info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

Д.Мягмарцэрэн: Шүүгчийн ёс зүйтэй холбоотой 275 сахилгын хэргийг Шүүхийн Сахилгын хороонд өнгөрсөн нэг жилд үүсгэсэн


Шүүгч нарын сахилга ёс зүйн асуудлыг хянан шалгадаг Шүүхийн Сахилгын Хороо /ШСХ/ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ.

Шүүхийн тухай хуулийн дагуу тус байгууллагын удирдлага нэг жил болоод солигдох ёстой бөгөөд энэ дагуу өнгөрсөн долоо хоногт ШСХ-ны дарга, доктор, дэд профессор Д.Мягмарцэрэнгийн бүрэн эрхийн хугацаа дууссан юм.

Түүнийг ажлаа хүлээлгэн өгөхөөс нь өмнө шүүгч нарын ёс зүй, сахилга хариуцлагын зөрчилтэй холбоотой асуудлаар ярилцсанаа хүргэж байна.

- Юун түрүүнд, Шүүхийн Сахилгын хороо яг ямар үүрэгтэй болох, мөн өнгөрсөн хугацаанд шүүгч нартай холбоотой хэчнээн зөрчил тогтоосон талаар ярихгүй юү?

- Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллана гэж заасны дагуу Шүүхийн Сахилгын хороог бие даасан, хараат бусаар шинэчлэн байгуулсан.

Түүнээс өмнө энэ байгууллага Шүүхийн ёс зүйн хороо зэрэг өөр нэрээр Шүүхийн ерөнхий зөвлөл болон Дээд шүүхийн харьяанд явж ирсэн юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүгчид хариуцлага тооцож, сахилгын шийтгэл оногдуулах байгууллага анх удаа бие дааж байгуулагдсан гэсэн үг.

Шүүхийн Сахилгын хороо нь дөрвөн шүүгч гишүүн, таван шүүгч бус гишүүнтэй буюу нийт есөн гишүүнтэйгээр ажиллаж байна.

Бид 2021 оны арваннэгдүгээр сараас хойш нэг жилийн хугацаанд шүүгч нартай холбоотой 597 өргөдөл, гомдол хүлээн авч шалгасан. Үүнээс 275-д сахилгын хэрэг үүсгэсэн бөгөөд одоогоор 22 хэрэг шалгагдаж байгаа.

Одоогоор давхардсан тоогоор нийт 40 шүүгчид сахилгын шийтгэл оноосон байна. Үүнээс 15 нь хүчин төгөлдөр болсон буюу хэрэгжсэн бол бусад нь гомдол гаргасан учраас шат, шатны байгууллагаар хянагдаж байгаа. Удахгүй шийдэгдэнэ. 

- Тухайлбал, сарын хугацаанд шүүгч нартай холбоотой гомдол иргэдээс хэчнээн ирдэг гэсэн үг вэ?

- Тоон статистикийг харвал, Шүүхийн Сахилгын хороонд ажлын өдөрт хоёр өргөдөл байнга ирдэг. Энэ тоо өдөр ирэх тусам л нэмэгдэж байна. Гэхдээ энэ нь магадгүй иргэдийн мэдлэгтэй холбоотой.

Тодруулбал, манайд ирсэн өргөдөл бүр шүүгчийн сахилга бат, ёс зүйтэй холбоотой биш гэдгийг нийт ирсэн өргөдөл гомдлын тал хувьд нь сахилгын хэрэг үүсгэсэн тоо баримтаас харагдаж байна. 

Уг нь иргэд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байвал давж заалдах шатны шүүхэд хандах ёстой байдаг. Харин манай байгууллага бие даан гарснаас хойш иргэд шүүхийн шийдвэртэй холбоотой өргөдөл, гомдлыг ихээр ирүүлэх болсон. 

Тиймээс энэ ташрамд, Шүүхийн Сахилгын хороо бол шүүхийн шийдвэрийг шалгадаг байгууллага биш гэдгийг хэлье. Манайх иргэдээс ирсэн бүх өргөдөл гомдлыг хянаж үздэг хэдий ч зөвхөн шүүгчийн ёс зүйтэй холбоотой асуудал дээр нь сахилгын хэрэг үүсгэн шалгаад, зөрчил гаргасан нь тогтоогдвол хариуцлага тооцоод явдаг.

Шүүгчийн ямар үйлдлийг зөрчилд тооцож, хариуцлага хүлээлгэх тухай Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд тодорхой заасан бий.

Тухайлбал, шүүгч албан тушаалыг байдал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө эсвэл бусдад давуу байдал бий болгосон бол зөрчилд тооцно гэх мэтээр шүүгчийн үйл ажиллагаанд хориглох 40 гаруй зүйлийг хуульд тусгасан байдаг.

