info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-02-14

Дугаар 13

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга А.Номин нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Н.Б-д /өмнө нь ... шүүхийн шүүгч байсан/ холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хорооны гишүүний ГС/2024/0012 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-д:

“... 1. Өргөдөлд “ ... шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүйгээр урт удаан хугацаагаар хойшлуулдаг ба ... 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хэргийг бүтэн хэлэлцэж, хариуцагчийн хүсэлтээр шүүх хурлыг хойшлуулахдаа 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 2 сар шахам хугацаагаар, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хэргийг хэлэлцэж хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулахдаа 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл мөн л 2 сар шахам хугацаагаар үндэслэлгүйгээр хойшлуулж байгаа нь хэргийг шийдвэрлэх хүсэл сонирхол байхгүй байна гэж ойлгож байна... “ гэжээ.

Иргэний хэргийг шийдвэрлэх 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 1 жил, 3 сар, 19 хоногийн ажиллагаанд, ...-д шинжээч томилсон захирамжийг 25 хоногийн дараа хүргүүлсэн, шинжээчийн саналыг хүлээн авснаас 23 хоногийн дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн,  хэргийг сэргээснээс хойш 37 хоногийн дараа буюу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр насанд хүрээгүй хүүхдүүдээс санал авсан, үүнээс хойш 123 хоног буюу урт хугацааны дараа шүүх хуралдаан товлосон зэрэг хугацаа алдсан гэж үзэхээр үйл баримтуудыг шалгавал:

- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарах шүүгчийн зарим захирамж гомдол гаргах эрхтэй, уг эрхийг хангаж, ажиллагаа хийсэнд шүүгчийг буруутгахгүй. Тухайлбал, шинжээч томилсон 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 148000 дугаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 04321 дугаар захирамжууд нь гомдол гаргах эрхтэй захирамж бөгөөд уг хугацааг шүүх хангаж, ажиллагааг явуулжээ.

Холбогдох шүүгчээс шинжээч томилсон захирамжийг хэзээ хүргүүлсэн болохыг тодруулахад  “ ... Туслахаас албан тоотоо явуулсан уу гэхэд явуулсан гэдэг. Ч.Б гэж дөнгөж сургууль төгссөн, юу ч мэдэхгүй туслахтай байсан. Явуулсан гэхээр нь би явуулсан эсэхийг шалгах боломж байгаагүй. Ажлын ачаалал их байсан тул явуулсан гэх үгэнд нь би итгэсэн ... ” гэж тайлбарлажээ.

Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.2.2-т “ ... шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах талуудад 5 хоногийн дотор мэдэгдэж, баримт №7-г үйлдэж, хэрэгт хавсаргана” гэж зааснаар захирамжийг хүргүүлэх, мэдэгдэх ажиллагаа нь шүүгчийн туслахын үүрэгт хамаарах тул үүнд шүүгчийг буруутгах эрх зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн шинжээчид захирамж хүргүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр буюу 78 хоногийн дараа шинжээчийн дүгнэлт шүүхэд хүргэгдсэнд шүүгч буруугүй гэж үзнэ.

-Хүүхдүүдээс санал авснаас хойш 123 хоногийн дараа буюу 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан товлох хүртэлх хугацаанд шүүгч нь 2023 оны ээлжийн амралтыг 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 55 хоног эдэлсэн, мөн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 23-ны өдрийг дуустал хугацаанд 8 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нь баримтаар тогтоогдоно.

Шүүгчийн ээлжийн амралт эдэлсэн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нийт 63 хоногийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ.

Дээрх 123 хоногоос хүндэтгэн үзэх шалтгааныг хасахад, 60 хоног ажиллагаа хийгдээгүй байх ба ээлжийн амралтын хугацаа дуусаж, ажилдаа орсноор шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэж товлосон нь 1 сар, 25 хоног, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэн хойшлуулахдаа 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэж 51 хоногийн дараа товлосон, мөн хэргийг сэргээснээс хойш 1 сар, 4 хоногийн дараа буюу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр насанд хүрээгүй хүүхдүүдээс санал авчээ.  

