info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-01-23

Дугаар 4

Улаанбаатар хот

   Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай 

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, нарийн бичгийн дарга А.Номин нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч С.Х-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ГС/2024/0001 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-д:

“...Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ... шүүхийн шүүгч С.Х иргэн Г.Г-н “орон сууц захиалгын гэрээний үүргийн гүйцэтгэлд өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах, орон сууцны түлхүүрийг захиалагчид гаргуулан өгөхийг даалгах тухай” нэхэмжлэлээр “Ө” ХХК-д холбогдуулан 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2023/02789 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн дараах хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. 

     - Шүүхээс 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчийг дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлж, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулан зохигчдод эрх үүрэг тайлбарлан, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулсан.

-2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ЗТ2023/00700 дугаар зөвлөгөөний тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгасан. 

- Шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн.

- 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 181/ЕШ2023/01929 ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч С.Х-г томилсон шийдвэрийг албажуулсан.

- 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2023/12076 дугаар шүүгчийн захирамжаар тус иргэний хэргийг 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 30 минутад хэлэлцүүлэхээр тогтоосон.

- 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШЗ2023/12370 дугаар шүүгчийн захирамжаар 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 30 минутын хүртэл хойшлуулсан.

- 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зохигч нарыг шүүх хуралдаанд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн.

- 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэсэн. 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хариуцагчид гардуулсан.

- 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 181/ШЗ2023/13073 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулсан.

- 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/15637 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн.

- 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэж, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2023/17207 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны товыг өөрчилж, хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 13 цаг 30 минутад товлосон.

- 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШЗ2023/18519 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутад болгож өөрчлөн товлон зарласан.

- 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШЗ2023/18997 дугаар шүүгчийн захирамжаар хэргийн оролцогчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр тогтоож, 181/ШШ2023/03575 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч С.Х нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсаныг дурдах нь зүйтэй.

Холбогдох шүүгч тайлбартаа “...Миний бие сард дунджаар 117.6  нэхэмжлэл хүлээн авсан байна. Мөн сард дунджаар 88.6 шүүх хуралдаан зарласан байна. Монгол Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан тус шүүхийн нийт 14 шүүгчийн орон тоог 17 болгон нэмэгдүүлсэн боловч тус шүүх нь өнөөдрийн байдлаар нийт 11 шүүгчтэй ажиллаж байгаа ба тус шүүхийн шүүх хуралдааны танхимын хүрэлцээтэй холбоотой шүүгч нар ажлын 5 өдрийн 2 өдөр шүүх хуралдаан зарлах хуваарьтай. Гэвч миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу гаргасан гомдлыг хэлэлцэх шүүх бүрэлдэхүүний шүүгчийн хурлын өдөр шүүх хуралдаан зарлаж, ажлын 5 өдрийн 3 өдөр нь 1 цагийн зайтай, зарим тохиолдолд 30 минутын зайтай, мөн зарим тохиолдолд өвчтэй, чөлөөтэй байгаа шүүгчийн шүүх хуралдаан заралдаг өдөрт шүүх хуралдаан зарлаж 4 өдөр шүүх хуралдаан зарлаж байна. ...2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар шүүгч миний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 223 иргэний хэрэг, түдгэлзүүлсэн 13 иргэний хэрэг, нийт 236 иргэний хэрэг байгаа болно. Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 747 нэхэмжлэл хүлээн авсан байна. ...Дээрх тайланд иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч жилд 209 иргэний хэрэг хянан шийдвэрлэх нь нэг шүүгчийн нэг жилд авах зохист ачаалал болохыг, мөн иргэний хэргийн шүүх нэг иргэний хэргийг шийдвэрлэхэд 210 хоног зарцуулж байгаа болохыг тогтоосон байна. ...Тухайлбал, миний бие ажлын цагийн дараа шөнийн 00 цаг, 02 цаг хүртэл сууж, мөн амралтын өдөр шүүхийн шийдвэр, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичих, хүсэлтүүдтэй танилцаж шийдвэрлэх, шүүх хуралдааны тэмдэглэл хянах, хэргийн материалтай танилцах зэрэг бусад ажиллагааг хийж байна” гэжээ.

