info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-02-21

Дугаар 20

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ГС/2024/0017 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд     ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “...1.Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ... аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар Л.Г, Ц.Т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2239002930... дугаартай хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар ... Сум дундын шүүхийн шүүгч Б.Б 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр томилогдож, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 2022/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолоор хэргийг шийдвэрлэжээ. ... давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ДШМ/14 дүгээр магадлалаар ... Сум дундын шүүхийн шүүгч Б.Б-ийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн 2239002930318 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ... давж заалдах шатны шүүхээс хүлээн авсан бөгөөд шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Р.Б томилогдож, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолоор хэргийг хянан шийдвэрлэжээ. Дээрх ... Сум дундын шүүхийн шүүгч Р.Б-ын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолыг ... давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн 2023/ДШМ/33 дүгээр магадлалаар “...2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож” шийдвэрлэснийг ... Сум дундын шүүх 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдааны даргалагчаар Ерөнхий шүүгч М.Э томилогдож, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хянан шийдвэрлэж, тус 2023/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна. ... Сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Э даргалж, хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгч Р.Б нь тухайн шийдвэрийг гаргаагүй байх тул шүүгчийг “...хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1 дүгээр зүйлийн 50 1.1, 5.1.23 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн” гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн ... Сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЗТ/01 дүгээр шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан “Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох журам”-ийн 2.9-д “давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хүчингүй болж дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн хэрэг, гомдол гаргах хугацаа сэргээлгэх болон шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах хүсэлтийг хуваарилахдаа өмнө нь шийдвэрлэсэн шүүгчийг тойргоос гарган бусад шүүгч нарт тойрог дотор-санамсаргүй горимоор хуваарилна.” гэж зааснаас үзэхэд шүүгч Р.Б-т дээрх хэрэг нь давж заалдах шатны шүүхээс  дахин хуваарилагдах боломжгүй байна.        

2.... Сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолоор “...шүүгдэгч Л.Г, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан "Бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан" гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Мөнгө угаах" гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж...” шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасанд нийцсэн байна. Өөрөөр хэлбэл  шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх эрх хэмжээг хуулийн дагуу эдэлдэг онцгой бүрэн эрхэд хамаарч байгаа тул өргөдөл гаргагчийн “..."Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй" гэснийг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэж буруутгах нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж заасан хуулийн зохицуулалтаас үзвэл шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлж, хэрхэн шийдвэрлэх нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу хийгдсэн үйл ажиллагаа болно. Шүүхийн сахилгын хороонд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хянах, хүчингүй болгох, өөрчлөх, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй, харьяалан шийдвэрлэх асуудалд хамааралгүй болохыг тухайлан тайлбарлах нь зүйтэй байна. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд ... Сум дундын шүүхийн шүүгч Р.Б-т үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж гаргав” гэжээ.

Шүүгч Р.Б тайлбартаа: “...Гомдолд дурдсан Л.Г, Ц.Т, Б.Д нарт холбогдох эрүүгийн 2239002930... дугаартай хэргийг ... давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг миний бие 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 45 дугаартай шийтгэх тогтоол гаргаж хянан шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг прокурор, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс эс зөвшөөрч бичсэн эсэргүүцэл, гомдлоор давж заалдах шатны шүүх хэлэлцээд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг тус шүүхэд ирүүлсэн бөгөөд Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах журмын дагуу Ерөнхий шүүгч М.Э хүлээн авч шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл гомдолд дурдагдсан 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд миний бие оролцоогүй ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Иргэн Г.Б-аас “...шүүгч Р.Б 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хамааралгүй заалт иш татан ял оногдуулсан” гэх агуулгаар мэдээлэл гаргажээ.

            Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл, ... аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар Л.Г, Ц.Т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 2239002930... дугаартай хэргийг ... Сум дундын шүүх анхан шатны журмаар 3 удаа хянан хэлэлцсэн байна.

            Үүнд, тус шүүхийн шүүгч Б.Б 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолоор “Шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож” шийдвэрлэснийг ... давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ДШМ/14 дүгээр магадлалаар хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

            Тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЗТ/01 дүгээр шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан “Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох журам”-ын 2.9-д “давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хүчингүй болж дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн хэрэг, гомдол гаргах хугацаа сэргээлгэх болон шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах хүсэлтийг хуваарилахдаа өмнө нь шийдвэрлэсэн шүүгчийг тойргоос гарган бусад шүүгч нарт тойрог дотор-санамсаргүй горимоор хуваарилна.” гэж заасны дагуу дээрх хэрэг шүүгч Р.Б-т хуваарилагдсаныг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан байна. Тэрээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолоор “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Д-г цагаатгаж, шүүгдэгч Л.Г, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож” шийдвэрлэжээ.

Улмаар ... давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн 2023/ДШМ/33 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Үүний дараа тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Э хэргийг хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн  2023/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолоор “Шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож” шийдвэрлэсэнд тухайн хэргийн оролцогч болон прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу гомдол, эсэргүүцэл гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Шүүгч эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хэрэгт авагдсан баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэргийг хэрхэн зүйчилж шийдвэрлэх нь түүний бүрэн эрх хэмжээнд хамаарах бөгөөд шүүхийн шийдвэрийг хянах эрхийг зөвхөн дээд шатны шүүх эдэлнэ. Энэхүү эрхийг Шүүхийн сахилгын хороонд хуулиар олгоогүй.

Тус эрүүгийн хэргийг шүүгч Р.Б дахин шийдвэрлэсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй. Иймээс шүүгч хэргийг дахин шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хуулийн илт тодорхой заалтыг мушгин гуйвуулж, гэмт үйлдэлд хамааралгүй заалт иш татан ял оногдуулсан гэх мэдээлэл үндэслэлгүй талаар илтгэгч гишүүний бичсэн саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ГС/2024/0017 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, иргэн Г.Б-аас ирүүлсэн мэдээллийн дагуу ... Сум дундын шүүхийн шүүгч Р.Б-т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

               ДАРГАЛАГЧ                                               С.ЭНХТӨР

                        ГИШҮҮД                                                      Д.АРИУНТУЯА

                                                                                               Ц.ДАВХАРБАЯР