info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

Б.СУГАР: ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ БАЙХ ЁСТОЙ ЭСЭХ ТУХАЙД ...


CODE OF JUDGE`S ETHICS .. Whether or not it should be applied[1]

                                           /Code of Judicial Ethics: Necessary or Not necessary/

 

ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ БАЙХ ЁСТОЙ ЭСЭХ ТУХАЙД ...

 

Б.Сугар

Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүн

Оршил

Шүүгчийн ёс зүйн дүрмийн талаар түүхчилсэн судалгаа хийхэд Монгол Улсын шүүхийн өнгөрсөн түүхнээ 1954, 1970, 1989, 1997, 2003, 2010, 2014 онуудад тус тус Шүүгчийн ёс зүйн дүрэм /цаашид ШЁЗД гэх/-ийг батлан мөрдүүлж байжээ.

Монголын шүүхийн нэн шинэхэн түүх бичигдэж эхэлсэн он цаг бол 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр. Эл өдөр УИХ-аас 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж, бүх нийтээр дагаж мөрдөгдөж эхэлсэн.

Өмнөх шүүхийн болон шүүгчийн эрх зүйн байдлыг зохицуулж асан бүхий л хууль тогтоомжуудад ШЁЗД-ийн талаарх зохицуулалт тусгагдаж ирсэн байдаг. Харин өдгөө хүчин төгөлдөр үйлчилж даган мөрдөж буй Монгол Улсын шүүхийн тухай хуульд ШЁЗД-ийн талаарх зохицуулалт тусгагдаагүй. Харин тус хуулийн 11 дүгээр бүлэгт шүүгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зохицуулалт бий. Мөн хуулийн 50.1.1-50.1.40, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох нийт 45 тохиолдлыг л зөрчвөл сахилгын зөрчилд тооцож шүүгчид хариуцлага ногдуулахаар хуульчилжээ[2]. 2021.03.01-ний өдрөөс эхлэн Монгол Улс ШЁЗД-гүй болсон түүх ийм.

Манай улсын тухайд Шүүгчийн ёс зүйн 7 дүрэм үйлчилж байсан ба өдгөө ч дийлэнх улс орнууд ШЁЗД-тэй. Олон улсад ч мөн Шүүгчийн ёс зүйн жишиг дүрэм, зөвлөмж, журмууд түгээмэл байдаг. Шүүгчийн ёс зүйн талаарх олон улсын эх сурвалжуудад шүүгчийн ёс зүйг туйлын ойлгомжтой, тодорхой ойлголт, зохицуулалт бүхий дүрмээр зохицуулах ёстой гэж үзэх хандлага түгээмэл байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дагуу Монгол Улсад цаашид ШЁЗД байхгүй болж, зөвхөн хуулиар шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг сахилгын зөрчил гэсэн хүрээгээр хязгаарласан гэж хуулийн агуулгаас харж болох байна.

Энэ нь хуульд зааснаас бусад ёс зүйн зөрчил, сахилга хариуцлага алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан шүүгчийн үйлдэл хууль зүйн хувьд ямар нэгэн үр дагавартай байх эсэх, шүүгчид өөрсдөө ёс зүйн хэм хэмжээгээ баталж мөрддөг олон улсын стандартыг алдагдуулах эсэх нөхцөл байдлыг шинжлэн дүгнэх шаардлагыг зайлшгүй бий болгож байна.

Иймд энэхүү нийтлэлээр олон улсын шүүгчийн ёс зүйн эх сурвалжууд, гадаадын улс орнуудын ШЁЗД, Монгол Улсад ШЁЗД байх ёстой эсэх, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөвхөн хуулиар тогтоох нь оновчтой эсэх асуудлыг авч үзэж, дүгнэлт хийж, тодорхой саналуудыг дэвшүүлэв.

Нэг. Олон улсын шүүгчийн ёс зүйн талаарх эх сурвалжуудын тухай товч

Бид юуны өмнө олон улсад шүүгчийн ёс зүйн хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалжуудтай танилцаж ойлголт авах нь зүйтэй.

1. НҮБ-ын 1985 оны “Шүүх эрх мэдлийн бие даасан байдлын тухай үндсэн зарчмууд”:

Энэхүү баримт бичиг нь бүх гишүүн улс орнуудад шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын зарчмуудыг санал болгосон зөвлөмжийн шинжтэй хэдий боловч НҮБ-ын бүх гишүүн орны хувьд баримтлах олон улсын заншлын хэм хэмжээ болдог гэдэг утгаараа ач холбогдол өндөртэй баримт бичиг болно.