Үүнтэй холбогдуулан шүүгч нь “ ...2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс ... шүүхээс сэлгэн ажиллахаар ирсэн, ингэхэд өөр шүүгчийн хэрэг болон нэхэмжлэл гээд нийт 126 хэрэг авсан. Дээр нь тойрогт ороод шинэ нэхэмжлэлүүд нэмж хүлээн авдаг болсон. Ажлын 5 өдрийн 3 өдөр өөрийн хурлаа товлодог, 2 өдөрт нь ажиллагаануудаа товлоод, өөр шүүгчийн хурлуудын бүрэлдэхүүнд ордог. Намайг 1 жил 10 сар ажиллахад ... шүүхийн 7 туслах, 5 нарийн бичгийн дарга солигдсон. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маш их нөлөөлдөг. Шинэ туслах солигдоод ажлаа мэдэхгүй, давхар шинэ олон программ дээр ажилладаг. Сүүлдээ би өөрөө бүх эрх зүйн актуудаа боловсруулдаг, бүх систем дээрээ ажилладаг. Амралтын өдөр ирж ажилладаг болсон. Өөрөөр хэлбэл туслахын хийх ёстой бүх ажлыг шүүгч би хийдэг байсан ... Олон хэрэгтэй ачааллаас шалтгаалж хурлууд товлогдсон байсан учраас хойшоо товлогдсон. Мөн хуралдааны заалны хүрэлцээтэй холбоотой ... ” гэж тайлбарласан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хугацаа хэтрүүлснийг дээрх шалтгаантай холбоотой гэж үзэхээр байх ба өөрөөр хэлбэл шүүгчийн ачаалал их, 200 орчим хэргийн ажиллагаанд товлогдсон хурлуудаа хийх, бүрэлдэхүүнд орох зэргээр ажиллаж байсан, хэргүүдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ирсэн нэхэмжлэл, хэргийн дарааллын дагуу хийсэн гэх шүүгчийн тайлбарыг харгалзах  үндэслэл гэж үзэхээр байна.

... шүүх нь Нийслэлийн төвийн бүсийн дүүрэг бөгөөд ачаалалтай ажилладаг, холбогдох шүүгчийн хүсэлтийн дагуу  ... шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ”Иргэн-2014” нэгдсэн системд үзлэг хийж, шүүгчийн зөвхөн даргалагчаар томилогдсон хэргийн шүүх хуралдааны товыг татан авч үзвэл, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр товлох хүртэл хугацаанд “ ... 2023 оны 09 дүгээр сарын 25, 27-ны өдрүүд, 10 дугаар сарын 02, 04, 06, 09, 11, 12, 13, 16, 18, 20, 23, 25, 27, 30-ны өдрүүд, 11 дүгээр сарын 01, 06, 08, 10, 13, 15, 17”-ны өдрүүдэд нийт 72 шүүх хуралдаан товлогдсон байна.

Мөн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр товлох хүртэл хугацаанд “ ... 2023 оны 11 дүгээр сарын 22, 24, 27, 29-ний өдрүүд, 12 дугаар сарын 01, 04, 06, 08, 13, 15, 18, 20, 22”-ны өдрүүдэд 47 шүүх хуралдаан товлосон байх ба шүүгч нь ихэвчлэн “даваа, лхагва, баасан” гаригуудад буюу ажлын 5 өдрийн 3 өдөрт нь өөрийн даргалах хэргийн шүүх хуралдааныг товлодог болох нь тогтоогдож байх тул шүүгчийн тайлбар үндэслэлтэй.

Дээрх хуралдааны товд, бусад шүүгчийн хянан шийдвэрлэж байгаа хэргийн бүрэлдэхүүнд орсон хурлын тов тусгагдаагүй болно.

Холбогдогч шүүгч тайлбартаа “ ... Би 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ... шүүхэд очсон. Гэхдээ өмнөх шүүхийн хэргүүдийн ажиллагаанууд дуусаагүй байгаа тул 2 шүүхийн хооронд ирж, очин ажиллаж байна. ... Би сүүлийн хуралдааныг 01 дүгээр сарын 15-ны өдөр товлосон байж байтал шүүх солигдсон. Тэгээд 01 дүгээр сарын 15-ны өдөр системд орж харахад бас хойшлогдсон байсан ... “ гэж мэдүүлсэн тул 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны хуралдааны товыг татан авсан болно.

Шүүх хуралдааны танхимын хүрэлцээ, хэргийн ачаалал, өмнө товлогдсон бусад хэргийн шүүх хуралдааны дараалал зэрэг нь тухайн шүүхийн хуралдаан товлон зарлахад зайлшгүй харгалзан үзэх нөхцөл болсон байна. Харин үүнийг хэргийн оролцогчид ойлгодоггүйгээс шүүгч зориуд удаан хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж товлож байгаа мэтээр өргөдөл гаргажээ.

Иймээс шүүгчээс өөрөөс нь үл хамаарах шалтгаан нөхцөлийг харгалзан, шүүх хуралдааныг товлож байгаад шүүгчийг буруутгах үндэслэлгүй юм.

2. Хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцэхэд, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч тал хоёр хүүхдээс санал асуулгах хүсэлт гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 дахь талд, мөн нэхэмжлэгч шинжээч томилуулах хүсэлт гаргаж, түүнийг хариуцагч тал ч дэмжсэн нь тэмдэглэлийн 4 дэх талд тусгагдсан байна. Мөн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд шүүхийн хэлэлцүүлэг дуусаж, шүүх хуралдаан завсарлахаас өмнө талууд нэмж тайлбар хэлэх үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа шүүхийн харьяалал зөрчигдсөн, хэрэгт нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байгааг хасуулах гэж хэлсэн, даргалагч хүсэлт гаргах шатанд хүсэлтээ гаргаагүй гэж хэлсэн байх ба улмаар шүүхийн харьяалалтай холбоотой хүсэлтийг хангахаас татгалзаж, нотлох баримт хасуулах хүсэлтийг хүлээн авчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хуралдаанд гаргасан хүсэлтийг шүүгч шийдвэрлэсэн нь хуульд нийцэх тул “ ... шүүгч Н.Б. нь ... шүүх хуралдаан товлогдон хэргийг бүтэн хэлэлцэж 2 удаа шүүхийн санаачилгаар хойшилсон, мөн хариуцагч талын гаргасан шүүхийн шийдвэрт огт хамааралгүй үндэслэлүүдээр удаа дараа хуралдааныг хойшлуулж, нэхэмжлэгч миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна ... “ гэх өргөдөл үндэслэлгүй байна.

Иймээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгч Н.Батчимэгт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүхийн сахилгын хорооны гишүүний ГС/20240012 дугаартай сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хуралдаанаар хэлэлцэж, үндэслэл бүхий байна гэж бүрэлдэхүүн үзэн тус сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

             Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.2.2-т “ ... шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах талуудад 5 хоногийн дотор мэдэгдэж, баримт №7-г үйлдэж, хэрэгт хавсаргана” гэж зааснаар захирамжийг хүргүүлэх, мэдэгдэх ажиллагаа нь шүүгчийн туслахын үүрэгт хамаарах тул үүнд шүүгчийг буруутгах эрх зүйн үндэслэлгүй байна. Мөн шүүгчийн ээлжийн амралт эдэлсэн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нийт 63 хоногийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ. Шүүгчийн ачаалал их, 200 орчим хэргийн ажиллагаанд товлогдсон хурлуудаа хийх, бүрэлдэхүүнд орох зэргээр ажиллаж байсан, хэргүүдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ирсэн нэхэмжлэл, хэргийн дарааллын дагуу хийсэн, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр товлох хүртэл хугацаанд “ ... 2023 оны 11 дүгээр сарын 22, 24, 27, 29-ний өдрүүд, 12 дугаар сарын 01, 04, 06, 08, 13, 15, 18, 20, 22”-ны өдрүүдэд 47 шүүх хуралдаан товлосон байх ба шүүгч нь ихэвчлэн “даваа, лхагва, баасан” гаригуудад буюу ажлын 5 өдрийн 3 өдөрт нь холбогдох шүүгч өөрийн даргалах хэргийн шүүх хуралдааныг товлодог болох нь тогтоогдож байна гэж үзэж шүүгчээс өөрөөс нь үл хамаарах шалтгаан нөхцөлийг харгалзан, шүүх хуралдааныг товлож байгаад шүүгчийг буруутгах үндэслэлгүй гэж илтгэгч гишүүн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна гэж бүрэлдэхүүн үзлээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талуудаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед шүүхэд гаргасан шинжээч томилуулах, гэрч асуулгах, нотлох баримтаас хасуулах тухай зэрэг хүсэлтүүдийг тус тус шийдвэрлэн, тухайн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсны дараа захирамжид заасан ажиллагааг явуулж байсан нь хуульд нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 38 дугаар зүйлийн “38.6.Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасныг баримтлан шүүх өөрийн санаачилгаар бус хэргийн оролцогчийн хүсэлтийг хангаж мөн хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцэж байгаа болно.

Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнээд холбогдох шүүгч болох ... шүүхийн шүүгч Н.Б-т /өмнө нь ... шүүхийн шүүгч байсан/ холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ... шүүхийн шүүгч  Н.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2.Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                            

                         ДАРГАЛАГЧ, ГИШҮҮН                              Б.СУГАР

                            ГИШҮҮН                                                      Д.АРИУНТУЯА

                                                                                                            Д.ЭРДЭНЭЧУЛУУН