info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-02-20

Дугаар 18

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга А.Номин, өргөдөл гаргагч Д.О түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

...шүүхийн шүүгч М.Б, Х.Б нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Иргэн Д.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э өргөдөлдөө: “...1.Иргэн Д.З-ын нэхэмжлэлтэй ...сайд, ...дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдох захиргааны хэрэг маргааныг ...шатны шүүхээс 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6.. дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ...хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2../MA/2016/0..9 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж тус тус шийдвэрлэснийг ...шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Захиргааны хэргийн шүүгч Х.Б илтгэж, танхимын тэргүүн асан шүүгч М.Б даргалж 2017 оны 01 дүгээр 30-ны өдрийн 3.. дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн.

Ийнхүү шийдвэрлэхдээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль (1994 он)-ийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана", 37 дугаар зүйлийн 1 дэх "...захиргаатай хамтран байгуулна” гэж тус тус зааснаас үзэхэд ...дүүргийн Засаг даргад тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй буюу тусгай хамгаалалттай газарт иргэдэд газар эзэмших эрх олгохоор шийдвэр гаргах эрх бүхий субъект биш байхад тус хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын ХЯНАВАЛ хэсэгт дүгнэхдээ "...Д.З 2008 оноос хойш дүүргийн Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр мэдэлдээ байлгаж, хашаалан бусдыг суулгаж байсан газрыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А-2.. тушаалаар тус газар дээр амьдарч байгаагүй Д.О-д олгосон нь нэхэмжлэгчийн газар эзэмшиж, ашиглах хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнөөс гадна захиргааны акт зорилгодоо нийцээгүй байна" хэмээн газрыг иргэн Д.З бодитоор эзэмшээгүй гэж дүгнэж, " хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн" гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий бөгөөд /1 хоног ч амьдарч үзээгүй/ тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлтээ гаргаагүй, дүүргийн Засаг даргын захирамжтай байхад дээрх байдлаар дүгнэж, тусгай хамгаалалттай газрын хуулийн 39.1-д иргэн ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг нь бусдад дамжуулан ашиглуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж, 1994 онд гарсан тусгай хамгаалалттай газрын хууль гарахаас өмнө оршин сууж байсан иргэдэд ашиглуулах журамд зааснаар Д.О нь 1986 оноос хойш тус газар амьдарсан, харин н.З нь 2000 онд Хэнтий аймгаас Улаанбаатарт нүүж ирсэн. /шүүхэд авагдсан материалаас/ байхад миний хууль ёсоор тусгай хамгаалалттай газар нутагт хүсэлтээ гаргаж, газар ашиглуулах эрх авсныг хүчингүй болгож, хуулийг илт гуйвуулан дүгнэж хууль зөрчсөн гэж үзэж байна.

Тухайлбал, ...шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2.. дугаар тогтоолоор "А" ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэсэн кейс болон шүүхийн цахим шийдвэрийн санд байршуулсан шийдвэрүүдэд дүүргийн Засаг дарга тусгай хамгаалалттай газар нутагт өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар буюу газар эзэмших эрх олгох эрхгүй, газар эзэмшүүлсэн шийдвэр гаргасан нь хуулийн үндэслэлгүй талаар дүгнэж шийдвэрлэсэн шүүхийн практикаас нэлээд байгаа бөгөөд иргэн Д.З-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүхийн практикаас өөр шийдлээс шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч талд үйлчилсэн гэж хардах үндэслэл байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т "тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан" 47.1.6-д "иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" гэж зааснаар иргэн Д.З-т эзэмшүүлсэн ...дүүргийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамж нь илт хууль бус захиргааны акт байхад ...шүүхийн захиргааны мэргэшсэн шүүгч нарын хувьд тусгай хамгаалалттай газар нутагт иргэн Д.З-т эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын захирамжийг хүчинтэйд тооцож, иргэн Д.О-д газар ашиглуулах эрх олгосон ...Сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А-2.. дугаар тушаалын Д.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь хуулийн үндэслэлгүй тул эдгээр 2 шүүгчид сахилгын хэрэг үүсгэх бүрэн үндэслэлтэй.