Шүүгчийн ёс зүйн олон улсын хамгийн том гол үндсэн эх сурвалж болох баримт бичиг бол уг зарчмууд юм. Уг зарчмын 17-20 дахь хэсэгт “Шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлага, түдгэлзүүлэх, огцруулах”-тай холбоотой зарчмыг тусгажээ.[3]

Шүүгч ёс зүйтэй байх, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх, тийнхүү мөрдөөгүй буюу ёс зүйгүй үйлдэл, зөрчил гаргасан болох нь хөндлөнгийн хяналтаар тогтоогдсон нөхцөлд шүүгчид хариуцлага ногдуулах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, огцруулах зарчмыг НҮБ-ын эл зарчмуудаар зохицуулжээ. Энэхүү зарчмын гол үнэ цэнэ ач холбогдол нь гишүүн орнууддаа жишиг болгон баримтлах олон улсын заншлын хэм хэмжээ болж, шүүгчийн сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой олон улсын хамгийн түгээмэл эх сурвалжид тооцогддог болохыг бид зайлшгүй анхаарах ёстой.

2. Шүүгчийн ёс зүйн олон улсын нийтлэг стандарт:

Шүүгчийн ёс зүйн олон улсын нийтлэг стандарт бол “Шүүгчийн ёс зүйн талаарх Бангалорын зарчмууд” юм.[4] Учир нь, тус зарчмыг 2000 оны 4 дүгээр сард Венад болсон НҮБ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай 10 дугаар чуулган, Шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх шүүхийн ажлын хэсгийн[5] оролцоотойгоор бэлтгэсэн.[6]

Шүүгчийн ёс зүйн талаарх Бангалорын зарчмуудын оршил хэсэгт дурдсанаар шүүхийн тогтолцоо болон шүүгчийн ёс зүй, үнэнч шударга байдалд итгэх олон нийтийн итгэл нь өнөөгийн ардчилсан нийгмийн амин сүнс болж байна.[7]

2004 оны 4 дүгээр сард Шүүгч, хуульчдын бие даасан байдлын талаарх НҮБ-ын тусгай илтгэгч доктор Леандро Деспуй Хүний эрхийн комиссын 6 дахь чуулганд танилцуулсан тайландаа “... Зарим оронд олон нийтийн зүгээс шүүхийг авлигажсан байгууллага гэж үзэх хандлагатай буй нь шүүх эрх мэдэлд итгэх итгэлийг алдагдуулах ноцтой асуудал юм. Энэ асуудлын шийдэлд шүүгчийн ёс зүйн дүрмүүд нэн чухал ач холбогдолтой. Европын Хүний эрхийн шүүхийн онцолсноор, шүүгчид шударга байдлын бодит шалгуур үзүүлэлтийг хангахаас гадна бодит байдалд тийнхүү шударга гэж харагдаж байх ёстой. Тиймээс эрх зүйн хоёр гол уламжлал (заншлын эрх зүй болон иргэнлэг эрх зүй)-ын төлөөлөл өөрсдөө хамтран бэлтгэж, Хүний эрхийн комиссын 59 дүгээр чуулганаас сайшаасан Шүүгчийн ёс зүйн Бангалорын зарчмуудыг түгээж, дэлгэрүүлэх, бодит амьдралд түүнийг хэрэгжүүлэх яагаад чухал болохыг эндээс харж болно” гэж тэмдэглэжээ. Ийнхүү НҮБ-ын тусгай илтгэгчийн зүгээс, Бангалорын зарчмуудыг бүх хууль зүйн сургууль, шүүгч, хуульчдын мэргэжлийн холбоодод орчуулан хүргэж, хүртээмжийг нэмэгдүүлэхийг зөвлөсөн байдаг. Нийтэд хүргэж танин мэдүүлэх нь нэн чухал аж.

Эндээс ШЁЗД-үүд нэн ач холбогдолтой баримт бичиг гэх утга санаа олон улсад түгээмэл хүлээн зөвшөөрөгджээ гэж дүгнэж болохоор байна.

3. Шүүгчийн ёс зүйн талаарх олон улсын хэм хэмжээ

- Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжүүд нь шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагын талаарх чухал нөлөө бүхий жишиг баримт бичиг гэж хэдийн олон улсад хүлээн зөвшөөрөгджээ. Тухайлбал шүүгчийн ёс зүйн талаар зөвлөсөн тус зөвлөлийн 2002 оны 3, 2005 оны 7, 2013 оны 18 дугаар зөвлөмжүүдийг тухайлан дурдах нь зүйтэй[8].

  • Олон улсын шүүгчдийн холбоо Шүүгчдийн нийтлэг дүрэм – 2017[9]

Энэхүү дүрэм нь 9 зүйлтэй олон улсад буюу гишүүн улсууддаа зөвлөсөн зөвлөмжийн чанартай баримт бичиг ба 9 зүйлийн 5 нь шүүгчийн ёс зүйн талаарх зохицуулалтыг агуулдаг. Уг дүрмийн 6 дугаар зүйл нь Шүүгчийн ёс зүй гэсэн нэртэй бүлэг байдаг.

