info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-01-31

Дугаар 9

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Номин, ажиглагчаар Ц.И-ыг цахимаар оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ГС/2024/0007 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд        ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “...Өргөдөлд иргэн Ж.М-ын нэхэмжлэлтэй “Ц Ш” ХХК-д холбогдох иргэний хэргийн оролцогч нараас гаргасан гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч шүүхийн даалгавар хүргүүлэх ажиллагааг хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгч талын асуултыг захирамжид оруулсан, хариуцагч талаас гаргасан гэрчээс асуух асуултыг захирамждаа оруулаагүй,  захирамжийн хавсралт байдлаар оруулсан нь нэхэмжлэгч талд давуу байдлыг зориудаар үүсгэсэн гэсэн агуулга дурджээ. ... шүүхэд хариуцагч “Ц Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И-аас Л.Н, Н.Б, Т.А, Б.О, Х.М, Д.А нараас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөр огноолон бичиж, 09 дүгээр сарын 19-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан байх бөгөөд гэрчүүдээс асуух асуултаа тодорхойлсон байна. Холбогдох шүүгч Г.А-ийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр даргалан явуулсан Ж.М-ын нэхэмжлэлтэй “Ц Ш” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И нар оролцсон байх бөгөөд тус шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж “Даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” ... дугаартай шүүгчийн захирамж гарсан байна. Тус шүүгчийн захирамжийн захирамжлах нь хэсэгт “1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрч асуулгах хүсэлтийг хангасугай.          2. ... гэрч нараас мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэж, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус шүүхэд ирүүлэхийг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус даалгажээ.