     Мөн тухайн иргэний хэргээс үзвэл 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ЗТ2023/00700 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Г.Г-н нэхэмжлэлтэй “Ө” ХХК-д холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгаснаас хойш 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр оролцогчдыг дуудан ирүүлэх хүртэл буюу 84 хоног тухайн хэрэгт ямар нэгэн ажиллагаа хийгээгүй нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар холбогдох шүүгчээс тодруулахад “...Хэргийн оролцогчоос хүсэлт ирүүлээгүй учраас ажиллагаа хийх боломжгүй байсан. Тэр хугацаанд оролцогчоос хэргийн материалтай танилцах зэрэг өөрсдөө эрх үүргээ хэрэгжүүлэх боломжтой байсан..., ...нэхэмжлэл орж ирсэн дарааллаар хурлыг зарлаж явсаар байсан. Шүүхийн үйл ажиллагаа тасралтгүй байх ёстой. Хурлын товыг харах юм бол өмнө орж ирсэн хурлыг зарлаад явсан нь харагдана, ...Миний хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах шаардлага байхгүй. Би гэр бүл, эрүүл мэндээ хоёрдугаарт тавьж ажлаа хийж байна. Би 08 сараас 09 сар хүртэл ээлжийн амралттай байх хугацаандаа үүрийн 05, 06 цаг хүртэл шийдвэр бичээд суудаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах бодол байхгүй. Хүний хэргийг аль болох хурдан шийдвэрлэх зорилготой ажиллаж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай яваад байгаа вэ гэхээр ...Зөвхөн нэг сард орж ирсэн нэхэмжлэлтэй хэрэгт хурал зарлахад л 4 сар шаардлагатай байдаг. Эхний нэхэмжлэл зарлагдаж дуусаагүй байхад араас нэхэмжлэл ирдэг” гэж тайлбарыг нэмэлтээр өгсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2 дахь хэсэг “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж зааснаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 90 хоногийн хугацаанд явуулахаар зохицуулсан. 

Шүүгч С.Х нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 09 сар 04 хоногийн хугацаанд хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба үүний 84 хоногт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болох хэдий ч шүүхийн ачаалал, тухайн шүүгчид хуваарилагдаж байгаа нэхэмжлэл, хэргийн тоог харьцуулан үзэх шаардлагатай гэж үзлээ.

Эдгээрийг нэгтгэн дүгнээд шүүгчээс шууд шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн, удааширсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэдийгээр шүүгчээс шалтгаалахгүйгээр шүүхийн ачаалал, шүүх хуралдааны танхимын хүрэлцээ зэргээс хамааран хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй боловч шүүгч С.Х нь цаашид хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хугацааг баримталж дахин ийм нөхцөл байдал гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллавал зохино.

     Мөн өргөдөл гаргагчаас “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.1, 69.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хэрхэн шийдсэн талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчид мэдэгдээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчид одоог хүртэл захирамж гардуулаагүй. Гомдол гаргах эрхгүй захирамж гарсан гэж шүүгчийн туслах Э.Ц хэлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170.1 дэх заалтад зааснаар гомдол гаргах эрхтэй захирамж гарах байсан. Гомдол гаргах эрхгүй захирамж гарсан нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/15637 дугаар шүүгчийн захирамжаар “нэхэмжлэгч Г.Г-н өмгөөлөгч П.Э-с шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангахгүй орхиж, уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” гэж заасан байна.

Холбогдох шүүгч “...Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Э-н хүсэлтийг шийдсэн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон гарсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үр дагавар үүсгээгүй тул тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно. Түүнчлэн, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/Ш32023/15637 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт хамаарахгүй тул тус шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчид гардуулах шаардлагагүй болно. ...шүүгчийн туслах Э.Ц-д тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/Ш32023/15637 дугаар захирамжийг нэхэмжлэгч талд мэдэгдэхийг даалгасан ба хэргийн оролцогч нь тухайн шүүгчийн захирамжтай танилцах боломжтой юм” гэх тайлбарыг өгсөн.

Мөн шүүгчийн туслах Э.Ц “...Гардуулаагүй. Танилцуулах захирамж байгаа. Ажиллагаанд гомдол гаргах эрхтэй захирамжийг талуудад гардуулж, мэдэгдээд явдаг. Буцаасан зэрэг захирамжийг гардуулдаг. ...Тухайн үед хүсэлт шийдвэрлэсэн захирамж гарсан бол утсаар мэдэгддэг. Би сайн санахгүй байна. Зарим тохиолдолд оролцогчид утсаа авахгүй асуудал гардаг. Шүүгч хэргийн ажиллагаагаа удирдаж явуулдаг. Би хүргүүлэх, танилцуулах ажиллагаа хийдэг. Энэ хэргийн оролцогч нар нь шүүхэд ирдэггүй. Сүүлд 10 сард хурал зарлахад хурлаа хойшлуулах хүсэлттэй ирээд хэрэгтэйгээ танилцсан. Хэрэг танилцсан баримт дээр гарын үсэг зурсан. Өөр ирж уулзаж байгаагүй. ... Би оролцогч руу залгадаг. Олон оролцогчтой харилцдаг хүсэлт шийдвэрлээд оролцогч нар луугаа залгадаг. Ачааллаас болоод орхигдох үе байгаа” гэх мэдүүлгийг өгчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан байх бөгөөд шүүгч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангахгүй орхиж гомдол гаргах эрхгүй гэж заасныг буруутгах боломжгүй.