2. ...шүүхийн тогтоолын Хянавал хэсэгт: "...Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ...дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2.. дүгээр захирамжаар Д.З-т тус дүүргийн ...дүгээр хороо ...тоот 0.03 га газрыг эзэмшүүлсэн бөгөөд Д.О-д ашиглах зөвшөөрөл олгогдсон 2-.. тоот газрууд нь хаягийн хувьд өөр боловч байршлын хувьд "нэг маргаан бүхий газар" болох нь тогтоогдож байна" хэмээн буруу дүгнэлт өгч, нэг талыг баримтлан бидний газар ашиглах эрхийг хүчингүй болгосонд гомдолтой байна. Учир нь маргаан бүхий газрын хувьд байршлын хувьд 2 өөр гэдэг нь ...шатны шүүхээс хийсэн газрын үзлэг болон хэрэгт авагдсан гэрч ...дүүргийн Газрын албанд газар зохион байгуулагчаар ажиллаж байсан М.Н, ...дүүргийн ...дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байсан Ц.Л, ...тоотод оршин суугч Г.Х нарын мэдүүлэг, ...дүүргийн Засаг даргын 2011 оны 4-р сарын 24-ний өдрийн 0../1.. дугаар албан бичиг зэрэг бусад баримтаар батлагдаж, нотлогддог. Гэтэл нотлох  баримтад үндэслэхгүйгээр "нэг маргаан бүхий газар" гэж дүгнэсэн нь илт нөгөө талд үйлчилсэн гэж үзэж байна.

 3. Мөн Хянавал хэсэгт “...Түүнчлэн нэхэмжлэгч дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зөвшөөрөлгүй удаан хугацаанд оршин сууж байгаа иргэдийн газрыг гэрчилгээжүүлэх асуудалтай холбогдуулан эрх бүхий захиргааны байгууллагад "газар ашиглах хүсэлт" гаргаж байгаагүй болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд ийнхүү хүсэлт гаргаагүй байхад түүнд тухайн газрыг ашиглуулах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах хууль зүйн боломжгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна" гэж мөн хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /1994 оны/-ийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 13, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тусгай хамгаалалтын газрыг бусдад ашиглуулах нь битгий хэл бусдад шилжүүлэх эрхгүй, хэрэв уг зөрчлийг гаргасан тохиолдолд газар ашиглах эрхийг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай. Мөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Байгаль орчны Сайдын 2001 оны 218 дугаар тушаалын 1-р Хавсралтаар баталсан "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам"-ын 5.2-т "Ашиглаж байгаа газраа зөвшөөрөлгүй бусдад шилжүүлэх, дамжуулан ашиглуулах"-ыг хориглосон байдаг.

 Гэтэл нэхэмжлэгч Д.З тусгай хамгаалалттай газар нутагт төрийн захиргааны төв байгууллагад газар ашиглах эрх хүсэлтээ гаргаагүй, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад иргэн Д.О-ын хуулийн дагуу газар ашиглах хүсэлт гаргаж, хуулийн дагуу газар ашиглуулах эрх олж авсан газрыг Д.З-ын газар хэмээн үзэж, улмаар Д.О-ын газар ашиглуулах эрх олж авсан газарт бусдыг суулган ашиглуулж байсан Д.З-ын хууль бус үйлдэл болон төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр бус ...дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшиж байсныг хууль ёсны гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд хууль бус дүгнэлт хийж, гуравдагч этгээдэд ноцтой хохирол учруулсан гэж үзэж байна.

Иймд, гуравдагч этгээд Д.О миний хуулийн дагуу, хууль ёсоор газар ашиглах эрх түрүүлж олж авсан "...сайдын 2015 оны 06-р сарын 29-ний өдрийн А-2.. дугаар тушаалын Д.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгож" шийдвэрлэсэн нь хуулийн дагуу шийдвэрлээгүй гэж үзэж байна...

4. ...шүүхээс эцэст нь дүгнэхдээ “...давж заалдах шатны шүүх "Д.З-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон" өөрчлөлтийг анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна" хэмээн дүгнэсэн нь хяналтын шатны тогтоол хоёрдмол утгыг агуулсан төдийгүй, ойлгомжгүй болсон нь "шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн шаардлагыг хангаагүйгээс гадна хуулийн тодорхой заалтыг зөв тайлбарласан атлаа шийдлээ буруу дүгнэж, гуравдагч этгээдийн хуулийн дагуу олж авсан газар ашиглах эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Ийнхүү хяналтын шатны тогтоол хоёрдмол утгыг агуулсан, ойлгомжгүй байдлаас шалтгаалан хариуцагч ...сайд энэ нөхцөл байдлыг буруу хэрэгжүүлж, газар ашиглах эрх олгогдоогүй Д.З-т ...сайдын 2018 оны 01-р сарын 08-ны өдрийн А/0.. тоот "Шүүхийн шийдвэр биелүүлж, газар ашиглах эрхийг хүчингүй болгож, эрх олгох тухай" тушаалыг гаргаж, төрийн захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийг буруу хэрэгжүүлэхэд хүргэсэн.

