна. /6 дугаар с.х-ийн 176, 185-187 тал/

Илтгэгч гишүүн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар бүрэн эрхийн хүрээнд тусгай мэдлэг бүхий Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилсон байх ба тухайн шинжээч нь мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дах хэсэгт “шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэж зааснаар хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээн холбогдох дүгнэлтийг гаргах байжээ.

Тодруулбал Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дах хэсэгт “энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээд нь шинжээчээр томилогдсон тохиолдолд хуульд заасан шинжээчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна”, 8.2.3-т “төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн” гэж зааснаар шинжээчийн хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь гишүүний 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ГЗБ/2023/...2 дугаар захирамж, Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн СХТ/2023/...0 дугаар тогтоолын дагуу 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 0...5 дугаар албан бичгээр ...шүүхийн шүүгч Н.Б-ийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэгт холбогдох шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлын талаарх танилцуулгын холбогдох хэсгийг хуулбарлан хүргүүлэв...” гээд дүгнэлт хавсарган ирүүлсэн байна. /6 дугаар с.х-ийн 191-193 тал/

 Гэхдээ Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0...4 дүгээр албан бичигт “...тухайн байгууллагын эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэхээр санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулах, шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах зэрэг ажиллагаа хийгдээгүй байна” гэснээс үзэхэд илтгэгч гишүүн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3 дах хэсэгт заасан холбогдох ажиллагааг хийлгүйгээр дүгнэлт гаргуулсан байна. /6 дугаар с.х-ийн 208 тал/

Дээр дурдсан Авлигатай тэмцэх газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 0...5 дугаар албан бичигт хавсарган  ирүүлсэн тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10.8 дах хэсэгт “энэ зүйлд заасан журмыг зөрчиж шинжээч томилохыг хориглоно” гэж заасанд хамаарч байна. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “илтгэгч гишүүн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй”, 106.8 дах хэсэгт “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан.

Шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн Авлигатай тэмцэх газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 0...5 дугаар албан бичгээр ирүүлсэн тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дүгнэлтийг үнэлэх боломжгүй бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Б, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0...3 дугаар “...шүүгч Н.Б нь 2020, 2021 онд хамаарах мэдүүлгээ мэдүүлсэн байх ба хөрөнгө орлогын хэмжээ нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар өөрчлөгдсөн тухай мэдүүлсэн мэдээллийг... хүргүүлсэн...” гэх албан бичгийг дангаар нь үнэлэгдэх боломжгүй гэж үзлээ.

Иймд илтгэгч гишүүний “...шүүгч Н.Б-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан үүрэгжүүлсэн зохицуулалтыг биелүүлээгүй буюу хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлээгүй, зөрүүтэй мэдүүлсэн зөрчил гаргасанд буруутгах нөхцөл байдал бүрдээгүй” гэснийг хүлээн авах үндэслэлтэй байна. /6 дугаар с.х-ийн 209-227 тал/

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт “сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна”, 57 дугаар зүйлийн 57.1.9-д “энэ хуулийн ...50.1.11,...-д заасан зөрчилд шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, эсхүл огцруулах” гэж тус тус заасан.

Шүүгч Н.Б нь “Т” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцдоггүй гэх боловч өөрийн эзэмшлийн дансыг ашиглуулсныг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзнэ.

Гэвч шүүгч Н.Б нь Сахилгын хороонд бичгээр гаргасан хариу тайлбар болон хуралдаанд хэлсэн тайлбартаа өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа ухамсарласан болон түүний ахуй амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.9-д заасныг баримтлан шүүгч Н.Б-д “шүүгчийн бүрэн эрхийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах” сахилгын шийтгэл оногдуулахаар бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.11, 57 дугаар зүйлийн 57.1.9-д заасныг баримтлан ...шүүхийн шүүгч Н.Б-д “шүүгчийн бүрэн эрхийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах” сахилгын шийтгэл оногдуулсугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

         ДАРГАЛАГЧ                         Д.ЭРДЭНЭЧУЛУУН

                  ГИШҮҮД                           Д.АРИУНТУЯА

                                                  Б.СУГАР