Дээр дурдагдаж байгаа баримт бичгүүд нь олон улсад хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн, улс орнуудад жишиг байдлаар хэрэглэхийг зөвлөсөн зөвлөмжийн шинжтэй, олон улсын заншлын хэм хэмжээний түвшинд яригдаж хэлэлцэгддэг тул олон эх сурвалжуудаас тухайлан иш татаж оруулав.

Олон улсын зохицуулалтаас харахад шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ зайлшгүй төдийгүй ШЁЗД-ийг чанд сахин мөрдөж, иргэд, олон нийтийн өмнө зүй зохистой байдалтай харагдах ёстой төдийгүй ийм үүрэгтэй байдаг байна. Шүүгч нь бүхий л цаг үед үг хэл, үйлдэл бүрээ шүүгчийн ёс зүйд нийцүүлэх учиртай байдаг ажээ.

Хоёр. Гадаадын улс орнуудын шүүгчийн ёс зүйн дүрмийн талаар товч

Гадаадын улс орнуудын ШЁЗД-үүдийг болон шүүгчийн ёс зүйтэй холбоотой харилцааг зохицуулж байгаа хууль, эрхийн актуудыг судалж үзэхэд ШЁЗД-тэй болон ШЁЗД-гүй улс орнууд гэсэн 2 үндсэн чиг хандлага байдаг болох нь тогтоогдож байна.

ШЁЗД-тэй улс орнуудыг тухайлан авч үзсэн судалгааны тайлангаас үзэхэд ШЁЗД-ийг зөрчсөн тохиолдолд тодорхой хариуцлага хүлээлгэдэг /АНУ, Итали зэрэг улсууд/, зөрчсөн тохиолдолд тодорхой хариуцлага хүлээлгэдэггүй зөвхөн үйл ажиллагаандаа баримтлах жишиг дүрэм /Канад, Австрали, Эстони зэрэг улсууд/ байдлаар хэрэглэдэг ялгаа мөн байдаг болохыг цохон тэмдэглэжээ.[10]

ШЁЗД-гүй улс орнуудад шүүгчийн ёс зүйг зохицуулсан хууль, дүрэм, журам, стандарт байдаггүй гэсэн үг биш. Харин тэдгээр улсуудад шүүгчийн ёс зүйг ШЁЗД-ээр нарийвчлан зохицуулах нь шүүгчдийг хэтэрхий баригдмал болгодог. Учир нь шүүгчид зөвхөн ШЁЗД л зөрчөөгүй бол ёс зүйгээ зөрчөөгүй гэж ойлгодог тул ШЁЗД-ээр уг харилцааг нарийвчлан зохицуулах нь зохимжгүй. Харин хууль болон зарчмуудаар шүүгчийн ёс зүйг зохицуулах нь илүү үр нөлөөтэй гэж үздэг байна.

ШЁЗД-гүй улсуудад ХБНГУ, Швед, ШЁЗД-тэй улс орнуудад АНУ, Итали, Австри, ОХУ, Молдав, Швейцар, Канад, Австрали, Эстони[11] зэрэг улс орнууд хамаарч байна. Шүүгчийн ёс зүйн дүрэмгүй улс орнуудын тод жишээнд ХБНГУ-ыг тухайлан дурьдсан нь түгээмэл байна. “... Гэхдээ Германд одоог хүртэл баримтлах зарчмуудыг нэг мөр каталогчилж дүрэм болгож өгөөгүй... Шүүгчийн ёс зүйн зарчмууд нь нэг талаасаа хуулиар тодорхойлогдсон байдаг. Жишээ нь авилга бол гэмт хэрэг бол нөгөө талаасаа шүүгчийн ёс зүйг хуулиар тодорхойлоогүй харин зарчмуудаар тодорхойлдог ...[12] гэснээс дүрэмгүй ч гэсэн холбогдох хууль тогтоомжуудаар болон мөн тодорхой зарчмуудаар шүүгчийн ёс зүйн агуулгаа тодорхойлж байдаг гэсэн утга агуулгатай ажээ.

Монгол улсад ёс зүйн дүрэм байх ёстой эсэх тухайд ...

            Түүхэн талаас нь авч үзвэл “тийм” гэсэн хариулт өгч, Монгол Улсад ШЁЗД зайлшгүй байх ёстой, өмнөх түүхнээ ШЁЗД-үүдтэй байсан гэж үзэж болох мэт.

Монголын шүүхийн өнгөрсөн бүхий л цаг хугацаанд буюу шүүхийн түүхэн уламжлалд ШЁЗД өөрийн гэсэн зохих байр суурийг шүүхийн тогтолцоонд баттай эзэлж, шүүгчийн ёс зүйтэй холбоотой нийгмийн харилцааг зохицуулж, шүүгчийн ёс зүйг мөрдүүлж хэвшүүлэх, шүүгч нарыг ёс зүйтэй байж, биеэ зөв зохистой авч явахад шийдвэрлэх нөлөө үзүүлсээр иржээ.

