info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-02-28

Дугаар 24

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Б.Сугар  нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ГС/2024/0022 дугаартай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Илтгэгч гишүүний саналд: “... дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Д.М , хяналтын прокурор Г.Я нараас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 141 дүгээр “Яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” прокурорын санал /с.х-ийн 32-33 дахь тал/-ыг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шүүхийн зөвшөөрлөөр шийдвэрлэх асуудлыг хариуцсан шүүгч Ц.А-с  гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтийг Ерөнхий шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ЕШЗ/1823 дугаар захирамжаар хүлээн авсан тул шүүгч Г.М  мөн өдрийн 2678 дугаар захирамжаар яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг хэлэлцэх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгдэнэ.” гэж заасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 19.00 цагт товложээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Г.М  даргалан, прокурорын саналыг хянан хэлэлцээд шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ЦХШЗ/228 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд прокурорт гардуулсан захирамжийн хувийн удиртгал хэсэгт “...шүүгч Ц.А  би даргалж” гэж, харин төгсгөлд нь “ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М ” гээд гарын үсгээ зурсан байна. Шалгах ажиллагааны хүрээнд шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ЦХШЗ/228 дугаар тэмдэглэл /с.х-ийн 39-40 дэх тал/, прокурорын саналыг хянан хэлэлцсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /с.х-ийн 48-50 дахь тал/, гэрч С.Б-н “...Шүүгчийн татгалзлыг Ерөнхий шүүгч хүлээн авсан, саналыг шүүгч Г.М-д өгөөрэй гэж хэлсэн. Шүүгч Г.М-д 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 17 цаг 15 минутад өгсөн. Хуралдааныг 19.00 цагт оруулсан. Хуралдаанд шүүгч Г.М  даргалаад ... дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Д.М , хяналтын прокурор Г.Я нар оролцсон...” гэх мэдүүлэг /с.х-ийн 19-20 дахь тал/ зэргээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Г.М  даргалан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 19.05 цагт эхлүүлсэн бөгөөд хэлэлцүүлэгт прокурор Д.М , Г.Я нар биечлэн оролцсон болох нь тогтоогдож байх тул өргөдөлд дурдсан “...Шүүгч Г.М  нь захирамжаа хоёр өөр шүүгчийн нэрээр бичиж гарган оролцогч нарт гардуулсан үйл явц нь хэргийн оролцогч нарыг төөрөгдүүлсэн, хэн шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй...” гэж дурдсан нь үндэслэлгүй байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.38-д “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх, нийтэд мэдээлэх;” гэж шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хэргийн талаар шүүгч хоёрдмол салаа утгатай, тээнэгэлзэх бодол төрүүлэх агуулгатай ойлголтыг “нийтэд” мэдээлэх буюу гадагш чиглэсэн байх үр дагавар шаарддаг бөгөөд тухайн хэрэг, маргааны шийдвэрлэлтийн талаар ямар ойлголтыг, хэнд мэдээлснээс хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тодорхойлохоор хуульчилжээ. Харин шүүгч Г.М  нь яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг хэлэлцээд хүлээн авахаас татгалзсан шийдлийн талаар хэлэлцүүлэгт танилцуулснаас өөр байдлаар захирамжид бичих зэргээр агуулгын хувьд эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдлыг оролцогчдод болон оролцогч бус этгээдүүд буюу нийтэд төрүүлээгүй байх тул түүнийг сахилгын зөрчил гаргасанд тооцохгүй. Мөн гэрч С.Б-н “...Шүүгч захирамжийн үндэслэх хэсгээ бичээд буцаагаад надад өгснийг хэвлэсэн. Хэвлэж байхдаа Ц.А  гэж бичсэн байснаа олж хараад шүүгчид хэлж, Г.М  болгон засаад өнгөн хувийн захирамж болон шүүгчийн гарын үсэг зурах хэсгүүдтэй хамт авч ороод гарын үсэг зуруулсан. Үүний дараа шүүгч Ц.А  гэж бичсэн захирамжийн нүүрийг шүүгч Г.