info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-02-24

Дугаар 19

Улаанбаатар хот

             Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

                      болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга А.Номин нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шүүгч Г.А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн ирүүлсэн саналдаа: 1. Т.А-ийн нэхэмжлэлтэй “Ц” ТӨХК-д холбогдох иргэний хэргийн тухайд:

Т.А нь “Ц” ТӨХК-д холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 387 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.

Ерөнхий шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 114 дүгээр захирамжаар, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Г.А-г томилж албажуулжээ.

1. Өргөдөлд “... хариуцагчийн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцуулалгүй шүүх хуралдааныг явуулснаар нэхэмжлэгч талд давуу байдлыг бий болгосон ... “ гэжээ.

Т.А-ийн нэхэмжлэлтэй “Ц” ТӨХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр 07 дугаар сарын 25-ны өдрийн 556 дугаар захирамжаар товлон, товыг талуудад мэдэгджээ.

Хариуцагч хуулийн этгээд нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01/698 дугаар албан бичгээр П.З, М.М нарт итгэмжлэл олгож, анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанд нэхэмжлэгч өмгөөлөгчийн хамт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, П.З нар оролцсон.

Хариуцагчийн төлөөлөгч П.З тухайн шүүх хуралдаанд оролцохоор 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 05 минутад шүүхэд ирсэн болох нь шүүхэд “нэвтэрсэн иргэний бүртгэл”-ийн дэвтэрт бүртгэгдсэнээр нотлогдоно.

Энэ талаар шүүгчийн туслах Б.А гэрчээр мэдүүлэхдээ “ ... Тэр өдөр хуралдаан эхлэхийн өмнө Г.А шүүгч орж ирээд хариуцагчийн төлөөлөгч нь хэргийн материалтай танилцаагүй байгаа, танилцуулж байж оруулна шүү гэсэн. ... З төлөөлөгч яг хурал эхлэх гэж байхад шүүхийн үүдээр орж ирсэн. Хэргийн бүх оролцогчид ирсэн танхимд хүлээж байсан. Хурлын цагаас 15 минут хойшлуулж байж, хэргийн материалтай танилцсан ... ” гэжээ.

Шүүх хуралдаан товлосон цагаас хоцорч 13 минутын дараа буюу 10 цаг 18 минутад эхэлсэн нь тэмдэглэлд тусгагдсан, энэ байдал шүүгчийн туслахын гэрчийн мэдүүлэгтэй нийцэж байх тул шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагчийн төлөөлөгчид хэргийн материал танилцуулсан гэж үзэхээр байна.

Шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн 0:42:58-0:43:04 дахь хэсэгт хариуцагчийн төлөөлөгч П.З: Шүүгчээс юм асууя. Би хэргийн материалтай танилцаагүй байгаа гэв. 0:43:06-0:43:13 дахь хэсэгт даргалагчаас: Хэргийн материал танилцах нь таны эрхийн асуудал, танилцсан байсан биз дээ гэхэд 0:43:15-0:43:20 дахь хэсэгт хариуцагчийн төлөөлөгч П.З: Ээлжийн амралттай байж байгаад өнөөдөр ажилдаа орж ирээд шууд хуралд оролцож байгаа гэв. 0:43:21-0:43:23 дахь хэсэгт даргалагчаас: Асуултад хариулъя гэхэд 0:43:25-0:44:15 дахь хэсэгт хариуцагчийн төлөөлөгч П.Заас: Хэргийн материалаас хөдөлмөрийн гэрээг харах гэсэн юм гэхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хэргийг аваачиж өгч байгаа нь  тусгагджээ.

Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг болон шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, хариуцагчийн төлөөлөгч П.З нь материалтай танилцах тухай хүсэлтийг хуралдаанд албан ёсоор гаргаагүй, хэргийн материалтай танилцаагүй шалтгаанаа “ээлжийн амралттай байж байгаад сая ажилдаа орсон хэргийн материал танилцаагүй ... ” гэж тайлбарлажээ.

Ээлжийн амралт эдлэх нь Хөдөлмөрийн тухай хуулиар олгосон ажилтны үндсэн эрх ч хариуцагч нэг байгууллагыг төлөөлж буй хэд хэдэн этгээдийн нэг нь ээлжийн амралт эдэлж байгаа нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулахад саад болохгүй юм.

Хариуцагчийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 132 дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгч П.З-т хэргийн материал танилцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэж оролцогчийн эрхийг ноцтой зөрсөн гэх үндэслэлийг дурдсан байна.

Давж заалдах шатны шүүх “ ... хянан шийдвэрлэх ажиллагаанд 2 төлөөлөгч хамтран оролцох талаар ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй, ... хариуцагч байгууллага өөрийгөө хэд хэдэн этгээдээр төлөөлүүлэх эрхтэй, шүүхээс төлөөлөн оролцож байгаа этгээдүүдийн хэн нэгэнд гомдлын шаардлагын хувийг гардуулах, эрх үүрэг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, шүүх хуралдааны товыг мэдэгдэх, хэргийн материал танилцуулах үүрэгтэй боловч төлөөлөн оролцож буй этгээд нэг бүрд дээрх ажиллагааг явуулах үүрэг хүлээгээгүй ... тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй ... ” гэж дүгнэжээ.

Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 6.2.4-т “ ... шүүгчийн туслах ... шүүх хуралдааны товыг мэдэгдэж, хэргийн материал танилцуулна” гэж зааснаар хэргийн материалыг танилцуулах, холбогдох баримтыг хөтлөх үүрэг нь шүүгчийн туслахын албан үүрэгт хамаарах тул үүнд шүүгчийг буруутгах боломжгүй.

Хэргийн оролцогч хэргийн материалтай танилцах эрхтэй, эрхээ хэрэгжүүлэх нь тэдгээрт нээлттэй байдаг. Шүүх хуралдаан 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр товлогдсоноос хойш хуралдах хүртэх хугацаанд хэргийн материалтай танилцах боломж байсаар байтал тухайн өдөр танилцах, мөн танилцуулаагүй гэх нь үндэслэлгүй.

Иймд шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” зөрчил гаргасан гэж буруутгах үндэслэлгүй.

2. Өргөдөлд, “ ... шүүгчийн туслах Б.А-т албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 15 минут хэргийн материалтай танилцуулсан гэх тайлбарыг бичүүлсэн. ... шүүгчийн туслахын тайлбар гэх баримт нь процессын хууль болон эрх бүхий байгууллагаас баталсан загварт огтоос байхгүй ... ” гэжээ.

Шүүгчийн туслах Б.А-ын “ ... шүүх хуралдаан эхлэх гэж байхад ... 10 цаг 00 минутад танилцуулж түүнд хандах шүүх хуралдаан эхлэх цаг нэлээн явсан байна, та болж байна уу гэхэд үг хэлэлгүй хэргийн материалыг надад өгсөн. ... Миний бие хэргийн материал танилцуулсан баримт дээр гарын үсэг зуруулахаа мартаж шүүх хуралдааныг эхлүүлсэн. Шүүх хуралдаан завсарлахад шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар дамжуулан “та хэргийн материал танилцсан баримт дээр гарын үсэг зурна уу” гэж хэлүүлэхэд би хэргийн материалтай танилцаагүй зурахгүй гэж хэлээд гарын үсгээ зураагүй ... ” гэх тайлбар хэрэгт хавсаргагджээ.

Мөн түүнээс шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг авахад “ ... Хурал эхлэх гээд би сандраад, хэргийн материал танилцуулсан баримт дээр гарын үсэг зуруулаагүй хуралд оруулсан байсан. Үүнийгээ би хуралдааны дундуур санасан. Дараа нь хурал завсарламагц шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар дамжуулан баримтаа өгсөн. Тэгтэл гарын үсэг зураагүй байсан. Нарийн бичгийн даргаас асуухад би гарын үсэг зурахгүй гэж хэлсэн гэж надад хэлсэн. Дараа нь шүүгч “би чамд хэлсэн биз дээ, зуруулахгүй яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд үүнтэй холбоотой би тэмдэглэл бичиж хэрэгт хавсаргасан. Танилцуулсан баримт дээр гарын үсэг зуруулах гэхээр зурж өгөөгүй тул хэрэгтэй танилцуулсан гэх агуулгатай зүйл бичсэн. ... Би гарын үсэг зуруулах байсан баримтад гарын үсэг зуруулаагүй тул тэмдэглэл бичсэн. ... Тайлбар бичиж болно. Жишээлбэл, хэргийн оролцогчдод хуралдааны тов мэдэгдэхэд тайлбар бичих тохиолдол байдаг. ... Миний үйлдэл буруу биш,  би хууль зөрчсөн зүйл хийгээгүй. Хэргийн материал танилцуулсан гэдгээ нотлохын тулд тэмдэглэл үйлдсэн. Үүнийг хууль зөрчсөн гэж бодохгүй байна ... “ гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад ажиллагааны үед шүүгч, эсвэл түүний даалгаснаар шүүгчийн туслахыг тайлбар үйлдэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т “Тэмдэглэлийг шүүх хуралдааны үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад ажиллагааны үед шүүгч, түүний даалгаснаар шүүгчийн туслах үйлдэнэ” гэж зохицуулсан байдаг.