ШЁЗД хэрхэн яаж үйлчилж, нийгмийн харилцаанд төдийгүй шүүгчдийн биеэ авч явах байдалд хэрхэн нөлөөлж байсан болохыг түүхэн тоо баримтаас, статистик мэдээ сэлтээс ойлгомжтой тодорхой харж болно.[13]

Монголын шүүхийн түүхнээ үйлчилж асан долоон ёс зүйн дүрэм[14] нь шинэчлэгдэн гарах бүртээ улам илүү сайжирсан хувилбараар гарч байсан ба дараа дараагийн дүрмүүд нь гарах бүртээ өмнөхөөсөө улам боловсронгуй болж хөгжин олон улсын жишигт дөхөж, нийцэж ирсэн гэдгийг тэдгээр дүрмийн агуулгаас харах боломжтой.

Шүүгчийн ёс зүйг зохицуулж буй гадаадын улс орнуудын сайн туршлага нь ШЁЗД-ийг баталж мөрдүүлэх нь илүүтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх төдийгүй шүүгчийн ёс зүйн талаарх эх сурвалжуудад ШЁЗД-ийг бүх шүүгч нарын оролцоог хангаж, тэднээр хэлэлцүүлж батлуулах нь үр дүнтэй, хүлээн зөвшөөрөгдөхүйц байдал нь харьцангуй өндөр байдаг гэж үздэг байна.

Манай орны тухайд шүүгч нар өөрсдөө ШЁЗД баталж байсан туршлага бий.[15] Мөн эрх бүхий этгээдээс баталж мөрдүүлж байсан түүх ч байна.[16] Өнгөрсөн түүхэндээ Монгол Улс, эрх бүхий байгууллагууд, Монголын шүүх, шүүгчид ШЁЗД-ийг байх ёстой болохыг бүрнээ хүлээн зөвшөөрч ирснийг дээрх түүхэн баримтууд харуулдаг. Шүүгчид ёс зүйн дүрмээ тухай тухайн он цагууддаа даган мөрдөж хэвшүүлэхийг зорьсоор ирсэн түүхтэй. Нэг талд шүүхийн ёс зүйг кодчилохын эсрэг байр суурь байдаг. Өөрөөр хэлбэл кодчилох нь дүрмийг янз бүрээр тайлбарлаж, өөрт нь хариуцлага хүлээлгэхээс айсан зориг зүрхгүй шүүгчийг бий болгодог гэж үздэг. Ийм үед шүүгч аль болох асуудлаас зайлсхийж, анхаарал татахгүй байхыг хичээдэг. Зөв шударга шийдвэр гаргахад энэ мэдээж сайн зүйл биш.

Харин нөгөө талдаа энэ нь ёс зүйгүй, шударга бус шүүгчийг бий болгож, би юу ч хийж болох юм байна гэдэг ойлголтыг бий болгох талтай. Ийм хандлагыг өөгшүүлэх нь чөлөөт ардчилсан тогтолцоонд тун муу зүйл. Эдгээр нь журамлан кодчилохын эсрэг зарим байр суурь юм. Түүнчлэн шүүгчийн ёс зүйг эволюцийн шинжтэй гэж үздэг Францаас гаралтай байр суурь бий. Үүгээр бол шүүхийн ёс зүйг хатуу тогтоодоггүй, тиймээс энэ хэзээ ч бүрэн гүйцэт байдаггүй. Хатуу кодчилж журамлах нь өөрчлөх, сайжруулах боломжийг хязгаарладаг гэж үздэг. Жишээ нь Германд хатуу кодчилохоос аль болох зайлсхийдэг. Учир нь засаглалын нөгөө хоёр институцээс ёс зүйн кодыг ашиглан шүүх эрх мэдэлд нөлөөлөх боломжийг олгох магадлалтай бөгөөд хууль ёс, эрх чөлөөг хангахад саад болно гэж үздэг. Жишээ нь шүүгч ёс зүйн хууль дүрмийг зөрчсөн учраас түүнд хариуцлага тооцох хэрэгтэй гэж гүйцэтгэх засаглалын хэн нэгэн албан тушаалтан шаардаж магадгүй юм. Энэ үндэслэлээр кодчилохоос зайлсхийх хандлага гарсан. АНУ-д шууд кодчилсон байдаг бөгөөд энэ нь тодорхой асуудал үүсгэдэг. Харин Канадад кодчилохын оронд going by principle буюу зарчим мөрдүүлэх аргыг хэрэгжүүлсэн.