Тодруулбал, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулаагүй нь хэн нэгэн оролцогчийн эрхийг хөндөөгүй учир тухайн хүсэлт шийдвэрлэсэн захирамжид гомдол гаргах эрхийг заагаагүй нь дээрх хуулийг зөрчсөн гэж үзэхгүй. 

Мөн өргөдөл гаргагч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүгчийн туслах мэдэгдсэн гэж өргөдөлдөө дурдсанаас үзвэл “Уг хүсэлтийг хэрхэн шийдсэн талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчид мэдэгдээгүй” гэх өргөдөл нь үндэслэлгүй байна.

Үүнээс үзвэл хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч талд мэдэгдсэн байх ба харин захирамжийг гардуулаагүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байна.

Түүнчлэн өргөдөл гаргагч А.П нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүгч С.Х-д холбогдуулан гаргасан өргөдлөөсөө татгалзжээ.

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 104.2-т заасны дагуу сахилгын хэрэг үүсгэсэн бол өргөдөл, мэдээллээсээ татгалзсан эсэхээс үл хамааран сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна” гэж заасны дагуу сахилгын хэрэг үүсгэсний дараа өргөдөл гаргагч өргөдлөөсөө татгалзсан тул шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд ... шүүхийн шүүгч С.Х-д холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэлүүд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ГЗҮ/2023/0118 захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж,  2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ГС/2024/0001 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал” гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2 дахь хэсэг “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан байх хэдий боловч шүүхийн ачаалал, тухайн шүүгчид хуваарилагдаж байгаа нэхэмжлэл, хэргийн тоо зэргийг харгалзан үзэж, өөрийн хүсэл зориг, ашиг сонирхлоор буюу холбогдох шүүгчээс шууд шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн, удааширсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Шүүхийн тухай хуульд заасан зөрчил гаргасанд тооцохгүй гэж илтгэгч гишүүн дүгнэсэн нь үндэслэл бүхий  байна гэж бүрэлдэхүүн үзэв.

Гэхдээ холбогдох шүүгч С.Х нь цаашид хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хугацааг баримталж ажиллавал зохино.

Түүнчлэн, өргөдөл гаргагч А.П нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүгч С.Х-д холбогдуулан гаргасан өргөдлөөсөө татгалзсан болохыг тухайлан дурдах нь зүйтэй байна.

Мөн өргөдөлд дурдсан үндэслэл болон сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд холбогдох шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/15637 дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангахгүй орхиж, уг захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах талаар зохицуулж, 69.1.1 дэх заалтаас 69.1.5 дахь заалтад шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангуулахаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тодорхойлжээ. Тус зүйлд заасан хүсэлтийг шүүхэд нэхэмжлэгч гаргах эрхтэй бөгөөд хэрвээ хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан түүнийг нь шүүх хүлээж авсан тохиолдолд гаргасан нэхэмжлэлийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн эрх эдлэх тул шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээ авхуулах хүсэлт гаргах эрх үүсдэг. Тодруулбал үндсэн нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэл гаргасан хариуцагч тус эрхийг эдэлнэ.

Хуульд заасан нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авч, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх заалтаас 69.1.5-д заасан үр дагавар үүссэн тохиолдолд тухайн захирамжид мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан байна.

Иймд холбогдох хуулийн зохицуулалт болон агуулгаас үзэхэд шүүгч С.Х нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн захирамждаа гомдол гаргах эрхгүй гэж заасан нь хуульд нийцсэн байна.

            Дээрх үйл баримтаас дүгнэн үзэхэд ... шүүхийн шүүгч С.Х-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ... шүүхийн шүүгч С.Х-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

                             ДАРГАЛАГЧ, ГИШҮҮН                            Б.СУГАР

                             ГИШҮҮН                                                   Ц.ДАВХАРБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭЧУЛУУН