info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-02-15

Дугаар 17

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

       болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

...шатны шүүхийн шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Иргэн Ж.Б өргөдөлдөө: “шүүгч Б.Б нь шүүгдэгч Л.Э-д холбогдох хохирогч О.Г бусдад зодуулж үүдэн 3 шүдээ хугалуулсан хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн. Энэ хэрэгт хохирогч О.Г-ын хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон. Шүүхээс Л.Э-г ялаас чөлөөлөх шийдвэр гарч, уг шийдвэрийг одоо хүртэл 3 сарын хугацаанд гардаж аваагүй байна. Шүүх хурлаас хойш сар орчмын дараа шүүгчийн туслах н.С гэх хүнтэй 96....08 дугаарын утсаар холбогдоход шүүхийн шийдвэр гараагүй байна гэсэн. Дараа нь дахин холбогдож ярихад шийдвэр гарсан гээд шуудангаар авахаар болсон боловч одоог хүртэл миний гар дээр ирээгүй байна. 7 хоногийн өмнө дахин н.С-тай холбогдоход “Би шуудангаар явуулсан. Одоо хэрэг чинь архивд орсон архиваас тогтоолоо ав” гэсэн. ...миний гомдлыг хүлээн авч буруутай этгээдэд хариуцлага тооцон тогтоолыг хэрхсэнийг тогтоож, надад тогтоолыг яаралтай гардуулж өгөхийг хүсье” гэжээ.

Шүүгч Б.Б тайлбартаа: “...дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны яллагдагч Л.Э-д холбогдох хэргийг шүүх 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ...2 дугаартай захирамжаар уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Б намайг томилсон шийдвэрийг албажуулсан байна. Өсвөр насны шүүгдэгч Л.Э-д холбогдох хэргийг шүүх 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нарийн бичгийн дарга, улсын яллагч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарыг оролцуулан хэргийг хаалттай хянан хэлэлцэж шийдвэрлэсэн.

Шүүх шийтгэх тогтоолын хувийг прокурорт 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр, өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр тус тус гардуулан, хүргүүлж баримтыг хэргийн 96-97 дугаар талд хавсаргасан байна. Уг баримтаас харахад шүүхийн шийтгэх тогтоолын хувийг насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт “Монгол Шуудан”-гаар дамжуулан хүргүүлсэн тэмдэг дарагдсан байна. Ж.Б нь шүүхийн шийтгэх тогтоолыг шуудангаар авахаар шүүгчийн туслахтай ярьж, шүүгчийн туслах /...О.Г, Ж.Б, ..дүүрэг .. дугаар хороо, ...тоот хаяг, утас 89......30.../ гэж дугтуйн дээр тэмдэглэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9, 36.13 дугаар зүйлд тус тус заасны дагуу хүргүүлэх арга хэмжээг авсан байна. Хавтаст хэргийн 98 дугаар талд тодруулсан хаяг: “...Эзэнгүй 3-4 удаа очсон, шууданч н.П, 2023 оны 9 дүгээр сарын 22 өдөр...” гэх магадалгаа, дугтуйн хамт хавсаргагдсан байна. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг шийтгэх тогтоолын хувийг шүүхэд ирж авах талаар хэлж байсан гэх шүүгчийн туслахын тайлбарыг болон шийтгэх тогтоол гардуулсан, хүргүүлсэн баримт, магадалгаа, дугтуйг хуулбарлан хүргүүлж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ...шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалан, өсвөр насны шүүгдэгч Л.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн ба 848 дугаар шийтгэх тогтоолоор түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Шүүхийн дээрх тогтоолыг улсын яллагч 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч 09 дүгээр сарын 14-ний өдөр тус тус гардаж авсан, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид хүргүүлэхээр 09 дүгээр сарын 13-ны өдөр шууданд өгсөн байх боловч 09 дүгээр сарын 22-ны өдөр “эзэнгүй 3-4 удаа очсон” гэсэн тэмдэглэл үйлдэн шүүхэд буцаагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-т “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө”,     4-т “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлнэ”, 11.9 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасны дагуу хүн, хуулийн этгээдэд хүргүүлэх ...шийдвэр, бусад баримт бичгийг ...байгууллагын захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулна” гэж заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Б нар оршин суугаа хаягаа “...дүүрэг, ...дугаар хороо, ...тоот” гэж тодорхойлсон, энэхүү хаяг өөрчлөгдөөгүй болохоо шүүх хуралдаанд мэдүүлсэн байна.

Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж аваагүй тул шүүгчийн туслах оршин суугаа газрын  хаягаар хүргүүлэхээр шууданд хүлээлгэж өгсөн, 3-4 удаа очиход эзэнгүй байсан үндэслэлээр шуудангаас буцаагдсан болох нь тогтоогджээ.

Хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг хуульд заасан хугацаанд гардаж аваагүй тул шүүх хуульд заасан журмаар хүргүүлсэн, энэ тохиолдолд шүүгчийг шийтгэх тогтоолыг хохирогч хэргийн оролцогчид гардуулаагүй гэж үзэх үндэслэлгүй. 

Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ...шатны шүүхийн шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.      

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

            ГИШҮҮН                                  Д.АРИУНТУЯА

                                                                                               Х.ХАШБААТАР