Энэ заалтыг Улсын дээд шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбарт “ ... хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад ажиллагааны тэмдэглэлийг уг ажиллагааг явуулж байгаа шүүгч үйлдэнэ. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад ажиллагааг явуулж байгаа шүүгчийн даалгаснаар шүүгчийн туслах үйлдэж болно.” гэж тайлбарлажээ.

Холбогдох шүүгчээс энэ талаар тодруулахад “ ... Асуулт: Б.А-т саяын ярьсан хэргийн материал танилцсан эсэх талаарх асуудлаар тэмдэглэл үйлдэж хэрэгт хий гэж үүрэг даалгавар өгсөн үү гэхэд Хариулт: Тэгж хэлээгүй ээ. Яагаад танилцуулаагүй вэ гэж асуусан гэв. Асуулт: Тухайн үед шүүгчийн туслах тэмдэглэл үйлдсэнийг мэдсэн үү гэхэд Хариулт: Хэрэг шийдэгдсэний дараа Ариунбаяр надад “хэрэгтэй танилцаад гарын үсэг зураагүй байсан тул би тэмдэглэл үйлдээд хэрэгт нь хийсэн” гэж хэлсэн. Ингэж хэлснээр л мэдсэн гэв. Асуулт: Шүүгчийн туслахаас хэрэгт тэмдэглэл үйлдэж хийх тохиолдол байдаг уу гэхэд Хариулт: Байдаг ... ” гэж тайлбарласан.

Шүүгчийн зүгээс туслах Б.А-ыг тайлбар үйлдэж хэрэгт хавсарга гэх үүрэг даалгаврыг өгөөгүй талаар шүүгч болон шүүгчийн туслах тайлбартаа дурдсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх баримтын загварын жагсаалтад шүүгчийн туслах тайлбар бичих талаар тухайлан заагаагүй, тайлбар бичих баримтын загварыг боловсруулаагүй боловч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлд заасан шүүгчийн туслахын чиг үүргийн хүрээнд буюу 89.3.5-д “хэргийг ... хөтлөх”, 89.3.10-т “хуульд заасан бусад” чиг үүргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах үйл баримтад холбогдуулж тайлбар бичсэн туслахын үйлдэлд шүүгчийг буруутгах үндэслэлгүй.

Иймд шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35-д “шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх”-ийг хориглоно гэх заалтуудыг зөрчсөн ... “ гэж үзэх үндэслэлгүй.

2. Б.Э-ийн нэхэмжлэлтэй “Ц” ТӨХК-д холбогдох иргэний хэргийн тухайд:

Б.Э “Ц” ТӨХК-д холбогдуулан 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргаж, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 503 дугаар захирамжаар шүүгч А.Н иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаад, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 244 дүгээр шийдвэрээр хэргийг шийдвэрлэн, ...давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 43 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасны дараа тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 113 дугаар захирамжаар шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Г.А-г томилон албажуулжээ.

Өргөдөлд, “ ... хариуцагчийн зүгээс ... Г.Г-ээс гэрчийн мэдүүлэг авхуулах, Г.Г-ийн гар утсанд үзлэг хийлгэх хүсэлтүүдийг гаргахад ... 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 000/Ш32023/00814 дугаартай шүүгчийн захирамжаар ... хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, илт үндэслэл муутай захирамжийг гаргасан. ... хариуцагчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хэсгийг хүчингүй болгуулах хүсэлтийг гаргасан боловч шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 000/Ш32023/00865 дугаар захирамжаар дахин ... хангахаас татгалзсанд гомдолтой байна ... ” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч “ ...Г.Г-ээс гэрчийн мэдүүлэг авхуулах, Г.Г-ийн ... утаснаас нэхэмжлэгч Б.Э-ийн ... утастай харилцсан цахим зурваст үзлэг хийлгэн бэхжүүлэх ... ” тухай хүсэлтийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргажээ.

Хэргийг хэлэлцсэн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан нээж, ирц шалган, татгалзал байгаа эсэхийг тодруулахад, нэхэмжлэгч Б.Э шүүгчийг татгалзах хүсэлт гаргасан тул хүсэлт хэлэлцээгүй, татгалзлыг шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулсан, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Б.Э-ийн татгалзлыг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, хариуцагч талын өмнө гаргасан гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг тус тус 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд, шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 814 дүгээр захирамжаар “ ... давж заалдах шатны шүүхээс ... хэрэг шүүхэд ирснээс хойш хангалттай хугацаа өнгөрсөн. Талууд шүүх хуралдааны шатанд нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргаж байгааг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх боломжгүй тул зохигчийн хүсэлтийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж ... ” шийдвэрлэжээ.

Хариуцагч талын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасныг баримтлан,  шүүх хуралдааны үед гаргасан гэж үзэж дүгнэн хэрэгсэхгүй болгосныг хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Уг зөрчил ноцтой буюу удаа дараа байж хуулийн зохицуулалтын шаардлага хангагдана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар, хөдөлмөрийн харилцааны маргааны нэг тал болох хариуцагч байгууллага нь өөрийн татгалзлаа нотлох үүрэгтэй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус хариуцагч байгууллагад ажиллах ажилтныг гэрчээр оролцуулахад зайлшгүй шүүхийн журмаар гэрчийн тайлбар авхуулах шалтгаан нь тодорхой бус байх тул хариуцагчийн эрх ашиг хөндөгдсөн, зөрчигдсөн гэж үзэх, “ноцтой” гэх үндэслэл үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, тухайн гэрчийн тайлбар шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанд авчраад оролцуулах боломж нээлттэй байдаг.

Хариуцагч, шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 814 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасныг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 865 дугаар захирамжаар “ ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл түүнийг хүлээн авч шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж заасан байх ба Улсын Дээд шүүхийн тайлбарт хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь хэргийн зохигчоос гаргасан санал нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүх хуралдааныг хойшлуулах зайлшгүй нөхцөл болсон үндэслэл гэж ойлгоно” гэх үндэслэлээр тус хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Үүнийг шүүгч “ ... Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гарсны дараа хариуцагч талаас гэрч асуулгах, үзлэг хийлгүүлэх хүсэлтийг гаргасан, иргэний хэрэг үүсгэснээс хойш хангалттай хугацаа өнгөрөөд байхад тайлбар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны шатанд хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна ...” гэж тайлбарлажээ.

Улсын дээд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэх заалтын “илт үндэслэл муутай” гэдгийг шүүгч, хэргийн оролцогч, өөр хэн ч үзсэн бодит үнэнд нийцээгүй, үг, үсэг, тоо, тооцооны алдаатай зэрэг байдлыг ойлгож болно” гэж тайлбарлажээ.

Иймд хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хэргийн бодит байдал, талуудын тайлбарт үндэслэн захирамжийн үндэслэх хэсэгт хүсэлтийг хангахгүй байх үндэслэлээ дурдаж бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн шүүгчийг илт үндэслэл муутай захирамж гаргаж, хэргийн оролцогч нарын эрхийг ноцтой зөрчсөн гэж буруутгах боломжгүй.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

3. Ж.Н-ын нэхэмжлэлтэй “Ц” ТӨХК-д холбогдох иргэний хэргийн тухайд:

Ж.Н “Ц” ТӨХК-д холбогдуулан 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, дахин гаргасан нэхэмжлэлд 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 605 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, Ерөнхий шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 194 дүгээр захирамжаар даргалагч шүүгчээр шүүгч А.Н-г томилсон шийдвэрийг албажуулжээ.

Өргөдөлд “...Ж.Н-ын нэхэмжлэлтэй “Ц” ТӨХК-д холбогдох иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-д “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэж заасныг зөрчсөн ... ” гэжээ.

Шүүгч А.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын ерөнхийлөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 133 дугаар зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарч, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн тул шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 39 дүгээр тогтоолыг үндэслэн, Ерөнхий шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 242 дугаар захирамжаар, тус хэргийн шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Г.А томилогдсон байна.

Шүүгч Г.А нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 867 дугаар захирамжаар “ ... шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын  22-ны өдрийн 10:00 цагт товлон зарлажээ. ... хэргийн материалтай танилцах шаардлагатай ...” гээд шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10:00 минут хүртэл хойшлуулсан байна.