Францын хувьд “цуглуулга” хэмээн нэрлэж болох аргачлалыг сонгон авсан. Цуглуулга гэдэг нь зарчмуудын нийлбэр биш, харин шүүгчийн хүлээх ёс зүйн үүрэг хариуцлагуудыг хэлж байгаа. Үүнийг шүүгч бүр уншиж, мэдсэн байх шаардлагатай байдаг. Ёс зүйн тулгуур багана гэх Герман хандлагын хувьд ямар нэг код, санал зөвлөмж, эсвэл уншиж судлах материал байдаггүй. Харин эдгээрийн оронд өөрийн нь үйлдэл ёс зүйтэй байгаа эсэхийг шалгах асуултуудыг шүүгчид өгсөн байдаг. Жишээ нь, шүүгч надад ямар байдлаар хандаасай гэж би хүсэж байна? Би өнөөдөр ийм байж чадсан уу? Шүүх хуралдаанд оролцогчдод би яаж хүндэтгэлтэй хандах вэ? гэх мэт асуултууд байдаг. Өөрөөр хэлбэл, өөрчлөх ёстой ямар муу, болохгүй зүйл байна вэ? гэдгээ шүүгч өдөр тутам бодож байх ёстой гэсэн үг юм.[17]

Гэхдээ нь ШЁЗД цорын ганц зөв арга зам мөн үү, зайшгүй хэрэгтэй, шаардлагатай юу гэх асуулт урган гарна. Шуудхан тийм, үгүй гэж хариулах нь хэтэрхий хялбарчилсан хэрэг болохыг бид харлаа.

Шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагыг хэлбэршүүлэх хамгийн шалгарсан арга нь өнөөхөндөө дэлхий дахинаа ШЁЗД гэж үзэх хандлага зонхилж байна. ШЁЗД-ийг хэрэгжүүлж буй практикаас харахад дүрмийг зөрчсөн тохиолдолд тодорхой хариуцлага хүлээлгэдэг /АНУ, Итали зэрэг улсууд/, зөрчсөн тохиолдолд тодорхой хариуцлага хүлээлгэдэггүй зөвхөн үйл ажиллагаандаа баримтлах жишиг дүрэм /Канад, Австрали, Эстони зэрэг улсууд/ байдлаар хэрэглэдэг 2 хэлбэр байна.

Шүүгч хараат бус ажиллахыг ямагт зорих ёстой. Өөрөөр хэлбэл хараат бусаар ажиллах нь шүүгчийн хувьд хангагдах ёстой эрх төдийгүй биелүүлэх, мөрдөх ёстой үүрэг хариуцлага болсон. Энэ хүрээнд ШЁЗД-ийн зохицуулалт чиглэдэг. Шүүгчийн ёс зүйг хэлбэршүүлэн тогтоох, хүлээн зөвшөөрөх хамгийн сонгодог гэгдэх аргад ШЁЗД л хамгийн дөхөж очих ажээ.[18]

Гурав. Ёс зүйн хэм хэмжээг зөвхөн хуулиар тогтоох нь оновчтой эсэх

Шүүгчийн хараат бус байдал ба шүүгчийн сахилга хариуцлагыг нэг зоосны хоёр тал гэдгийг олон улсад хэдийн хүлээн зөвшөөрчээ. Чимид багш нэгэнтээ “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана гэсэн томьёолол угтаа хос зарчмыг тусгажээ. Эдгээр нь шүүх эрх мэдлийн мөн чанар, гол онцлог, шударга ёс, шүүгчийн статусын амин сүнсийг илэрхийлсэн”[19] гэж бичсэн нь бий.

Шүүгчид сахилга хариуцлага тооцох асуудал хоёр тохиолдолд яригдах боломжтой. Нэг нь ажил үүргийн хувьд алдаа дутагдал гаргах буюу мэргэжлийн ноцтой алдаа, нөгөө нь шүүгч биеэ зүй зохистой авч яваагүй буюу ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд юм. Олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалж болох баримт бичгүүдэд төдийгүй манай улсын түүхэн уламжлалд энэ бүх асуудлыг цогцоор нь шийдэхийг оролдсоор ирсэн ШЁЗД-үүд үйлчилж байсан. Түүхээсээ сургамж авч цааш нь улам хөгжүүлж боловсронгуй болгон олон улсын сайн жишиг туршлагаар баяжуулан явах учиртай. Энэ талаар мэргэд цаад утгаар нь үүрэг зорилгын хувьд хүний эрхийг хангахад чиглэх ёстойг сануулсан байдаг.[20]

Өмнө нь бид ШЁЗД-ийг зөрчсөн бол шүүгчийг шүүгчийн ёс зүйгээ зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байсан бол одоо зөвхөн хуульд нэрлэн зааж тоочсон тодорхой тооны зөрчлүүдийг л гаргасан тохиолдолд шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх болсон. Харин ёс зүйн хэм хэмжээг хуулиар тогтоох нь дэвшилтэт үзэл санаа байсан эсэх, оновчтой эсэхийг цаг хугацаа бидэнд харуулах биз ээ.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтаас үзвэл ямар зөрчил гаргавал ямар хариуцлага тооцох зэргийг нь нарийвчлан зааж хуульчилсан ба энэ нь эргээд шүүгчийг шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн эсэх, ёс зүйн зөрчил гаргасан уу гэдгийг тодорхойлох боломжгүй болгож мэдэх талтай. Шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг хуулиар яг таг нарийн тодорхой хуульчилсан гэж үзэхэд ч түвэгтэй мэт.