М  гэж зассан захирамжийн нүүрээр сольж үдэж байх хугацаанд мөрдөгч, прокурор нь дагаж яваад, Тамгын газрын дарга болон Шүүхийн ерөнхий зөвлөл, хэвлэл мэдээлэл гээд олон талаас зэрэг залгаад, ялангуяа хуралд орсон прокурорууд нь байн байн орж ирж яаруулаад, мөн тус дүүргийн Прокурорын газраас залгаад тайван ажил хийх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. Энэ үед л өмнө нь Ц.А  шүүгч гэж хэвлэсэн захирамжийн нүүр хэсгийг анзааралгүй үдсэн байх...” гэх мэдүүлэг, шүүгчийн захирамжийн архивд хадгалагдаж байгаа өнгөн хувьд үзлэг хийсэн тэмдэглэл /с.х-ийн 11 дэх тал/ зэргээс үзэхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дууссаны дараа шүүгчийн захирамжийг боловсруулан албажуулах үед хэргийн оролцогч болон бусад этгээдүүдээс яаруулж, захирамжийг нягтлан шалгах боломж олгоогүй зэрэг нөхцөл байдал үүссэн нь тогтоогдож байна. Дээрх шалтгааны улмаас шүүгчийн туслах нь шүүгчийн нэрийг зөрүүтэй бичсэн захирамжийн нүүрийг анзааралгүй  үдсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул энэ үндэслэлээр шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэхгүй. Иймд, өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчилд хамаарахгүй байх тул ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Шүүгч Г.М  Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “... 2023 онд ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шүүхийн зөвшөөрлөөр шийдвэрлэх асуудлыг хариуцсан шүүгчээр Ц.А түр эзгүйд орлон ажиллах шүүгчээр Г.М  миний бие ажилладаг байсан. Яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг ... дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос тус шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр /Баасан гараг/ ирүүлсэн. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шүүхийн зөвшөөрлөөр шийдвэрлэх асуудлыг хариуцсан шүүгч Ц.А-с  гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтийг Ерөнхий шүүгч хүлээн авсан байсан тул шүүгч Ц.А- ын туслах С.Б- аас прокурорын саналыг, хэргийн хамт танилцуулсан. Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгдэнэ.” гэж заасны дагуу шүүхийн хэлэлцүүлгийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 19 цагт товлож, прокурорын саналыг хянан шийдвэрлэсэн. Туслах С.Б-аас шүүхээс гаргасан захирамжуудад /таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой шүүгчийн захирамж нь төрлөөсөө хамаарч 5-8 хувь гардаг ба тухайн захирамж нь 5 хуудастай, 5 хувь гарсан/ гарын үсэг зуруулахаар мөн өдрийн 21 цагийн орчим оруулж ирсэн ба өнгөн хувийн захирамжийг хянаж гарын үсэг зураад, үлдсэн захирамжуудын арын нүүрэнд мөн гарын үсгээ зурсан. 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажилдаа ирэхэд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүгчийн захирамжид прокуророос тэр өдрөө Ерөнхий шүүгчид гомдол гаргасан, шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт шүүгчийн нэр зөрүүтэй бичигдсэн байсан гэх нөхцөл байдлыг олж мэдсэн. Үүний дагуу шүүгчийн туслах С.Б -аас шүүгчийн захирамжид шүүгчийн нэр зөрүүтэй гарсан эсэх талаар тодруулахад “...Захирамжийн төсөл бэлдэхдээ Ц.А  шүүгчээр бичиж хэвшсэн учир Ц.А  шүүгч гэж эхний нүүрэнд бичигдсэн байсан, хэвлэж хараад зөрүүтэй бичигдсэн тул дахин захирамжийн эхний хуудсыг сольж таны нэрийг бичээд дахин хэвлэсэн. Захирамжийн нүүр хэсгийг олон дахин хэвлэсэн ба мөрдөгч прокуророос захирамжаа хурдан авъя, гомдол гаргана гэж байнга шамдуулж байсан тул захирамжуудыг үдэхдээ заримыг нь зөрүүлээд үдсэн байна лээ. Зөрүүтэй үдэгдсэн захирамжийг прокурорт гардуулж өгсөн байна ..' гэсэн. ... дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Д.М , хяналтын прокурор Г.Я нар өргөдөлдөө ‘... шүүхийн нэгдсэн бүртгэлд захирамжийн хадгалагдсан хувийг засварлаж. шүүгч Ц.А  гэдгийг  Г.М  болгон зөвтгөж сольж хадгалсан боловч оролцогч нарт хууль ёсны дагуу гардуулаагүй үйлдэл нь шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарч байгаа үйлдэл гэж үзэж байна..." гэжээ. Гэвч өргөдөлд дурдсан шиг шүүхийн өнгөн хувьд захирамжийг сольж хадгалаагүй, харин зөрүүтэй үдэгдсэн захирамжийг прокурорт гардуулсан. Нэгэнт прокуророос Ерөнхий шүүгчид гаргасан гомдолдоо шүүгчийн нэр зөрүүтэй бичигдсэн талаар дурдсан гэсэн тул прокурорт шүүгчийн захирамжийг дахин гардуулаагүй болно. Өргөдөлд “... Шүүгч Г.М  нь захирамжаа хоёр өөр шүүгчийн нэрээр бичиж гарган оролцогч нарт гардуулсан үйл явц нь хэргийн оролцогч нарыг төөрөгдүүлсэн, хэн шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй...” гэжээ. Гэвч өргөдөл гаргасан ... дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Д.М , хяналтын прокурор Г.Я нар нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт биечлэн оролцсон, шүүгч Г.М  миний бие шүүхийн хэлэлцүүлгийг даргалж явуулсан болох нь илэрхий тодорхой, шүүхийн хэлэлцүүлэг нь дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулагдсан тул хэргийн оролцогч нарыг төөрөгдүүлсэн, хэн шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй гэж үзэх боломжгүй. Мөн өргөдөлд “... Шүүгч Г.М  нь захирамжаа хоёр өөр шүүгчийн нэрээр бичиж гарган оролцогч нарт гардуулсан үйл явц нь хэргийн оролцогч нарыг төөрөгдүүлсэн, хэн шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй буюу шүүхийн шийдвэр ойлгомжтой тодорхой байх хуулийн шаардлага хангагдаагүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох зүйл заалтын 50.1.38 дахь заалтад заасан “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх нийтэд мэдээлэх” заалтыг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 50.1.23 дахь хэсэгт зааснаар "хуулийн илт тодорхой илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах" зэрэг хуулийн заалтуудыг зөрчиж...” гэжээ. Шүүгчийн нэр зөрүүтэй бичигдэж, андууран үдэгдсэн захирамжийг прокурорт гардуулсан нь техникийн шинжтэй алдаа болохоос шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой байх хуулийн шаардлага хангагдаагүй гэж үзэх боломжгүй. Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.38 дахь заалтад “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх, нийтэд мэдээлэх” гэж заасан. Дээрх заалтаас үзвэл шүүгч нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг өөр байдлаар тайлбарлах, мушгин гуйвуулах зэргээр эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусад этгээдэд өгөх, эсхүл нийтэд мэдээлэх үйлдэл хийсэн байхыг шаардаж байна. Гэтэл миний бие нь Н.О-д  холбогдох таслан сэргийлэх арга хэмжээний шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн шийдвэрийн талаар хэн нэгэн бусад этгээдэд мэдээлэл өгөөгүй, нийтэд мэдээлээгүй болно. Мөн шүүгчийн нэр зөрүүтэй бичигдэж, андууран үдэгдсэн захирамжийг прокурорт гардуулсан нь “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх, нийтэд мэдээлэх” үйлдэл хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Нөгөө талаар өргөдөл гаргагч ... дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Д.М , хяналтын прокурор Г.Я нар нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүгчийн захирамжид Ерөнхий шүүгчид гомдол гаргасан нь шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болоогүй болохыг илтгэнэ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан. Гэвч өргөдөлд ямар хуулийн ямар заалтыг хэрхэн ноцтой зөрчсөн талаар тодорхой дурдаагүй байна. Түүнчлэн дээр дурдсанчлан шүүгчийн нэр зөрүүтэй бичигдэж, андууран үдэгдсэн захирамжийг прокурорт гардуулсан техникийн шинжтэй алдаа нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна. Яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг шүүх 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 17 цаг 15 минутад хүлээн авч, мөн өдрөө 19 цагт шүүхийн хэлэлцүүлгийг явуулж, шүүхийн хэлэлцүүлэгт өргөдөл гаргагч ... дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Д.М , хяналтын прокурор Г.Я нар  биечлэн оролцож, захирамжийг гардан авсан даруйдаа ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Г.М  миний бие шүүгчийн захирамжийг хянаж гарын үсэг зурж, шүүгчийн туслах прокурорт захирамжийг гардуулсан боловч шүүгчийн туслах С.Б  нь захирамжийн төсөл бэлдэхдээ Ц.А шүүгчээр бичиж хэвшсэнээс шалтгаалж захирамжийн нүүр хэсгийг олон дахин хэвлэж, захирамжуудыг үдэхдээ заримыг нь зөрүүлж үдсэн, ийнхүү зөрүүлж үдсэн захирамжийг прокурорт гардуулсан техникийн алдаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.38, 50.1.23 дахь заалтад заасан зөрчилд хамаарахгүй гэж үзэж энэхүү хариу тайлбарыг гаргаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

... дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Д.М , хяналтын прокурор Г.Я нараас ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М-д холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдийн ГЗҮ/2024/0002 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Нийслэлийн ... дүүргийн прокурорын газрын орлогч Д.М , хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор Г.Я нараас эрүүгийн 2311022751652 дугаартай хэргийн “яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” 141 дүгээр саналыг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгчдийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу шүүгч Ц.А -д хуваарилагджээ.

Шүүгч Ц.А  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах гарах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ЕШЗ/1823 дугаар захирамжаар татгалзлыг хүлээн авч, улмаар тус шүүхийн шүүгч Г.М-д хуваарилагдан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд 2023/ЦХШЗ/228 дугаар захирамжаар прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Дээрх захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.М , Г.Я нар гомдол гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1829 дугаартай захирамжаар шүүгчийн 2023/ЦХШЗ/228 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурорын гомдлыг хангасан байна.

Өргөдөл гаргагчаас: “ ... шүүгч Г.М  нь захирамжаа хоёр өөр шүүгчийн нэрээр бичиж гарган оролцогч нарт гардуулсан үйл явц нь хэргийн оролцогч нарыг төөрөгдүүлсэн, хэн шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй буюу шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой байх хуулийн шаардлага хангагдаагүй” гэх үндэслэлээр өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д шүүхийн шийдвэрт шийдвэр гаргасан шүүгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, гарын үсгийг тусгана гэж заасан.

Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шийдвэр гаргасан шүүгчийн нэрийг буруу бичсэн үйл баримт сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад тогтоогдож байна. Тодруулбал,

Шүүгч Г.М-ын даргалж шийдвэрлэсэн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ЦХШЗ/228 дугаар шүүгчийн захирамжийн хувийг прокурорт мөн өдөр гардуулсан байх бөгөөд прокурорын гардаж авсан захирамжийн удиртгал хэсэгт “... шүүгч Ц.А  би даргалж” гэж бичигджээ. 

Гэрч С.Б : “... шүүгч захирамжийн үндэслэх хэсгээ бичээд буцаагаад надад өгснийг хэвлэсэн. Хэвлэж байхдаа харахад Ц.А  гэж бичсэн байснаа олж хараад шүүгчид хэлээд засаад өнгөн хувийн захирамж болон шүүгчийн гарын үсэг зурах хэсгүүдтэй хамт авч ороод гарын үсэг зуруулсан, ... шүүгч Ц.А  гэж бичсэн захирамжийн нүүрийг шүүгч Г.М  гэж зассан захирамжийн нүүрээр сольж үдсэн, ... энэ үед л өмнө нь Ц.А  шүүгч гэж хэвлэсэн захирамжийн нүүр хэсгийг анзааралгүй үдсэн байна” гэх мэдүүлэг,

холбогдох шүүгч тайлбартаа “...ттуслах С.Б-аас шүүхээс гаргасан захирамжуудад /таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой шүүгчийн захирамж нь төрлөөсөө хамаарч 5-8 хувь гардаг ба тухайн захирамж нь 5 хуудастай, 5 хувь гарсан/ гарын үсэг зуруулахаар мөн өдрийн 21 цагийн орчим оруулж ирсэн ба өнгөн хувийн захирамжийг хянаж гарын үсэг зураад, үлдсэн захирамжуудын арын нүүрэнд мөн гарын үсгээ зурсан” гэжээ.

Үүнээс үзэхэд шүүгч Г.М  нь захирамжийн үндэслэлээ бичиж, хянаад гарын үсэг зурсан байна.

Илтгэгч гишүүн, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ЦХШЗ/228 дугаартай шүүгчийн захирамжийн архивд хадгалагдаж байгаа эх хувьд үзлэг хийсэн байх ба тус үзлэгийн тэмдэглэлд шийдвэр гаргасан шүүгчийн нэр зөв тусгагдсан байна.

Эдгээр баримтуудыг дүгнэвэл прокурорт гардуулсан захирамжийн хувийн удиртгал хэсэгт “... шүүгч Ц.А  би даргалж” гэж шүүгчийн нэр буруу бичигдсэн. Үүнийг техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр байна.

Мөн илтгэгч гишүүний шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглээс үзэхэд тухайн шүүх хуралдааныг шүүгч Г.М  даргалж, прокурор Д.М , Г.Я нар биечлэн оролцсон нь тогтоогдож байх тул хэргийн оролцогчдыг төөрөгдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр шийдвэрийн удиртгал хэсэгт шийдвэр гаргасан шүүгчийн нэрийг буруу бичсэн техникийн шинжтэй алдааг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг шүүгч зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч,  ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2024/0022 дугаар саналыг хүлээн авч, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                ДАРГАЛАГЧ                             Д.МЯГМАРЦЭРЭН

                 ГИШҮҮН                                            Ц.ДАВХАРБАЯР

                                                                             Б.СУГАР