Аливаа хэрэг, маргааныг шийдвэрлэхэд шүүх хуралдааны бэлтгэл хангагдсан байх учиртай. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан шүүгч дараах бэлтгэл ажиллагаа явуулна”, 76.1.1-д “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох” гэж заасан байдаг.

Шүүгчийн туслах С.Ц гэрчээр мэдүүлэхдээ “ ... 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай шүүгчид хэрэг хуваарилагдахаар болсон. Хэрэг нь тэр өдрөө ирээгүй. Хэрэг нь 1 дэх өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ирсэн байх ... “ гэжээ.

Өөрөөр хэлбэл шүүгч нь хавтаст хэрэгт хангалттай нотлох баримт бүрдсэн, хэргийг хэлэлцүүлэх бүрэн боломжтой гэж үзэж шүүх хуралдаан товлодог атал  ажлын баасан гаригт хуралдаан даргалагчаар томилогдоод, ажлын даваа гаригт хүлээн авсан өөрийн хянан шийдвэрлэж байгаагүй, ямар ажиллагаа хийгдсэнийг мэдэхгүй хэргийн шүүх хуралдааныг хойшлуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Өмнө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан шүүгч тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цагт товлон зарласан, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу шүүгч Г.А-д тус хэргийг шилжүүлж, хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан, шүүх хуралдаан болох хүртэлх 2 хоногийн хугацааг шүүх хуралдаан явуулах бэлтгэл хангагдсан гэж үзэх хангалттай нөхцөл бүрдсэн гэх боломжгүй тул энэ нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна.

Иймд шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-д “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэснийг зөрчөөгүй байна.

2. Хуралдааны тов хойшлуулсан талаар шүүгчийн туслах С.Ц “ ... Мэдэгдсэн. 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай шүүгчид хэрэг хуваарилагдахаар болсон. Хэрэг нь тэр өдрөө ирээгүй. Хэрэг нь 1 дэх өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ирсэн байх. Тэгээд шүүгч хэргээ аваад 2023 оны 11 дүгээр сарын 22-нд хурал хийх боломжгүй юм байна. Хойшлуулъя, оролцогч нартаа мэдэгд гэсэн. Тэгээд би 11 дүгээр сарын 21-ний өдөр 22-ны өдрийн хуралдаан болохгүй талаар хэлсэн. Маргаашийн хуралдаан хойшилж байгаа, шүүгч хэргийн материалтай танилцах шаардлагатай талаар утсаар мэдэгдсэн. ... Тэмдэглэл үйлдэж болох байсан. Гэхдээ энэ талаар үйлдээгүй ... “ гэжээ.

Шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр талуудад мэдэгдсэн гэж гэрчээр өгсөн тайлбартаа мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтаар шүүх хуралдааны товыг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр талуудад утсаар мэдэгдэж, баримт №9-ийг үйлдсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т “ ... Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэж, Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 6.2.3-т “Хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг утас ...-аар мэдэгдсэн бол “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” Баримт №9, №22-г тус тус үйлдэн, хэрэгт хавсаргана. Шүүх хуралдааны товыг цахимаар болон утсаар мэдэгдсэн тохиолдолд тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан байна” гэж тус тус заажээ.

Шүүх хуралдааны товыг утсаар болон цахимаар мэдэгдсэн бол энэ талаар баримт №9, №22-ыг үйлдэж тэмдэглэл үйлдэж баталгаажуулах ёстой байтал шүүгчийн туслах зөвхөн баримт №9-ийг үйлдэж хэрэгт хавсаргасанд шүүгчийг буруутгах үндэслэлгүй, энэ нь шүүгчийн туслахын ажил үүрэгт хамаарах үйлдэл болох нь тогтоогдож байна.

Шүүхийн сахилгын хороо шүүгчийн туслах болох шүүхийн захиргааны байгууллагын ажилтны үйлдэл, ёс зүйг шалгах үүрэг хүлээгээгүй болохыг дурдах нь зүйтэй. 

Шүүх хуралдааны тов өөрчилсөн шүүгчийн захирамж нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолон гарсан, мөн өдрөө талуудад утсаар хуралдааны товыг мэдэгдсэн байх тул “ ... захирамжаар баталгаажуулаагүй байхдаа хэргийн оролцогчдод утасны мсж-ээр (утасны захиагаар тов хүргэдэггүй) мэдэгдэж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна ... ” гэх өргөдөл үндэслэлгүй.

4. А.Г-ын нэхэмжлэлтэй “Ц” ТӨХК-д холбогдох иргэний хэргийн тухайд:

А.Гаас “Ц” ТӨХК-д холбогдуулж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр, шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 489 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.

Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 146 дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Г.А-г томилон албажуулжээ.

Анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанууд өмнөх хуралдаан ажлын цаг дуусаж байхад тарсан тул ажлын бус цагаар шүүх хуралдаан хуралдах боломжгүй тул захирамжаар тус тус хойшилжээ.

Өргөдөлд, “ ... шүүх хуралдаан 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 16:30 цагаас товлон зарлагдсан ... Г.А шүүгчийн тухайн өдрийн 14:30 цагаас товлон зарласан хурал нь эхэлж үргэлжилсээр цагтаа эхлээгүй ба ... 18:04 цагт шүүх хуралдааны танхимд ороход шүүгч Г.А нь өнөөдөр нэгэнт ажлын цаг дууссан тул хурлаа хойшлуулж, товлоё гэх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх хуульд байхгүй процессын ажиллагааг явуулсан. ... Энэ талаар шүүгчид сануулж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу ажиллахыг шаардахад “хэн чамайг дуудсан юм, шүүх хуралдааны танхимаас гараад явж болно" гэсэн утга бүхий үг хэлсэн нь хуульч хүнд тэр тусмаа шүүгч хүнд баймгүй ёс зүйгүй, харилцаа хандлагын эмгэгтэй, зан төлөвийн дутагдалтай байгаагаа гаргаж гайхшируулсан. ... нэгэнт ажлын цаг дууссан тохиолдолд хэргийн оролцогчидтой уулзах болон хурлын танхимд цуглуулах шаардлагагүй, процессын хуульд зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж гарган, шүүх хуралдааны товийг тогтоож, хэргийн оролцогчдод мэдэгдэх хуудсаар мэдэгдэх үүрэгтэй ... ” гэжээ.

1. Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 30 минутад товлосон боловч тус хуралдааны өмнө Б.Э-ийн нэхэмжлэлтэй “Ц” ТӨХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан товлогдсон зарын дагуу хийсэн болох нь тус шүүхийн шүүх хуралдааны товоос харагдана.

Энэ талаар шүүгч “ ... шүүх хуралдаан 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 30 минутад товлон зарлагдсан ба Б.Э-ийн нэхэмжлэлтэй “Ц” ТӨХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан тухайн өдрийн 14 цаг 30 минутад эхэлж, 17 цаг 59 минутад дууссан байна ... ” гэжээ.