Хуульд заасан шүүгчийн сахилгын зөрчлүүдийг шүүгчийн ёс зүйн хүрээ хязгаарыг тогтоосон буюу шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөвхөн хуульд нэрлэн зааж өгч тоочсон зөрчлүүд юмаа гэж үзэхэд ч учир дутагдалтай болохыг үгүйсгэхгүй.

Учир нь зөвхөн хуульд заасан сахилгын зөрчлүүдийг л зөрчилд тооцож хариуцлага тооцох ёстой гэвэл нөгөө талдаа хуульд заагаагүй шүүгчийн ёс зүйтэй холбоотой олон олон зөрчлийг, тэдгээр тохиолдлуудыг юу гэж ойлгох, тэдгээр нь шүүгчийн ёс зүйн зөрчил мөн үү, биш үү гэдэг асуудал тодорхойгүй, ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж мэдэхээр байгааг ч дашрамд дурдах нь зүйтэй гэж санана.

Нийгмийн харилцаа тэр дундаа хүний амьдрал баялаг тул хуульд нэрлэн зааж тоочоогүй ямар нэгэн ёс зүйгүй гэж үзэж болохуйц нөхцөл байдал үүсвэл, тогтоогдвол түүнийг хэрхэн үзэж дүгнэх, шүүгчийн ёс зүйн болон сахилгын зөрчил гэж үзэх эсэх, цаашлаад сахилгын зөрчил гэж шууд үзэж дүгнэж болох уу зэрэг зөрчилтэй асуудал ч бий болохыг үгүйсгэж боломгүй санагдах. Хэрэв шүүгч хуульд заагаагүй сахилга хариуцлага алдсан, ёс зүйгүй үйлдэл гаргавал түүнийг хэрхэхийг хуулиар нарийвчлан зохицуулаагүй нь эргээд маргаан дагуулах ч эрсдэлтэй.

Дүгнэлт

Бид бүгд энэ хүртэл ШЁЗД-ийн талаарх олон улсын жишиг, гадаадын улс орнуудын туршлага, өөрийн орны түүхэн замналыг хэдийн мэдэх боллоо. Энэ бүхнийг эргэцүүлж үзээд ШЁЗД-ийг нийт шүүгчдээр хэлэлцүүлэн баталж мөрдүүлэх, ингэхдээ олон улсын сайн жишиг, гадаадын улс орнуудын зөв хандлага, туршлага, зохицуулалтуудыг нутагшуулан өөриймсүүлж Монгол Улсын онцлогт тохирсон ШЁЗД-тэй болох зайлшгүй шаардлагатай гэж дүгнэж байна.

Гэхдээ ШЁЗД нь өмнөх дүрмүүдийн адил зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох гэхээсээ илүү соён гэгээрүүлэх сургалт, соёл, хүмүүжлийн чиг үүрэгтэй байх нь илүү үр нөлөөтэй хувилбар байх талтай.

Санал

Илтгэлийн эцэст гол санаагаа товч санал байдлаар томьёолж хэлбэл:

  1. ШЁЗД-ийн төслийг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалжуудад тулгуурлан шүүгчийн ёс зүйн олон улсын зарчим, хэм хэмжээ, жишиг дүрмүүдэд нийцүүлэн боловсруулах,
  2. ШЁЗД-ийн төслийг боловсруулахдаа гадаадын улс орнуудын ёс зүйн дүрмүүдийг судалж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шүүгчийн ёс зүйн дүрмүүдийн сайн туршлагыг төсөлд тусгах,
  3. Дүрмийн төслийг боловсруулахдаа мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын оролцоог хангаж, тэдний төлөөллийг төслийг боловсруулах ажлын хэсэгт оролцуулж, тэднээр хэлэлцүүлэх,
  4. ШЁЗД-ийг илүү хүлээн зөвшөөрөгдүйц байдлаар боловсруулан батлахын тулд олон улсын нийтлэг жишиг хандлага буюу шүүгч нар өөрсдөө дүрмийнхээ төслийг боловсруулан хэлэлцэж, төслийн уг эхийг бэлдэх,
  5. Нийт шүүгчид боловсруулсан ШЁЗД-ийн төслөө нийтээр, чөлөөтэй санал бодлоо илэрхийлэх замаар хэлэлцүүлж, ардчилсан зарчмаар батлах,
  6. Олон улсын эх сурвалжуудад шүүгчийн хариуцлагын асуудлыг тодорхойлохдоо шүүгчийн албаны болон хувийн, обьектив болон субьектив гэж ангилан, ангилал тус бүрд нь шалгуур тавьж байгааг анхаарч илүү өндөр түвшний судалгаанд үндэслэж, тэдгээрийг судлан үзэж, төсөлд суулгаж өгөх,
  7. Шүүгчийн мэргэжлийн алдаа болон ёс зүйн зөрчлийг хооронд нь хэрхэн ялгаж салгаж үзэж байгаа талаарх олон улсад хэрэглэж буй арга аргачлал, дэвшилтэт сайн туршлага, зохицуулалтыг судалж, тэдгээрийг Монгол Улсад нэвтрүүлж ШЁЗД-ийн төсөлд оруулах зэрэг саналыг дэвшүүлж байна.