Дээрх ... дугаар захирамжийг нэхэмжлэгч Ж.М 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 53 минутад гардаж авсан болох нь “Шүүгчийн захирамж гардуулсан, хүргүүлсэн, мэдэгдсэн тухай” баримтаар тогтоогдож байх бөгөөд уг захирамжид хуульд заасан хугацааны дотор зохигч талуудаас гомдол гаргаагүй, захирамж хуулийн хүчин төгөлдөр болжээ. Өргөдөлд дурдагдаж буй иргэний хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны дуу, дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд дараах үйл баримт бичигдэн үлджээ.  “... 00:13 минутаас Даргалагч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ. Хэргийг хянан шийдвэрлэхэд гэрчийн мэдүүлэг нь хамааралтай, ач холбогдолтой байж болох тул гэрчийн мэдүүлэг авах нь зүйтэй гэж үзлээ. Зургаан хүний гэрчийн мэдүүлгийг авхуулъя гэсэн хүсэлт гаргасан. Эдгээрээс Л.Н буюу хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлаас гэрчийн мэдүүлэг авах үндэслэлгүй гэж үзлээ. Яагаад гэвэл энэ хэргийн оролцогч хариуцагчаар оролцож байгаа. Харин бусад хүн буюу Б, А, О, М, А нараас гэрчийн мэдүүлэг авах нь зүйтэй гэж үзлээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тодорхойлсон оршин суух хаягаар ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхээр гэрчийг асуулгах ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзэж, тус шүүхэд даалгаж, гэрчийн мэдүүлгийг авхуулан ирүүлэх хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэлээ. Гэрч нараас асуух асуултаа нэхэмжлэгч талаас тавьж болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрч нараас асуух 7 асуулт тавьсан байгаа. Энэнээс нэг асуулт буюу 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн орчим хоолны газрын VIP өрөөнд Ж.М орж ирээд Улаанбаатар явсан шалтгаанаа юу гэж тайлбарласан бэ гэдгийг л асууна. Бусад асуултын хувьд боломжгүй гэж үзлээ. Яагаад гэвэл М-ын энэ үйлдэл нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан эсэх, бусдыг үл хүндэтгэсэн эсэх, үйлчилгээний журмыг зөрчсөн эсэх, биеэ зөв авч явах нийтээр хүлээн зөвшөөрсөн журмыг зөрчсөн эсэх талаар гэрч дүгнэх, энэ талаар мэдүүлэх үүрэггүй. Энэ талаар үйл баримтыг тогтоох талаар мэдүүлэх үүрэгтэй, болсон үйл явдлыг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Гэрчид хөтөлсөн буюу тулгасан асуулт тавьж болохгүй гэдэг үүднээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тавьсан асуултаас нэг асуултыг тавих боломжтой гэж үзлээ. Хуульд заасан журмын дагуу асуултаа өөрчилж тавьж болно. Мөн нэхэмжлэгч талаас гэрч нарт тавих асуултаа тавьж болно. Гэрч асуух ажиллагаанд талууд оролцох эрх нь нээлттэй. 05:26 минутад Нэхэмжлэгч тал-Асуултаа ямар байдлаар тавих вэ? 05:29 минутад Даргалагч-Юу тодруулах гэж байгаагаа тавьж болно. Шүүхээс захирамж гаргахдаа тогтоох хэсэгт нь заагаад өгнө. Хариулт авах боломжтой асуултуудыг. 05:52 минутад Хариуцагч тал-Манайх ч гэсэн асуултуудаа өөрчлөөд тавья даа. 05:54 минутад Даргалагч-Талууд аль аль нь асуултаа тавих боломжтой. Эсхүл гэрчийг асуулгах ажиллагаанд өөрсдөө оролцоод асуултаа тавьж болно. Энэ нь нээлттэй. За ойлгомжгүй зүйл байхгүй бол шүүх хуралдаан хаасныг мэдэгдье” гэснээр шүүх хуралдаан дуусжээ. Дээрх бичлэгээс үзэхэд холбогдох шүүгч гэрчээс асууж тодруулах зүйлсийг тодорхойлох үүднээс “Талууд аль аль нь асуултаа тавих боломжтой. Эсхүл гэрчийг асуулгах ажиллагаанд өөрсдөө оролцоод асуултаа тавьж болно. Энэ нь нээлттэй” гэж шүүх хуралдаан дээр мэдэгдсэн нь зохигч талууд гэрчид тавих асуултаа өгөх, асуултуудаа өөрчлөн дахин асуултаа тавих боломжийг шүүхээс олгосон байх ба итгэмжлэгдсэн төлөөлөгч /өргөдөл гаргагч/ Ц.И “Манайх ч гэсэн асуултуудаа өөрчлөөд тавья” гэж хэлсэн байна. Нэхэмжлэгч Ж.М 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гэрчид тавих асуултууд ирүүлсэн байх бөгөөд хариуцагч талаас гэрчид тавих асуултын талаар ямар нэгэн нэмэлт хүсэлтийг захирамж хуулийн хүчин төгөлдөр болохоос өмнө ирүүлсэн талаарх баримт тухайн иргэний хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн, шүүгчийн туслах С.Ц-аас тухайн үйл баримтын талаар асуухад “...тухайн захирамжийг бичгийн хэлбэрээр гарахаас өмнө гэрчээс асуух асуултаа өгөөрэй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И-тай ярихад асуултаа өөрчилж өгөхгүй гэсэн...” гэж тайлбар өгсөн. Талуудаас тус захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй тул 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч захирамж гарснаас хойш 10 дахь хоног дээр, гардан авснаас хойш 7 хоногийн дараа буюу 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөр огноолон бичгээр гаргасан гэрч нараас асуух асуултаа 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн нь тус хүсэлтийн ард дахь хүлээн авсан тэмдгээр тогтоогдож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И шүүх хуралдаанд биечлэн оролцсон, захирамжийг гардаж авсан, захирамжид гомдол гаргаагүй энэхүү үйл баримт нь захирамжийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдох ба эс зөвшөөрсөн бол гомдол гаргах эрх нь хуулийн дагуу нээлттэй байжээ. Харин холбогдох шүүгч сүүлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И-ын гаргасан гэрч асуулгах хүсэлтийг хүлээн авч, холбогдох шүүхүүд рүү даалгавар гүйцэтгүүлэхээр явуулахдаа захирамждаа хавсаргаж явуулсан нь хэргийн оролцогч болох хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг тэгш, шударгаар хангахаар хийсэн ажиллагаа гэж ойлгогдохоор байх төдийгүй түүний гэрч нараас асуулгахыг хүссэн асуултуудыг асуухаар даалгавар гүйцэтгэсэн шүүхүүд ажиллагаа хийсэн болох нь баримтаар тогтоогдож байна. Иймд холбогдох шүүгч Г.А-г иргэн Ж.М-ын нэхэмжлэлтэй, “Ц Ш” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч, хариуцагч нарт ижил тэгш хандах, тэгш эрхийн суурь зарчмыг алдагдуулж нэхэмжлэгч талд давуу байдлыг зориудаар үүсгэсэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэхгүй. Иймд ... шүүхийн шүүгч Г.А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