Шалгах ажиллагаагаар шүүх хуралдааны танхимын бичлэгт үзлэг хийхэд, “ ... 0:00:01-0:00:24 дахь хэсэгт шүүгч Г.А-гаас: Өмнөх шүүх хуралдаан тарахгүй ажлын цаг дуусгачихлаа. Шүүх хуралдааныг хойшлуулахаас өөр аргагүй байдалд хүрлээ. Ажлын бус цагаар шүүх хуралдааныг хийхгүй. Ийм нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүхийн зүгээс шүүх хуралдааныг маргааш хийх саналтай байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, нэхэмжлэгч талд ямар санал байна вэ, ... 0:00:48-0:00:55 дахь хэсэгт шүүгч Г.А-гаас: Шүүх хуралдааныг нээгээгүй байгаа учраас тов тогтоох дээр асууж байна, ... 00:04:42-0:04:46 дахь хэсэгт хариуцагчийн төлөөлөгч Ц.И: Шүүх хуралдаан эхлээгүй байна л даа. Гэхдээ энд хүмүүсийг оруулж ирж суулгах эрх танд байхгүй. Шүүх хуралдаан явагдаагүй бол гэв. ... 00:04:47-0:04:48 дахь хэсэгт шүүгч Г.А-гаас: Товоо тогтоох гэж асууж байна гэхэд ... 00:04:49-0:05:02 дахь хэсэгт хариуцагчийн төлөөлөгч Ц.И-аас: Товыг тогтоохдоо та Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэдэгдэх хуудсаар хэргийн оролцогч нарт хүргэ, удаа дараа та гудамжид явж байгаа юм шиг хэдэн хүн оруулж ирж суулгачихаад тов тогтоох юм уу гэв. ... 00:05:05-0:05:47 дахь хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И: Та хуульд заасан нийтлэг дэг журмыг баримтлаач ээ. Яагаад вэ гэвэл та 18 цаг өнгөрсөн байхад энэ хүмүүсийг шүүх хуралдааны танхимд оруулж ирээд товоо тогтооно гээд сууж байгаа нь өөрөө хууль зөрчөөд байна. Хэрэв шүүх хуралдаан эхлээгүй бол та энд байгаа хүмүүсийг энд суулгах эрх танд байхгүй. Та шүүх хуралдааны товыг тогтоох гэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэдэгдэх хуудсаар хуралдааны товыг хүргүүл. Тэгэхгүй бол та удаа дараа хууль зөрчөөд байна гэв. ... 00:05:48-0:06:51 дахь хэсэгт шүүгч Г.А-гаас: Шүүх хуралдаан явуулаагүй талуудын саналыг асууж байна гэхэд Шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нарт тайлбар байна уу гэхэд ... 00:05:52-0:06:17 дахь хэсэгт хариуцагчийн төлөөлөгчөөс: Явуулаагүй бол та энд суулгах эрх байхгүй. Шүүх хуралдаан явагдаагүй байхад та товыг тогтоож болохгүй. Хуульд яаж товыг тогтоож, хэргийн оролцогч нарт яаж хүргүүлэх вэ гэдгийг нэг бүрчлэн заагаад өгсөн байгаа. Та ингээд удаа дараа хууль зөрчөөд, шүүх хуралдааны нийтлэг журам зөрчөөд, хүмүүсийг суулгаад байгаа нь буруу гэв. ... 00:06:18-0:06:21 дахь хэсэгт шүүгч Г.А-гаас: Та явж байж болно. Таныг би албаар суулгаагүй гэхэд ... 00:06:22-0:07:01 дахь хэсэгт хариуцагчийн төлөөлөгч Ц.И: Намайг дуудсан тул би энд ирээд суусан. Яагаад гэвэл танай туслах над руу ажлын цаг дууссан хойно залгаад та ирээ гэхээр нь би ирсэн. ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлд шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах, шүүх хуралдааныг явуулах үүрэг танд байгаа. Гэтэл та 2 удаа энэ үйлдэл давтагдлаа. Өмнөх хуралдаан нь дуусаагүй байхад шүүх хуралдаануудыг 2 цагийн зайтай зарлаад өнөөдөр та энэ хүмүүсийг хүндрүүлж байна гэв. ... 00:07:02-0:07:05 дахь хэсэгт шүүгч Г.Агаас: Шүүх хуралдааны товыг тогтоож, талуудад мэдэгдэнэ гээд суудлаасаа боссон нь ... ” тусгагджээ.

Бичлэгээс үзэхэд шүүгч нь хариуцагчийн төлөөлөгчийг “ ... чамайг хэн дуудсан юм ... ” гэх утгатай үг хэлж ёс зүйгүй харьцсан зүйл бичлэгт байхгүй байна.

Мөн шүүгч нь тайлбартаа “ ... Хүний зан төлөв амьдралын явцад төлөвшин тогтдог бөгөөд миний хувьд хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа чи, чамайг гэж харилцаж үзээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй зүй бус харьцаагүй болох нь бичлэгээр тогтоогдох байх. Г.А би хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгчийн сонгон шалгаруулалтад орж, ёс зүй, зан төлөвийн шалгалтад тэнцсэн тул шүүгчээр томилогдсон. Шүүгчээр 9 дэх жилдээ ажиллаж байна ... ” гэжээ.

Шүүгчийн туслах С.Ц-аас энэ талаар гэрчээр асууж тайлбар авахад “ ... Тэгээд өмнөх хуралдаан тараагүй тул манай хурал товлосон хугацаандаа ороогүй. ... Санаж байгаагаар А.Г, Ц.И нар ирсэн байсан. ... 18:00 цаг хүртэл хүлээсэн. ... Хурал нь 18 цагаас нэлээд өнгөрч тарсан. Шүүгчийн захирамжаар хуралдаанаа хойшлуулсан. ... Энэ хэрэгт 2 удаа хурал товлосон цагаасаа оройтож хойшлох тохиолдол гарсан. Нэг тохиолдолд хуралдаад хуралдааны зааланд орсон, нэг нь хуралдаан хийгээгүй захирамжаар хойшлуулсан. Хуралдааны зааланд орсон хуралдааны хурлын товыг тогтоож санал авъя гэж шүүгч хэлж байсныг санаж байна ... “ гэж мэдүүлжээ.

Хэргийн оролцогч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаан хойшилсон, харин 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанууд өмнөх хуралдаан дуусаагүй үргэлжлэн ажлын цаг дууссан, ажлын бус цагаар хуралдах боломжгүй гэж захирамжаар тус тус хойшлуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхээс шүүх хуралдааныг товлохдоо хэргийн оролцогч нараас санал авах үүргийг хуульчлаагүй  боловч хэргийн зарим оролцогч нар Улаанбаатар хотоос очиж шүүх хуралдаанд оролцдог, өмнө нь хэргийн оролцогч нарын хүсэлтээр шүүх хуралдаан 5 удаа хойшилсон нөхцөл байдалд хэргийн оролцогчоос шүүх хуралдаан товлох талаар саналыг асуусанд шүүгчийн буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 869 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг хуралдуулахгүйгээр хойшлуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг хойшлуулах, ... шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар ... шүүгчийн захирамжийг бичгээр гаргана” гэж заасантай нийцжээ.

Иймд нэгэнт хуралдаандаа оролцох гээд шүүхэд ирсэн хэргийн оролцогч нарыг ажлын бус цагаар шүүх хуралдааны танхимд цуглуулан, шүүх хуралдаан товлоход санал авсан нь дараагийн шүүх хуралдааныг хойшлуулахгүй байх талаар авсан арга хэмжээ гэж үзэхээр байх тул үүнд шүүгчийг буруутган хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн гэж үзэхгүй.

2. Хариуцагчийн төлөөлөгчөөс 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх тухай 4 удаа хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 891 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн нь хүсэлтийг шүүх хүлээн авснаас хойш 2 сар 8 хоногийн дараа шийдвэрлэжээ.

Хүсэлтийг хүлээн авснаас шийдвэрлэх хүртэл хугацаанд, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан “... хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан давхацсан ... ”, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд “ ... нэхэмжлэгч гадаад улсад зорчих болсон ... ”, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан “ ... хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан давхацсан ... ” гэх ирцтэй холбоотой, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаан “ ... өмнөх шүүх хуралдаан 18 цаг 20 минутад дууссан, ажлын бус цагаар хэргийг хянан хэлэлцэх боломжгүй ... ” гэж тус тус хойшилжээ.

Шүүгч энэ талаар “ ... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд хариуцагч талын гаргасан хүсэлтийг нэхэмжлэгч А.Г өмгөөлөгчийн хамт байлцаж шийдвэрлүүлнэ гэсэн тайлбарыг гаргасан тул талуудын мэтгэлцэх эрхийг хангах, талуудын тэгш байдлын зарчмын дагуу тухайн шүүх хуралдаанд хүсэлтийг шийдвэрлээгүй болно. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах /ирцтэй холбоотой/ хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хойшлуулсан бөгөөд нэхэмжлэгч А.Г нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр БНСУ-руу явсан талаар мэдэгдэж, нотлох баримтыг ирүүлсэн тул шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч, хариуцагч талын ирцтэй холбоотой хүсэлтүүдийг шүүх хянан шийдвэрлэж, шүүх хуралдаан удаа дараа хойшилсон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан шийдвэрлэж бүхэлд нь хангахаас татгалзаж шийдвэрлэсэн ...” гэж тайлбарлажээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4.2.2-т “Шүүгч ... хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ ...” гэж зааснаар хүсэлтийг шийдвэрлэх хугацааг 7 хоногоор журамласан байхад шүүгч нь хүсэлтийг 2 сар 8 хоногийн дараа шийдвэрлэсэн нь нэг талаар дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Харин нөгөө талаар, нотлох баримт гаргуулах болон үзлэг хийлгэх хүсэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны шүүх хуралдаан эхэлсний дараа хариуцагч талаас танилцуулсан, нэхэмжлэгч А.Г өмгөөлөгчийг оролцуулж тайлбар өгнө гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. Үүний дараа товлосон шүүх хуралдаан хийгдээгүй, ирц болон өмнөх хуралдаан ажлын цаг дууссаны дараа тарсан зэрэг шалтгаанаар шүүх хуралдаан хойшилж, хүсэлтийг хэлэлцэх нөхцөл боломж бүрдээгүй учраас шийдвэрлэх хугацаа хойшилж, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх нөхцөл боломж бүрдээгүй байгаад шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.