Монгол Улсад ШЁЗД байх ёстой төдийгүй ийм дүрмийн хэрэгцээ, шаардлага зайлшгүй юм гэсэн санал, дүгнэлт гаргасан нь энэхүү нийтлэлийн гол утга санаа болохыг эцэст нь тухайлан дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавсралт 1

2015 оноос хойшхи Шүүгчийн ёс зүйн дүрэм зөрчигдсөн эсэх талаарх гомдол, маргааны судалгаа, статистик тоо баримт[21]

Он

Гомдол хүлээн авсан

Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан

Сахилгын хэрэг үүсгэсэн

Сахилгын шийтгэл оногдуулсан магадлал

Хүчин төгөлдөр шийдвэрээр сахилгын шийтгэл хүлээсэн шүүгч

шүүгч

гомдол

шүүгч

шийдвэр

шүүгч

шийдвэр

сануулах

цалин бууруулах

огцруулах

бүгд

сануулах

цалин бууруулах

огцруулах

Бүгд

2015

284

213

224

165

36

27

11

3

-

14

1

-

-

1

2016

376

231

299

153

42

33

4

3

1

8

2

1

1

4

2017

378

242

301

153

33

27

9

3

1

13

2

2

-

4

2018

342

241

284

135

57

45

17

8

4

29

3

1

1

5

2019

358

250

248

159

29

21

3

2

-

5

1

3

-

4

2020

223

141

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

Дүн

1961

1318

1356

765

197

153

44

19

6

69

9

7

2

18

 

Хавсралт 2

Шүүгчийн ёс зүйн дүрмүүд

Огноо

Батлагдсан байдал

Нэршил

1

1954.08.10

БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн 95 дугаар зарлиг

Шүүгчдийн сахилга батын хариуцлагын тухай дүрэм

2

1970.01.12

БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн 3 дугаар зарлиг

БНМАУ-ын шүүгч нарын сахилга батын хариуцлагын тухай дүрэм

3

1989.07.26

БНМАУ-ын Дээд шүүхийн Тэргүүлэгчдийн хурал

Ардын шүүгчийн ажил мэргэжлийн ёс зүйн зарчим, төр, ард түмний өмнө хүлээх үүрэг, хариуцлага

4

1997.02.11

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 03 дугаар тогтоол

Монгол Улсын Шүүгчийн ёс зүйн дүрэм

5

2003.03.07

Монгол Улсын Шүүгчдийн зөвлөлийн 01 дүгээр тогтоол

Монгол Улсын Шүүгчийн ёс зүйн дүрэм

6

2020.03.03

Монгол Улсын Шүүгчдийн зөвлөлийн 02 дугаар тогтоол

Шүүгчийн ёс зүйн дүрэм

7

2014.02.28

Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 1/08 дугаар тогтоол

Монгол Улсын Шүүгчийн ёс зүйн дүрэм

 

 

[1] ““Шүүх эрх мэдэл” мэдээлэл, арга зүйн улирал тутмын эмхэтгэл” сэтгүүл. Шүүхийн ерөнхий зөвлөл. 2021 оны №4 дугаар. 9-18 дахь тал.  

[2] Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 54-57 дугаар зүйл

[3] OHCHR | Basic Principles on the Independence Of the Judiciary

 http://www.ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/IndependenceJudiciary.aspx

[5] Бангладеш, Энэтхэг, Непал, Нигер, ӨАБНУ, Танзани, Угандагийн шүүхийн ерөнхий шүүгчид, Олон улсын шүүхийн дэд ерөнхийлөгч, Австралийн дээд шүүхийн шүүгч, болон Шүүгч, хуульчийн хараат бус байдлын тухай НҮБ-ын тусгай илтгэгч нарын бүрэлдэхүүнтэй

[6] Энэ хүрээнд шүүгчийн ёс зүйн олон улсын болон үндэсний 32 хэм хэмжээг судалжээ. Үүний дараа 2001 оны 2 дугаар сард Бангалорт болсон Шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх шүүхийн ажлын хэсгийн 2 дахь хурлаар Шүүгчийн ёс зүйн Бангалорын зарчмын төслийг дахин хянаж, нийтлэг эрх зүйн болон иргэнлэг эрх зүйн тогтолцоотой орны шүүгчид болон олон улсын хурлуудаар өргөн хүрээнд хэлэлцэж, 2002 оны 6 дугаар сард Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлийн ажлын хэсэг, Төв болон Зүүн Европын орнуудын шүүгчид хянаж, 2002 оны 11 дүгээр сард Гааг хотноо болсон иргэний эрх зүйн тогтолцоотой орны ерөнхий шүүгчид, тэдгээрийн төлөөллийн дугуй ширээний уулзалтаар эцэслэсэн хянаж анх гаргасан түүхтэй.