Тиймээс хяналтын шатны захиргааны хэргийн мэргэшсэн танхимын шүүгч асан М.Б, илтгэгч шүүгч Х.Б нарын хувьд дараах байдлаар хуулийн тодорхой заалтыг илт зөрчсөн гэж үзэж байна. Үүнд: нэхэмжлэгч Д.З хуулийн дагуу газар ашиглах эрх үүсээгүй, өөрөөр хэлбэл хуулийн дагуу холбогдох төрийн захиргааны төв байгууллагад газар ашиглах хүсэлтээ гаргаагүй тул газар ашиглах эрх үүсээгүй, нэхэмжлэгч Д.З-т газар эзэмшүүлсэн ...дүүргийн Засаг дарга тусгай хамгаалалтын газар нутагт, газар ашиглуулах эрх олгох субъект биш байхад хууль ёсны гэж дүгнэж, хуулийг илт гуйвуулсан нэг талд үйлчилсэн гэж үзэж байгаа тул сахилгын хэрэг үүсгэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд, гомдлыг хүлээн авч шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэж өгнө үү” гэжээ. 

...шүүхийн шүүгч М.Б, Х.Б нар тайлбартаа: “...Нэг.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т "Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүх таван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ", 87 дугаар зүйлийн 87.3-т “Шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхын саналаар шийдвэрлэнэ", 127 дугаар зүйлийн 127.1-д "Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, энэ хуулийн 105.1-д заасан журмын дагуу шийдвэрээ гаргаж гомдлыг хангасан эсэхийг сонсгоно гэж тус тус заасны дагуу Улсын дээд шүүх хяналтын журмаар хэрэг, маргааныг таван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж, шүүх бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэр гаргадаг бөгөөд шүүх хуралдааны даргалагч болон илтгэгч шүүгчийн (тухайн үед хүчин төгөлдөр байсан хуулиар даргалагч болон илтгэгч шүүгч нар үсэг зурдаг байсан) саналаар хэргийг шийдвэрлэдэггүй болно.

Хоёр. Өргөдлийг үзвэл, Д.З-ын нэхэмжлэлтэй, ...сайд, ...дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдох захиргааны хэргийн талаар байх ба өргөдөлд маргааны үйл баримт буюу шүүх нотлох баримтыг үнэлсэн талаар тайлбарласан, өөрөөр хэлбэл, энэ нь хууль хэрэглээний асуудалтай холбоогүй байна. Тодруулбал, Д.З-аас "...сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-2.. дугаар тушаалын Д.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ...тоот хаягтай газрын гэрчилгээг Д.З-т олгуулахыг хариуцагчид даалгах" нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тухайн хэргийн гуравдагч этгээд болох өргөдөл гаргагч Д.О-аас "Д.З-ын нэр дээр олгосон, нэгж талбарын 18........05 дугаартай кадастрын зургийг илт хууль бус болохыг тогтоолгох" бие даасан шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бол харин давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн "...сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-2.. дугаар тушаалын Д.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" шаардлагыг хангаж, үлдэх "...тоот хаягтай газрын гэрчилгээг Д.З-т олгуулахыг хариуцагчид даалгах" шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүх гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдэд олгосон газрууд нь хаягийн хувьд өөр боловч байршлын хувьд нэг "маргаан бүхий газар" болох нь тогтоогдож, нэхэмжлэгч Д.З 2008 оноос хойш дүүргийн Засаг даргын захирамж, газар эзэмших гэрчилгээний үндсэн дээр өөрийн мэдэлдээ байлгаж, хашаалан, бусдыг суулгаж байсан газрыг ...тус газар дээр амьдарч байгаагүй Д.О-д олгосон нь нэхэмжлэгчийн газар эзэмшиж, ашиглах хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнөөс гадна захиргааны акт зорилгодоо нийцээгүй" гэж дүгнэн, өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх үйл баримтыг зөв дүгнэсэн тул магадлалын шийдлийг хэвээр үлдээж, харин тогтоох нь хэсгийг ойлгомжтой болгох үүднээс найруулгын өөрчлөлт (...шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 3.. дүгээр тогтоолын Хянавал хэсгийн 7 дахь догол мөр) оруулж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т "Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэж заасны дагуу шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж, өөрийн дотоод итгэл үнэмшлийн дагуу хараат бусаар үнэлж, уг үйл баримтад зохих хуулийг хэрэглэн хэрэг, маргааныг шийдвэрлэдэг. Дурдсан хэргийн хувьд, хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үйл баримтыг үнэлж дүгнэн, хуульд үндэслэж шийдвэрлэсэн бөгөөд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн маргааны үйл баримттай холбогдуулан гомдол гаргасан нь үндэслэлгүй, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн" гэх үндэслэлд хамаарахгүй байна. Иймд, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Д.З нь  ...сайд, ...дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдуулан сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А-2.. тоот тушаалын Д.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ...тоот хаягтай газрын гэрчилгээг олгуулахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэл гаргасан, гуравдагч этгээд Д.О нь иргэн Д.З-ын нэр дээр олгосон, нэгж талбайн талбарын 18.........05 дугаартай кадастрын зургийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлага гаргажээ.

...шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар тухайн захиргааны хэргийг хянан хэлэлцээд 6.. дугаар шийдвэрээр: “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл ...сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-2.. тоот тушаалын Д.О-д холбогдох хэсгийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, ...кадастрын зургийг илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргасныг ...шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 7.. дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Дээрх магадлалыг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан, ...шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3.. дүгээр тогтоолоор ...шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2../МА2016/0... дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. 

Өргөдөл гаргагч өргөдөлдөө “...хяналтын шатны шүүх хуралдааныг танхимын тэргүүн асан шүүгч М.Б даргалж, шүүгч Х.Б илтгэсэн ба ...Д.З 2008 оноос хойш дүүргийн Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр мэдэлдээ байлгаж, хашаалан бусдыг суулгаж байсан газрыг ...сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А-2... тушаалаар тус газар дээр амьдарч байгаагүй Д.О-д олгосон нь нэхэмжлэгчийн газар эзэмшиж, ашиглах хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнөөс гадна захиргааны акт зорилгодоо нийцээгүй байна, ... дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2.. дүгээр захирамжаар Д.З-т тус дүүргийн ...дүгээр хороо ...тоот 0.03 га газрыг эзэмшүүлсэн бөгөөд Д.О-д ашиглах зөвшөөрөл олгогдсон 2-4.. тоот газрууд нь хаягийн хувьд өөр боловч байршлын хувьд "нэг маргаан бүхий газар" болох нь тогтоогдож байна, ...нэхэмжлэгч дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зөвшөөрөлгүй удаан хугацаанд оршин сууж байгаа иргэдийн газрыг гэрчилгээжүүлэх асуудалтай холбогдуулан эрх бүхий захиргааны байгууллагад "газар ашиглах хүсэлт" гаргаж байгаагүй болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд ийнхүү хүсэлт гаргаагүй байхад түүнд тухайн газрыг ашиглуулах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах хууль зүйн боломжгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна, ... гэж дүгнэсэн нь хяналтын шатны тогтоол хоёрдмол утгыг агуулсан төдийгүй, ойлгомжгүй болсон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-г зөрчсөн...” гэсэн агуулга дурджээ.

Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон ба Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж заасан. 

Өргөдөл гаргагч өргөдөлд  “...шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3.. дүгээр тогтоол”-ын талаар дурдсан тул 2012 оны 03 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэх ба харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг дагаж мөрдөнө.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд шүүгчид хориглох зүйлийг тодорхойлж, хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэхээр заасан ба Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэжээ.

Д.З-ын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахдаа хяналтын шатны шүүх ийнхүү шийдвэрлэсэн үндэслэлийг тогтоолд тодорхой дурдсан бөгөөд тогтоол эцсийн шийдвэр байна.

Хяналтын шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй тул магадлалд өөрчлөлт оруулсан нь сахилгын зөрчилд хамаарахгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх тул хууль хэрэглээ болон нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой шүүгчийн үйл ажиллагаа нь сахилгын зөрчилд тооцогдохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд Сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт “Тогтоолд анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн агуулга, хяналтын журмаар гаргасан гомдлын болон гаргаж байгаа тогтоолын хуулийн үндэслэлийг тусгаж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд тус хуулийн 4 дүгээр зүйлд “...127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсгийн “шүүх хуралдаан даргалагч, илтгэгч шүүгч" гэснийг "шүүх бүрэлдэхүүн гэж” өөрчлөлт оруулсан байна.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиар хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн тогтоолд шүүх хуралдаан даргалагч болон илтгэгч шүүгч нар гарын үсэг зурсан нь хуульд нийцсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т "Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүх таван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ", 87 дугаар зүйлийн 87.3-т “Шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхын саналаар шийдвэрлэнэ" гэж заасан. Өөрөөр хэлбэл, тогтоолд шүүх хуралдаан даргалагч, илтгэгч шүүгч гарын үсэг зурсан нь хэргийг тухайн шүүгчийн саналаар шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ...шүүхийн шүүгч М.Б, Х.Б нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.       

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

         ДАРГАЛАГЧ                       Г.ЦАГААНЦООЖ

            ГИШҮҮН                           Х.ХАШБААТАР                        

                                                           Д.ЭРДЭНЭЧУЛУУН