  Шүүгч Г.А тайлбартаа: “...Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаартай "Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай" захирамжаар Ж.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч "Ц Ш" ТӨХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон явуулахаар тогтоосон байна. 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зохигчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 16:30 минут хүртэл хойшлуулсан. 2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн шүүх хуралдааны шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрч асуулгах хүсэлт гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн ... дугаартай захирамжаар хүсэлтийг хүлээн авч, даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Дээрх захирамжаар гэрч зохигчийн хооронд маргаантай байгаа асуудлын талаар өөрийн мэдэж буй мэдээллийг шүүхэд мэдүүлэх үүрэгтэй бөгөөд гэрчээс мэдүүлэг авахдаа тулгах, албадах, хөтлөн асуух замаар мэдүүлэг авч болохгүй тул хариуцагч талын гэрчид тавих асуултын 2-7 дугаартай асуултад хариулт авах шаардлагагүй гэж үзсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гэрчээс асуух асуултаа өөрчилж өгөх боломжтойг тайлбарлаж өгсөн бөгөөд шүүгчийн захирамж бичгийн хэлбэрээр гарахаас өмнө шүүгчийн туслах С.Ц хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И-тай утсаар холбогдож гэрчээс асуух асуултаа өөрчилж өгөх эсэхийг асууж, тодруулсан боловч өгөхгүй гэсэн хариулт өгсөн байдаг. 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүгчийн захирамж бичгийн хэлбэрээр гарсан бөгөөд хариуцагч талын 1 дугаартай асуултыг захирамжид дурдсан болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И гэрчээс асуух асуултаа захирамж бичгийн хэлбэрээр гарсны дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн тул хариуцагч талын асуултыг захирамжид тусгах боломжгүй юм. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн ... дугаартай захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй бөгөөд зохигч талаас гомдол гаргаагүй тул захирамжийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр даалгавар гүйцэтгэх ... Иргэний хэргийн анхан шатны шүүх, ... Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү тус тус хүргүүлсэн. Мөн даалгавар гүйцэтгэж буй шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гэрчийн мэдүүлэг авах товыг мэдэгдэх үүрэгтэй ба хэргийн оролцогч гэрчийн мэдүүлэг авахад байлцах, гэрчид асуулт тавих эрхтэйг дурдах нь зүйтэй. Иймд албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох, нэхэмжлэгч, хариуцагч нарт ижил тэгш хандах, тэгш эрхийн суурь зарчмыг алдагдуулж, нэхэмжлэгч талд давуу байдлыг бий болгосон гэж үзэхгүй байх тул надад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагчаас “...гэрч асуулгах хүсэлтийг шүүгч хангаж шийдвэрлэсэн боловч хариуцагчийн гэрчээс асуух асуултыг захирамжид оруулаагүй, хавсралтаар явуулсан” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл, ...шүүхийн шүүгч Г.А-ийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар захирамжаар Ж.М-ын нэхэмжлэлтэй “Ц Ш” ТӨХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байна.

Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И-аас нэр бүхий 6 хүнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг ... дугаар шүүгчийн захирамжаар нэр бүхий 5 хүнийг гэрчээр асуухаар шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8-д заасны дагуу гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэхийг ... Иргэний хэргийн анхан шатны шүүх болон ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Дээрх шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт гэрчээс мэдүүлэг авахдаа тулгах, албадах, хөтлөн асуух замаар мэдүүлэг авч болохгүй тул хариуцагч талын хүсэлтдээ бичсэн 7 асуултын 2-7 дугаартай асуултад хариулт авах шаардлагагүй гэж үзсэн талаар дурджээ.

Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн тус шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийж бэхжүүлсэн байх ба бичлэгт даргалагчаас “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрч нараас асуух 7 асуулт тавьсан байгаа. Энэнээс нэг асуулт буюу 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн орчим хоолны газрын VIP өрөөнд Ж.М орж ирээд Улаанбаатар явсан шалтгаанаа юу гэж тайлбарласан бэ гэдгийг л асууна. Бусад асуултын хувьд боломжгүй гэж үзлээ. Яагаад гэвэл М-ын энэ үйлдэл нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан эсэх, бусдыг үл хүндэтгэсэн эсэх, үйлчилгээний журмыг зөрчсөн эсэх, биеэ зөв авч явах нийтээр хүлээн зөвшөөрсөн журмыг зөрчсөн эсэх талаар гэрч дүгнэх, энэ талаар мэдүүлэх үүрэггүй. Энэ талаар үйл баримтыг тогтоох талаар мэдүүлэх үүрэгтэй, болсон үйл явдлыг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Гэрчид хөтөлсөн буюу тулгасан асуулт тавьж болохгүй гэдэг үүднээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тавьсан асуултаас нэг асуултыг тавих боломжтой гэж үзлээ. Хуульд заасан журмын дагуу асуултаа өөрчилж тавьж болно. Мөн нэхэмжлэгч талаас гэрч нарт тавих асуултаа тавьж болно. Гэрч асуух ажиллагаанд талууд оролцох эрх нь нээлттэй.” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...асуултуудаа өөрчлөөд тавья” гэж хэлсэн болох нь бичигдсэн байна.

Улмаар нэхэмжлэгч Ж.М нь гэрч нараас асуух 5 асуултыг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн байх бөгөөд дээрх асуултуудыг хариуцагч талын асуусан нэг асуултын хамт гэрч нараас асуулгахаар 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаар шүүгчийн захирамжид тусгаж, уг захирамжийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчид, 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тус тус гардуулсан баримт хэрэгт авагджээ.

Тус шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхтэй талаар дурдсан байх боловч хэргийн оролцогчийн хэн аль нь гомдол гаргаагүй тул 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр буюу шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсны дараа гэрч нараас асуулгах асуултаа шүүхэд ирүүлсэн болох нь шүүхийн дардас дарсан тэмдэглэгээгээр тогтоогдож байх тул шүүгчийг захирамжид хариуцагчийн ирүүлсэн асуултыг тусгаагүй гэх үндэслэлээр буруутгах боломжгүй.

Нөгөө талаас, дээрх захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул гэрч нараас асуулгахаар ирүүлсэн хариуцагч талын асуултыг нэмж өөрчлөх боломжгүй байжээ.

Харин дээрх  шүүгчийн захирамжийг тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 238 дугаар албан бичгээр ... иргэний хэргийн анхан шатны шүүх рүү, 239 дугаар албан бичгээр ... иргэний хэргийн анхан шатны шүүх рүү хүргүүлэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мөн өдөр ирүүлсэн гэрч нараас асуулгах асуултыг хавсаргаж хүргүүлсэн нь буруу болжээ.

Гэвч Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 5.7.1-т “Шүүгчийн туслах даалгавар гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц холбогдох баримтын хамт бүртгэлд бүртгэн, даалгавар гүйцэтгэх шүүхэд хүргүүлнэ” гэж заасан бөгөөд шүүгчийн захирамжид тусгаагүй асуултыг хавсралтаар хүргүүлсэн үйлдэлд шүүгчийг буруутгах үндэслэлгүй.

Дээрх захирамжийн дагуу ... Иргэний хэргийн анхан шатны шүүх гэрч Н.Б-өөс мэдүүлэг авахдаа захирамжид хавсаргасан асуултыг асуусан, ... иргэний хэргийн анхан шатны шүүх гэрч Б.О, Х.М, Д.А нараас мэдүүлэг авахдаа захирамжид хавсаргасан асуултыг асуугаагүй болох нь сахилгын хэрэгт цугласан баримтаар тогтоогдож байх боловч шүүгч хэрэгт цугласан баримтыг өөрийн дотоод итгэлээр хэрхэн үнэлэх нь түүний бүрэн эрх хэмжээний асуудал юм. 

Иймд өргөдөлд дурдсан үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ГС/2024/0007 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Ц.И-ын өргөдлөөр ... шүүхийн шүүгч Г.А-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ                                      С.ЭНХТӨР

                        ГИШҮҮД                                            Ц.ДАВХАРБАЯР

                                                                                        Д.МЯГМАРЦЭРЭН