[8] Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Судалгааны тайлан 2017”. 118-130, 212-227 дахь тал.

[9] Орчуулсан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ. Эрхлэн хэвлүүлсэн Монголын Шүүгчдийн холбоо. 2020 он.

[10] “Шүүгчийн ёс зүй ба хариуцлага” хэлэлцүүлэг. Гарын авлага. Шүүхийн ерөнхий зөвлөл. УБ хот. 2016 он. “Шүүгчийн хариуцлагын тогтолцоо” бодлогын судалгааны хураангуй. 7-11 дэх тал.

[11] “Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар. Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” судалгаа. Судалгааны багийн ахлагч О.Мөнхсайхан, судлаачид Г.Цагаанбаяр, Ж.Алтансүх. Нээлттэй нийгэм форум УБ хот 2015 он. 146-156 дахь тал.

[12] “Монгол Улсын шүүхийн шүүгч, ажилтнуудын дагаж мөрдөх ёс зүйн холбогдолтой олон улсын болон үндэсний хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл IV” Шүүхийн ерөнхий зөвлөл. УБ хот 2010 он. Доктор Юрген Харбих. “Шүүгчийн ялангуяа захиргааны хэргийн шүүгчийн ёс зүйн тухай” 56-66 дахь тал.

[13] 1 дүгээр хавсралтаас дэлгэргүүлэн үзнэ үү.

[14] 2 дугаар хавсралтаас харна уу.

[15] Монгол Улсын Шүүгчдийн зөвлөлийн 2003.03.07-ны өдрийн 01, 2010.02.03-ны өдрийн 02 дугаар тогтоол, Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 1/08 дугаар тогтоол

[16] БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1954.08.10-ны өдрийн 95, 1970.01.12-ны өдрийн 03 дугаар зарлиг, БНМАУ-ын Дээд шүүхийн Тэргүүлэгчдийн 1989.07.26-ны өдрийн хурал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 1997.02.11-ний өдрийн 03 дугаар тогтоол

[17] ““Шүүгчийн ёс зүй ба хариуцлага” Олон улсын бага хурал Илтгэл зөвлөмж Азийн сан. УБ хот 2017 он. “Шүүгчийн ёс зүйг онолын болон практик талаас нь авч үзэх нь” Ясүтомо Моригива 12 дахь тал.

[18] “Шүүгчийн ёс зүй ба хариуцлага” хэлэлцүүлэг. Гарын авлага. Шүүхийн ерөнхий зөвлөл. УБ хот. 2016 он. “Шүүгчийн хариуцлагын тогтолцоо” бодлогын судалгааны хураангуй. 9 дэх тал.

[19] “Үндсэн хуулийн үзэл баримтлал Тэргүүн дэвтэр. Илтгэл, өгүүлэл, ярилцлага, дурсамж”. Б.Чимид. УБ хот. 2002 он. 123 дахь тал.

[20] ““Үндсэн хуулийн үзэл баримтлал: Нийтлэг асуудал, Хүний эрх, шүүх эрх мэдэл, Нутгийн удирдлага”. Б.Чимид. Чимид сан. 2004, 2016, 2017 он”. Хоёр дахь хэвлэл. УБ хот. 289 дэх тал. Агуулгаар нь утгачилж оруулав.

[21] Хавсралтаар үзүүлж буй энэхүү тоон мэдээлэл нь Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны Ажлын албанаас авсан албан ёсны статистик мэдээ болно.

Доорх тоо баримт нь сүүлийн 6 жилийн буюу 2015-2020 оны шүүгчийн ёс зүйн хорооны хүлээн авсан шүүгчийн ёс зүйтэй холбоотой гомдол, гомдлын тоо, шүүгчийн тоо, ирсэн гомдлуудаас сахилгын хэрэг үүсгэсэн болон үүсгэхээс татгалзсан гомдлын тоо, Шүүхийн ёс зүйн хорооноос мөн хугацаанд шүүгчийн ёс зүйтэй холбоотой гомдлыг сахилгын хэрэг үүсгэж шийдвэрлэсэн, сахилгын шийтгэл ногдуулсан байдал, сахилгын шийтгэлийн төрөл болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр сахилгын шийтгэл хүлээлгэсэн шүүгчийн тоо зэрэг нарийвчилсан тоон мэдээллийг хүснэгтээр харуулав.