 Иймд шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

5. Б.А-ын нэхэмжлэлтэй “Ц” ТӨХК-д холбогдох иргэний хэргийн тухайд:

Б.А-аас “Ц” ТӨХК-д холбогдуулан “Ц” ТӨХК-ийн Санхүү, эдийн засгийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасныг шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 238 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.

Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 53 дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Г.Аг томилон албажуулжээ.

Өргөдөлд, “ ... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И миний бие хэрэг хэлэлцэж эхлээгүй үед буюу хэргийн талаар танилцуулаагүй үе шатанд тухайн шүүхээс нь болон сум дундын шүүхийн нийт шүүгчдээс татгалзах тухай хүсэлтээ гаргахад хүсэлтийг гаргаагүйд тооцно гэсэн хууль бус тайлбарыг өгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж хууль зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 "Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан буюу тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар шийдвэрлэн тогтоол гаргана” гэж хуульчилсан байхад дангаар шийдвэр гаргаж хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн ...” гэжээ.

Хэргийг хянан шийдвэрлэсэн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн “ ... 0:02:07-0:02:18 дахь хэсэгт даргалагчаас: Шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлт байна уу гэхэд 0:02:20-0:02:28 дахь хэсэгт оролцогчид: Татгалзал байхгүй ...” гэсэн нь тусгагджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цааш үргэлжилж, хариуцагч талаас “шинжээч томилуулах, ... Б.А-ыг өөрийг нь шүүх хуралдаанд оролцуулах” хүсэлтийг гаргасныг шийдвэрлэсэн нь шүүх хуралдаан дуу-дүрсний бичлэгийн “ ... 0:00:01-0:01:57 дахь хэсэгт даргалагчаас: Шүүхээс захирамж гарч байна гээд гаргасан хүсэлтийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байна. Нэхэмжлэгч Б.А нь 2022 оны 09 сарын 21-ний өдөр санхүү тайлан бүртгэлийн хэлтсийн даргаар түр, 2022 оны 10 сарын 10-ны өдөр санхүү тайлан бүртгэлийн хэлтсийн даргаар томилсон байна. 2023 оны 01 сарын 02-ны өдөр уг албан тушаалаас чөлөөлж санхүү эдийн засгийн газрын даргаар ажиллах болсон байна. Шинжээч томилуулах баримт нь 2022 оны 11 сарын 31-ний өдрийн баримт буюу өөр албан тушаалд ажиллаж байсан баримтад шинжээч томилж, шинжилгээ хийлгэх нь хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй, энэ хүсэлтэд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзсэн. Нэхэмжлэгч Б.А-ыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно гэж заасан. Итгэмжлэл хуульд заасан журмын дагуу авагдсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажилд эргүүлэн тогтоолгох иргэний хэрэгт тодорхой мэдээлэлтэй орж ирж байгаа тул Б.А-ыг биеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй гэж үзэж байна. Энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэж байна, шүүх хуралдааныг үргэлжилнэ гэхэд ... 0:02:22-0:03:46 дахь хэсэгт хариуцагчийн төлөөлөгч Ц.И: Энэ хэргийг шийдүүлэхэд таниас татгалзаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91-р зүйлд зааснаар та энэ хэргийг шударгаар шийдвэрлэх эсэх тал дээр надад үндэслэл бүхий эргэлзээ төрж байна. Санхүү эдийн засгийн дарга нь ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан хүн. Тухайн үед ажиллаж байсан сүүлд Санхүү эдийн засгийн газрын даргаар мөн ажиллаж байсан. Ерөнхий нягтлан бодогч нь ажил үүргийн хуваариар санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн дүрэм журам анхан шатны баримтын бүрдүүлбэрийг хангаж ажиллах үүрэгтэй. Гэтэл та зөвхөн цаг хугацаагаар хэмжээд гаргаж өгсөн нотлох баримт нь цаг хугацаанд хамаарахгүй байна гээд хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон буюу 25.1.3-д заасан эрхийг хязгаарлаж байгаа нь би танаар энэ хэргийг шийдвэрлүүлэх хүсэлгүй байна. Та энэ хэргийг шударгаар шийдвэрлэхэд надад үндэслэл бүхий эргэлзээ төрж байгаа тул танаас татгалзаж байна. ... Би шүүхээс татгалзаж байна ...” гэсэн нь тусгагджээ.

Энэ талаар шүүгч тайлбартаа “ ... Хуульд заасан журам, дэгийн дагуу шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд оролцогчдод эрх, үүргийг нь тайлбарлан өгч, шинэ нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хүсэлт байгаа эсэхийг асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээч томилуулах талаар хүсэлт гаргасан. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг “тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй” гэж үзэж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Шүүх хүсэлтийг хангахгүй орхисонтой холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч даргалагч шүүгч болон хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй шүүгч нарыг татгалзан гаргах хүсэлт гаргасан. ... Тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй бусад шүүгч нарыг татгалзах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчийг татгалзах нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарах тул хүсэлтийг гаргаагүйд тооцож, хэргийг хянан шийдвэрлэсэн болно ... ” гэжээ.

Шүүгчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр татгалзан гаргаж болохгүй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т “Энэ хуулийн 84 дүгээр зүйл, 91.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно” гэж заажээ.

Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг заалтыг тайлбарлахдаа “ ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн: “шүүгчийг татгалзаж үл болно” гэсэн зохицуулалтыг энэ хуульд заагаагүй үндэслэлээр ... хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргахыг хориглоно гэж ойлгоно. ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарна” гэж тайлбарласан байдаг.

Дээрхээс үзвэл хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсний дараа шүүгчийг татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой шүүгчийг болон шүүхээс татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарч байна гэж татгалзал гаргаагүйд тооцож хэрэг хэлэлцэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүгчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, холбогдох шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах”, 50.1.35-д “шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгч Г.А-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

 

Холбогдох шүүгч тайлбартаа “... 1. Т.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухайд:  Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” 000/Ш32023/00556 дугаартай захирамжаар Т.А-ийн нэхэмжлэлтэй “Ц” ТӨХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, өртөгт суурилсан менежментийн урамшуулал гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 00 минутад товлон хуралдахаар тогтоосон.

Шүүх хуралдаан эхлэхийн өмнө би шүүгчийн туслах Б.А-т “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З хэргийн материалтай танилцуулаагүй байна. Танилцуулчхаад ир...” гээд хавтаст хэргийг өгч, өрөөнөөсөө гаргасан бөгөөд хэсэг хугацааны дараа хэргийн материалтай танилцуулчихлаа, хурал бэлэн болсон гэж надад мэдэгдсэн тул шүүх хуралдааныг эхлүүлсэн.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдаан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 18 минутад эхэлсэн байна.

Шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцаагүй гэх тайлбарыг гаргасан бөгөөд шүүх хуралдаан дууссаны дараа шүүгчийн туслахаас энэ талаар тодруулахад “...хэргийн материалтай танилцуулсан баримт дээр хариуцагчийн төлөөлөгчөөр гарын үсэг зуруулахаа мартсан байсан. Шүүх хуралдаан завсарлахад шүүх хуралдааны нарийн бичгээр дамжуулан баримт дээр гарын үсэг зуруулахыг хүссэн боловч зурахгүй гээд зураагүй. Би энэ талаар тайлбар бичиж өгье...” гэж надад хэлсэн.

Ингээд шүүгчийн туслах дээрх үйл баримтын талаар тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргасан болно.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд эрх, үүрэг, танилцуулаагүй, хавтаст хэргийн материалтай танилцуулаагүйн улмаас миний эрх хязгаарлагдаж зөрчигдсөн ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно...” гэх гомдлыг гаргасан бөгөөд ...давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс хэргийг шүүх хуралдаан болохоос өмнө хариуцагчийн төлөөлөгчид хэргийн материалтай танилцуулсан байх тул хариуцагчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, зохигчийн тэгш байдлын зарчим алдагдаагүй, тайлбар гаргах, мэтгэлцэх бололцоог анхан шатны шүүх олгосон байна гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.

2. Б.Э-ийн нэхэмжлэлтэй хэргийн тухайд:

Шүүх Б.Э-ийн нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрээр Б.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж, ...давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 000/МА2023/00043 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 000/ЕШ2023/00113 дугаартай захирамжаар Б.Эийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, даргалагч шүүгчээр Г.А намайг томилж, шийдвэрийг албажуулжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх хугацааг нэг удаа 30 хоногоор сунгасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлт гаргаагүй тул тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 000/Ш32023/00471 дугаартай “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” захирамжаар дээрх хэргийн шүүх хуралдааныг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад хянан шийдвэрлэхээр товлогдсон.

Шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” 000/Ш32023/00814 дугаартай захирамжаар хариуцагч талаас гаргасан хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнө гаргах боломжтой байсан боловч шүүх хуралдаан дээр гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байна гэж дүгнэж шийдвэрлэсэн.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гарсны дараа хариуцагч талаас гэрч асуулгах, үзлэг хийлгүүлэх хүсэлтийг гаргасан, иргэний хэрэг үүсгэснээс хойш хангалттай хугацаа өнгөрөөд байхад тайлбар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны шатанд хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

3. Ж.Н-ын нэхэмжлэлтэй хэргийн тухайд:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 133 дугаартай зарлигаар шүүгч А.Н-г өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 000/ЕШ2023/00242 дугаартай захирамжаар Ж.Н-ын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, даргалагч шүүгчээр Г.А намайг томилж шийдвэрлэжээ.

Ж.Н-ын нэхэмжлэлтэй “Ц” ТӨХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт товлон хуралдахаар хойшлуулсан байна.

Дээрх хэргийг би хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 000/Ш32023/00867 дугаартай захирамжаар шүүгч хэргийн материалтай танилцах шаардлагатай үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргүүдэд зохих ажиллагаа хийх, товлогдсон шүүх хуралдаанд бэлтгэх зэрэг шалтгааны улмаас мөн цаг хугацааны хувьд Ж.Н-ын хэрэг хуваарилагдаж ирснээс хойш амралтын өдрүүд таарч хэрэгтэй танилцах боломжгүй байсан.

Мөн нэхэмжлэгч Ж.Н Улаанбаатар хотод амьдардаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б өөр аймагт үйл ажиллагаа явуулдаг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г, П.С нар нь Улаанбаатар хотод өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг зэргийг харгалзан хэргийн оролцогч нарыг ирүүлэхгүйгээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэснийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байна.

4. А.Г нэхэмжлэлтэй хэргийн тухайд:

А.Г-ын нэхэмжлэлтэй, “Ц” ТӨХК холбогдох хэргийн шүүх хуралдаан 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 30 минутад товлон зарлагдсан ба Б.Э-ийн нэхэмжлэлтэй “Ц” ТӨХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан тухайн өдрийн 14 цаг 30 минутад эхэлж, 17 цаг 59 минутад дууссан байна.

Ажлын бус цагаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тул А.Г-ын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, зохигчийн санал хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг тогтоохоор хэргийн оролцогчийг шүүх хуралдааны танхимд оруулж ирсэн.

Нэхэмжлэгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И, хариуцагчийн өмгөөлөгч П.С нар шүүх хуралдаанаа хүлээгээд шүүх дээр байж байсан тул би шүүх хуралдааны танхимаас гарахгүйгээр зохигч, өмгөөлөгч нарыг дуудан, шүүх хуралдааны тов тогтооход санал хүсэлт байгаа эсэхийг асуулж лавласан үйлдлийг хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн гэж үзэхгүй.

Гомдол гаргагч Ц.И нь “...энэ талаар шүүгчид сануулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу ажиллахыг шаардахад “хэн чамайг дуудсан юм, шүүх хуралдааны танхимаас гараад явж болно гэсэн утга бүхий үг хэлсэн нь хуульч хүнд тэр тусмаа шүүгч хүнд баймгүй ёс зүйгүй, харилцаа хандлагын эмгэгтэй, зан төлөвийн дутагдалтай байгаагаа гайхшируулсан...” гэж дурджээ.

Хүний зан төлөв амьдралын явцад төлөвшин тогтдог бөгөөд миний хувьд хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа чи, чамайг гэж харилцаж үзээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй зүй бус харьцаагүй болох нь бичлэгээр тогтоогдох байх. Г.А би хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгчийн сонгон шалгаруулалтад орж, ёс зүй, зан төлөвийн шалгалтад тэнцсэн тул шүүгчээр томилогдсон. Шүүгчээр 9 дэх жилдээ ажиллаж байна. Гомдолд гаргагч нь намайг шүүгч хүнд баймгүй ёс зүйгүй, харилцаа хандлагын эмгэгтэй, зан төлөвийн дутагдалтай гэж доромжилсон байна. Би холбогдох байгууллагад хандаж гомдлоо гаргах болно.

5. Б.А-ын нэхэмжлэлтэй хэргийн тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар шүүх хуралдаан даргалагч болон нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, хуульд заасан татгалзан гаргах эрх, үндэслэлийг тайлбарлан, татгалзал байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч татгалзах зүйлгүй гэж хариулсан.

Хуульд заасан журам, дэгийн дагуу шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд оролцогчдод эрх, үүргийг нь тайлбарлан өгч, шинэ нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хүсэлт байгаа эсэхийг асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээч томилуулах талаар хүсэлт гаргасан.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг “тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй” гэж үзэж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Шүүх хүсэлтийг хангахгүй орхисонтой холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч даргалагч шүүгч болон хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй шүүгч нарыг татгалзан гаргах хүсэлт гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 -д зааснаар урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн хувиар оролцсон, эсхүл уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон байвал, эсхүл хэргийн оролцогчийн хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал, эсхүл ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэхээс татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогч шүүгчийг татгалзан гаргах хуулийн зохицуулалттай.

Тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй бусад шүүгч нарыг татгалзах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчийг татгалзах нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарах тул хүсэлтийг гаргаагүйд тооцож, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хэргийн оролцогч өөрийн хүсэлтийг хангаагүй үйл баримтыг шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болгож буй явдал нь шүүхэд тулган шаардалт тавьсан, шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзэж байна.

6. А.Г-ын нэхэмжлэлтэй хэргийн тухайд:

Шүүх А.Г-ын нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Хариуцагч байгууллагаас А.Г-ын нэхэмжлэлтэй тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээдээр “Ц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/875 тоот албан бичгээр М.М-ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байх ба шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-д 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгсөн.

2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй байсан боловч хариу тайлбарыг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 000/Ш32023/00641 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” захирамжаар хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд хариуцагч талын гаргасан хүсэлтийг нэхэмжлэгч А.Г өмгөөлөгчийн хамт байлцаж шийдвэрлүүлнэ гэсэн тайлбарыг гаргасан тул талуудын мэтгэлцэх эрхийг хангах, талуудын тэгш байдлын зарчмын дагуу тухайн шүүх хуралдаанд хүсэлтийг шийдвэрлээгүй болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах /ирцтэй холбоотой/ хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 10- ны өдөр хүртэл хойшлуулсан бөгөөд нэхэмжлэгч А.Г нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр БНСУ-руу явсан талаар мэдэгдэж, нотлох баримтыг ирүүлсэн тул шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч, хариуцагч талын ирцтэй холбоотой хүсэлтүүдийг шүүх хянан шийдвэрлэж, шүүх хуралдаан удаа дараа хойшилсон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан шийдвэрлэж бүхэлд нь хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох зүйл заалтыг зөрчөөгүй гэж үзэж байгаа тул шүүгч Г.А надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Бусад:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И нь Б.А-ын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр шүүгчид нөлөөлөхийг оролдсон үйлдэл гаргасан тул шүүгч Г.А би 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, хуульд заасан журмын дагуу Шүүхийн Ерөнхий Зөвлөлд хүргүүлсэн. Мөн шүүгчийн туслах С.Ц-д “...танай шүүгчийн талаар шүүгчийн сахилгын хороонд шалгуулахаар гомдол гаргаж байгаа, урьд нь хаана ажиллаж байсан бэ? шүүгчээр ажиллах ур чадвар, мэдлэггүй хүн...” гэж ярьсныг шүүгчид нөлөөлөх оролдлого гэж үзэж, нөлөөллийн мэдүүлэг дахин хөтөлж хүргүүлсэн.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 289 дугаартай тогтоолоор нөлөөллийн мэдүүлгийг шалган шийдвэрлүүлэхээр Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн, зохих ажиллагаа хийгдэж байгаа.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны дэг зөрчсөн үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан ба шийтгэврийг нотлох баримтаар гаргуулан авах боломжтойг дурдах нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И нь удаа дараа шүүгчид нөлөөлөхийг оролдсон үйлдэл гаргасан. Мөн шүүх хуралдааны дэг зөрчсөн үйлдэлтэй холбогдуулан хариуцлага тооцуулах санал, хүсэлт гаргасантай холбогдуулан намайг сахилгын хэрэгт шалгуулахаар гомдол гаргаж, гомдолдоо намайг харилцаа хандлагын эмгэгтэй, зан төлөвийн дутагдалтай гэж дурдаж доромжилж байгааг шүүгчид нөлөөлөхийг оролдож байгаа үйлдэл гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.И-аас ... шүүгч Г.А-д холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ГЗҮ/2023/0130 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

1. Иргэн Т.А-ийн нэхэмжлэлтэй, “Ц” ТӨХК-д холбогдох иргэний хэргийн тухайд:

Өргөдөл гаргагчаас “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материалтай танилцуулалгүй шүүх хуралдааныг явуулснаар нэхэмжлэгч талд илт давуу байдлыг бий болгосон, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй ажиллагааг явуулсан буюу шүүгчийн туслах Б.Ат албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 15 минут хэргийн материалтай танилцуулсан” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Т.А-ийн нэхэмжлэлтэй “Ц” ТӨХК-д холбогдох иргэний хэрэгт шүүгч Г.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Хариуцагч “Ц” ТӨХК-аас 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр П.З, М.М нарыг томилсон,  2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, П.З нар хамт оролцжээ.

Шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З-аас “хэргийн материалтай танилцаагүй. Ээлжийн амралттай байж байгаад сая ажилдаа орж байгаа” гэж хэлсэн нь шүүх хуралдааны дуу дүрсний бичлэг болон хуралдааны тэмдэглэлд авагдсан байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” нь  хэргийн оролцогчийн эрхэд хамаарч байх бөгөөд энэ эрхээ өөрөө хэрэгжүүлээгүйтэй холбогдуулан шүүгчийг буруутгах боломжгүй юм.

Нөгөө талаар гэрч Б.А /шүүгчийн туслах/ “...Би хуралд бэлдээд доошоо буутал - төлөөлөгч яг хурал эхлэх гэж байхад шүүхийн үүдээр орж ирсэн. Хэргийн бүх оролцогчид танхимд хүлээж байсан. Хурлын цагаас 15 минут хойшлуулж байж хэргийн материалтай танилцсан. Хурал эхлэх гээд би сандраад, хэргийн материал танилцуулсан баримт дээр гарын үсэг зуруулаагүй хуралд оруулсан байсан” гэж мэдүүлэг өгснөөс үзвэл шүүх хуралдаан болохоос өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З-т хэргийн материалыг танилцуулсан гэж үзэхээр байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нь хэргийн материал баримттай танилцаж, баримтад гарын үсэг зурсан байгааг дурдах нь зүйтэй.

Өргөдөлд дурдсан “...хэргийн бус этгээд буюу шүүгчийн туслахаар тайлбар бичүүлж, уг тайлбараа хэрэгт хавсаргасан” гэх үндэслэлийн тухайд,

Иргэний хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  шүүгчийн туслах Б.А “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З шүүх хуралдаан эхлэх гэж байхад 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 00 минутад танхимд орж ирэхэд шүүгчийн туслах би хэргийн материалтай 15 минут танилцуулж түүнд хандан шүүх хуралдаан эхлэх цаг нэлээн явсан байна, та болж байна уу гэхэд үг хэлэлгүй хэргийн материалыг надад өгсөн. Миний бие хэргийн материал танилцуулсан баримт дээр гарын үсэг зуруулахаа мартаж шүүх хуралдааныг эхлүүлсэн. Шүүх хуралдаан завсарлахад шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар дамжуулан “та хэргийн материалтай танилцсан баримт дээр гарын үсэг зурна уу” гэж хэлүүлэхэд би хэргийн материалтай танилцаагүй зурахгүй гэж хэлээд гарын үсэг зураагүй” гэх тэмдэглэлийг үйлдэж хэрэгт хавсаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт “Тэмдэглэлийг шүүх хуралдааны үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад ажиллагааны үед шүүгч, түүний даалгаснаар шүүгчийн туслах үйлдэнэ” гэж заасан.

Шалгах ажиллагааны явцад холбогдох шүүгч туслахад тэмдэглэл бичих үүрэг даалгавар өгөөгүй болох нь тогтоогдсон бөгөөд шүүгчийн туслахын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудлаар тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргасан үйлдэлтэй холбогдуулан шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй юм. 

Иймд шүүгч Г.А-г дээрх өргөдлийн үндэслэлтэй холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.35-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ. 

2. Иргэн Б.Э-ийн нэхэмжлэлтэй “Ц” ТӨХК-д холбогдох иргэний хэргийн тухайд:

Өргөдөл гаргагч “...шүүхээс хариуцагч талын сар гаруйн өмнө буюу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн бичгээр гаргасан хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд ..хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж дүгнэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь илтэд үндэслэлгүй. ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хэсгийг хүчингүй болгуулах хүсэлтийг гаргасан боловч шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” 000/Ш32023/00865 дугаар захирамжаар хангахаас татгалзсанд гомдолтой байна” гэжээ.

Иргэн Б.Эийн нэхэмжлэлтэй “Ц” ТӨХК-д холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” шаардлага бүхий иргэний хэрэгт шүүгч Т.Алгирмаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г-с 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрч асуулгах, цахим зурваст үзлэг хийлгэх хүсэлтийг өгчээ.

2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар дээр дурдсан хүсэлтийг хэлэлцэхээс өмнө нэхэмжлэгч талаас тус шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлт гаргасантай холбогдуулан шүүх хуралдааныг хойшлуулж, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 000/ЗТ2023/00025 дугаар тогтоолоор бүх шүүгчдээс татгалзах нэхэмжлэгч талын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. 

Үүний дараа хариуцагчийн өмгөөлөгч нараас 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хуралдааныг товлож өгөх хүсэлтийг ирүүлсэн байна.

Шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хуралдааныг товлож, 000/ШЗ2023/00814 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт гаргуулах, хариуцагч талаас гэрч асуулгах, үзлэг хийлгэх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх ба зохигчоос гаргасан хүсэлтийг шүүгч хэрхэн шийдвэрлэх нь түүний хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах тул шүүгчийг энэ үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Мөн хариуцагчийн төлөөлөгч Ц.И-аас 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 000/ШЗ2023/00814 дугаартай захирамжийг илт үндэслэл муутай гэж хүчингүй болгуулах хүсэлтийг гаргасныг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 000/ШЗ2023/00865 дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасан.

“Илт үндэслэл муутай” гэдгийг шүүгч, хэргийн оролцогч, өөр хэн ч үзсэн бодит үнэнд нийцээгүй, үг, үсэг, тоо, тооцооны илэрхий алдаатай байхыг ойлгох бөгөөд шүүгч дээрх захирамжаа хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

3. Ж.Нын нэхэмжлэлтэй, “Ц” ТӨХК-д холбогдох иргэний хэргийн тухайд:

Өргөдөл гаргагчаас “...иргэний хэргийн материалтай танилцах шаардлагатай байна гэх шалтгааныг өөрийн туслахаараа бидэнд дамжуулж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсан, нэгэнт товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулсан үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийг зөрчсөн байна.” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Ж.Н-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шүүгч А.Н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бөгөөд шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарах болсонтой холбогдуулан түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа хэргүүдийг бусад шүүгч нарт хуваарилжээ.

Ийнхүү Ж.Н-ын нэхэмжлэлтэй “Ц” ТӨХК-д холбогдох иргэний хэрэг шүүгч Г.А-д хуваарилагдан, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Ерөнхий шүүгчийн 000/ЕШЗ2023/00242 дугаар захирамжаар түүнийг даргалагч шүүгчээр томилсон байна.

Шүүгч Г.А тухайн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 000/ШЗ2023/00867 дугаар захирамжаар ...хэргийн материалтай танилцах шаардлагатай гэж үзэн хуралдааныг хойшлуулжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл өмнө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан шүүгч А.Н нь шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цагт товлон зарласан байх ба тухай хэргийг хүлээн авсан шүүгч нь шүүх хуралдаан болохоос хоёр хоногийн өмнө хэргийг хүлээн авсан байна.

 Энэ нь гэрч С.Ц-ийн  /шүүгчийн туслах/ “ ... 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай шүүгчид хэрэг хуваарилагдахаар болсон. Хэрэг нь тэр өдрөө ирээгүй. Хэрэг нь 1 дэх өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ирсэн” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгч хэргийн материалтай танилцах шаардлагатай гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-д “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэж заасанд хамаарахгүй байна.

Түүнчлэн өргөдөл гаргагч “... хурлын товыг өөрчилж энэ тухайгаа захирамжаар баталгаажуулаагүй байхдаа хэргийн оролцогчдод утасны мессежээр (утасны захиагаар тов хүргэдэггүй) мэдэгдэж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна” гэжээ.

Дээрх өргөдлийн үндэслэлтэй холбогдуулан шүүгчийн туслах С.Ц “... шүүгч хэргээ аваад 2023 оны 11 дүгээр сарын 22-нд хурал хийх боломжгүй юм байна. Хойшлуулъя, оролцогч нартаа мэдэгд гэсэн. Тэгээд би 11 дүгээр сарын 21-ний өдөр 22-ны өдрийн хуралдаан болохгүй талаар хэлсэн. Маргаашийн хуралдаан хойшилж байгаа, шүүгч хэргийн материалтай танилцах шаардлагатай талаар утсаар мэдэгдсэн... “ гэх мэдүүлгийг өгчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт “ ... Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэж заасан. Мөн Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 6.2.3-т “Хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг утас ...-аар мэдэгдсэн бол “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” Баримт №9, №22-г тус тус үйлдэн, хэрэгт хавсаргана. Шүүх хуралдааны товыг цахимаар болон утсаар мэдэгдсэн тохиолдолд тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан байна” гэж заажээ.

Дээрхээс үзвэл шүүгчийн туслах шүүх хуралдаан хойшилж байгаа талаар хэргийн оролцогч нарт утсаар мэдэгдэж баримтжуулсантай холбогдуулан шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй. Энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэл бүхий байна.

4. Иргэн А.Г-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухайд:

Өргөдөл гаргагчаас “...Г.А шүүгчийн тухайн өдрийн 14:30 цагаас товлон зарласан хурал нь эхэлж үргэлжилсээр цагтаа эхлээгүй ба ажлын цаг дуусах гэж байхад буюу 17:50 цагийн үед туслахаараа миний гар утас руу залгуулж, 16:30 цагийн шүүх хуралдаа ирж оролцохыг шаардуулсан. Ингээд Ц.И миний бие шүүх дээр очсон ба шүүгчийн өмнөх хурлыг нь завсарлахыг хүлээж байгаад 18:04 цагт шүүх хуралдааны танхимд ороход шүүгч Г.А нь өнөөдөр нэгэнт ажлын цаг дууссан тул хурлаа хойшлуулж, товлоё гэх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх хуульд байхгүй процессын ажиллагааг явуулсан. ... Энэ талаар шүүгчид сануулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу ажиллахыг шаардахад “хэн чамайг дуудсан юм, шүүх хуралдааны танхимаас гараад явж болно" гэсэн утга бүхий үг хэлсэн нь хуульч хүнд тэр тусмаа шүүгч хүнд баймгүй ёс зүйгүй, харилцаа хандлагын эмгэгтэй, зан төлөвийн дутагдалтай байгаагаа гаргаж гайхшируулсан. Миний бие сайн дураараа ирээгүй, харин өөрийн чинь туслах дуудсан учраас ирсэн гэдгээ түүнд тайлбарлан хэлсэн... ” гэжээ.

Иргэн А.Г-ын нэхэмжлэлтэй “Ц” ТӨХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 000/ШЗ2023/00869 дугаар шүүгчийн захирамжаар “.. өмнөх  шүүх хуралдаан 18 цаг 30 минутад дууссан, ажлын бус цагаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” байна гэж үзэн хойшлуулжээ.

 ... иргэний хэргийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдааны товоос үзвэл шүүгч Г.А иргэн Б.Э-ийн нэхэмжлэлтэй “Ц” ТӨХК-д холбогдох иргэний хэргийг 14 цаг 30 минутад, А.Г-ын нэхэмжлэлтэй “Ц” ТӨХК-д холбогдох иргэний хэргийг 16 цаг 30 минутад хийхээр товлосон байна.

Холбогдох шүүгч “...Б.Э-ийн нэхэмжлэлтэй “Ц” ТӨХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан тухайн өдрийн 14 цаг 30 минутад эхэлж, 17 цаг 59 минутад дууссан” гэх тайлбарыг өгчээ.

Энэ талаар шүүгчийн туслах С.Ц “...өмнөх хуралдаан тараагүй тул манай хурал товлосон хугацаандаа ороогүй. ..А.Г, Ц.И нар ирсэн. 18 цаг хүртэл хүлээсэн. Цахимаас хараад ийм шатандаа явж байна. Удахгүй тарах байх гэж хэлсэн. 18 цаг 10 минут хүртэл хүлээсэн байх. ..Энэ хэрэгт хоёр удаа хурал товлосон цагаасаа оройтож хойшлох тохиолдолд гарсан. Нэг тохиолдолд хуралдаад хуралдааны зааланд орсон, нэг нь  хуралдаан хийгээгүй захирамжаар хойшлуулсан. Хуралдааны зааланд орсон хурлын товыг тогтоож санал авъя гэж шүүгч хэлж байсныг санаж байна” гэж гэрчээр мэдүүлжээ.

Шүүх хуралдааны танхимд хийгдсэн бичлэгээс үзвэл шүүгч зохигч нарыг шүүх хуралдааны танхимд оруулж өмнөх шүүх хуралдаан тарахгүй ажлын цаг дууссан, ..шүүх хуралдааныг ажлын бус цагаар явуулах боломжгүй талаар хэлж дараагийн шүүх хуралдааны товын санал асуусан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Иймд шүүгч ажлын цаг дууссантай холбогдуулан шүүх хуралдааныг явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-т “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэж заасанд хамаарахгүй. 

Мөн шүүх хуралдааны танхимд хийгдсэн бичлэгээс үзвэл шүүгч хэргийн оролцогч нартай харилцахдаа ямар нэгэн зүй бус авир, ёс зүйгүй үйлдэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн өргөдөл гаргагч “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор шинэ нотлох баримт бүрдүүлэх тухай 4 хүсэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй 70 орчим хоногийн хугацааг өнгөрүүлээд байна” гэжээ.

Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нотлох баримт гаргуулах хүсэлтүүдийг өгчээ.

Мөн өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн хүсэлтүүдийг нэхэмжлэгч өмгөөлөгчийн хамт байлцуулан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Үүнийг дараагаар зохигчдын хүсэлт, шүүхийн санаачилгаар шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 000/ШЗ2023/00731 дугаар, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 000/ШЗ2023/00812 дугаар, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000/ШЗ2023/00851 дугаар, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 000/ШЗ2023/00869 дугаар шүүгчийн захирамжуудаар тус тус хойшлуулж байснаас үзвэл шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байсан нь тогтоогдож байна. 

Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан шүүгч 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 000/ШЗ2023/00891 дугаартай захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Иймд шүүгч тухайн хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байсан, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зохигч, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хэд хоногийн дотор хянан шийдвэрлэх талаар нарийн зохицуулалт байхгүй тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

5. Иргэн Б.А-ын нэхэмжлэлтэй “Ц" ТӨХК-д холбогдох иргэний хэргийн тухайд:

Өргөдөл гаргагч “...хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 10 цагт товлон зарлагдсан. Уг шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И миний бие хэрэг хэлэлцэж эхлээгүй үед буюу хэргийн талаар танилцуулаагүй үе шатанд тухайн шүүхээс нь болон сум дундын шүүхийн нийт шүүгчдээс татгалзах тухай хүсэлтээ гаргахад хүсэлтийг гаргаагүйд тооцно гэсэн хууль бус тайлбарыг өгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж хууль зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт "Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан буюу тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар шийдвэрлэн тогтоол гаргана” гэж хуульчилсан байхад дангаар шийдвэр гаргаж хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэжээ.

Иргэн Б.А-ын нэхэмжлэлтэй “Ц" ТӨХК-д холбогдох иргэний хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хянан шийдвэрлэсэн байх бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И-аас “..хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон буюу 25.1.3-д заасан эрхийг хязгаарлаж байгаа тул хэргийг шүүгчээр шийдвэрлүүлэх хүсэлгүй. Энэ хэргийг шударгаар шийдвэрлэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрж байгаа тул татгалзах хүсэлтийг гаргаж байна” гэжээ. Шүүгч “Хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой татгалзал гаргаж байгаа бол энэ хүсэлтийг гаргаагүйд тооцож хүлээн авахгүй, Татгалзах үе шатанд татгалзлаа гарга” гэсэн нь шүүх хуралдааны бичлэг болон тэмдэглэлд авагдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт “Шүүгч дараахь үндэслэл байвал хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй”, 91.1.1-т “урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн хувиар оролцсон”, 91.1.2-т “уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон байвал”, 91.1.3-т “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал”, 91.1.4-т “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол”, 91.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 84 дүгээр зүйл, 91.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно” гэж тус тус заасан. 

Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг заалтыг тайлбарласан тайлбарт “.. шүүгчийг ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарна” гэж тайлбарласан байна.

                 Шүүх хуралдааны бичлэгээс үзэхэд хуралдаан эхлэхэд оролцогчид  шүүгч болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас татгалзах татгалзал байхгүй гэх тайлбарыг гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан шүүгч болон шүүхээс татгалзах хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Монгол Улсын дээд шүүхийн тайлбарт  дурдсан шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй байна.

            Иймд шүүгчийг дээрх өргөдлийн үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүгч Г.А-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ГС/2024/0015 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... шүүгч Г.А-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 ДАРГАЛАГЧ                                               Д.АРИУНТУЯА

      ГИШҮҮН                                                 Х.ХАШБААТАР

                                                                                Г.ЦАГААНЦООЖ