Мөн тус хуулийн 51 дүгээр зүйлд шүүгчийн ашиг сонирхлын зөрчил болон хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой хориглосон заалтууд ч бий.

Өөрөөр хэлбэл, шүүгч зөвхөн хууль хориглохоор заасан зүйлсийг зөрчсөн тохиолдолд Шүүхийн Сахилгын хороо авч хэлэлцэнэ. Шүүгч ямар зөрчил гаргавал, ямар хариуцлага хүлээх нь хуулийн хүрээнд бүгд ил тод, тодорхой байдаг.

Түүнээс биш Шүүхийн Сахилгын хороо шүүгчдийг хараад сайн эсвэл муу, туршлагатай, туршлагагүй гэж ангилах боломжгүй төдийгүй гаргасан шийдвэрийг нь шүүхгүй.

500 гаруйхан шүүгчтэй манай улсад жилийн хугацаанд шүүгчийн ёс зүйтэй холбоотой 275 сахилгын хэрэг үүсжээ

- Шүүхийн сахилгын хорооны даргын хувьд Та манай улсын шүүгч нарын сахилга, хариуцлагын асуудал ямар түвшинд байна гэж дүгнэх вэ?

- Энэ нь өөрөө маш том асуудал учраас би үүнийг шууд дүгнэн хэлэх боломжгүй. Гэхдээ манайд ирж байгаа гомдол мэдээллээс харахад, иргэдийн шүүхэд итгэх итгэл ямар доогуур түвшинд байгаа нь ажиглагдаж байна.

Мөн Монгол Улсын хэмжээнд 530 гаруйхан шүүгч байхад шүүгчтэй холбоотой сахилгын шийтгэл 40 байна гэдэг нь өөрөө бусад улстай харьцуулахад маш өндөрт тооцогдоно. Бусад хөгжилтэй улс орнуудын шүүгч нарын тоог сахилгын шийтгэл гаргасан болон огцруулсан тохиолдолтой нь харьцуулахад маш бага.

Гэхдээ үүгээр манай бүх шүүгч маш муу дүгнэж болохгүй. Маш сайн, шударга шүүгч нар олон бий. Гол нь хэдхэн шүүгчийн хувийн зохион байгуулалт, мэдлэг чадвар нь дутмагаас шалтгаалж гаргасан алдааны тоон үзүүлэлт ингэж харагдуулж байгаа. Тухайлбал, дээрх 40 удаагийн сахилгын шийтгэлийн тав нь ганцхан шүүгчтэй холбоотой байна.

Ямартай ч шүүгч зохисгүй ажиллаж, ёс зүйн зөрчил гаргавал түүнийг нь шалгаж, хариуцлага тооцох ийм бие даасан байгууллага байгаа тул цаашид иргэд шүүхэд итгэл итгэл нэмэгдэх байх.

Мөн иргэд асуудлаа зөв ойлгож, гомдол гаргадаг болбол аяндаа шүүхийн сахилга, ёс зүйтэй холбоотой байгууллагад ирэх өргөдөл гомдлын тоо ч буурна гэж харж байна.

- Нэг шүүгчид таван удаа сахилгын шийтгэл оногдуулсан гэлээ. Үүнийг тодруулахгүй юу?

-  Мэдээж манай байгууллагад ирж буй өргөдөл гомдол цаг хугацааны хувьд харилцан адилгүй. Бид ирсэн гомдол бүрийг шалгахад нэг шүүгчийн нэр дээр, нэг төрлийн зөрчилд тооцогдох гомдол таван удаа байсан. Үүнийг бид тус бүрд нь шалгахад зөрчил мөн болох нь тогтоогдож байсан тул хуулийн дагуу гаргасан зөрчил бүр дээр нь буюу таван удаа сахилгын шийтгэл оноосон гэсэн үг.

Уг шүүгч нь ажлын зохион байгуулалтын асуудалдаа анхаараагүйн улмаас иргэдэд хуулийн хугацаанд гаргасан шийдвэрээ өгөлгүйгээр удаа, дараа чирэгдүүлсэн гэх зөрчил гаргасан.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд багтаан иргэдэд танилцуулаагүй, тухайн хугацааг хэд дахин хэтрүүлсэн нь түүнд олон удаа сахилгын шийтгэл оноох шалтгаан болсон.

Мөн тухайн шүүгчийн энэ алдаа таван удаа давтагдаад зогсоогүй, үүнтэй холбоотой дахин нэг зөрчил одоо шалгагдаж байгаа. Удахгүй зөрчил мөн эсэхийг хурлаар тогтооно.

Хэдийгээр шүүгч нар ачаалалтай ажилладаг боловч бүгдээрээ биш. Мөн ганцхан шүүхийн байгууллага ачаалалтай байдаггүй гэдгийг санах ёстой.

Магадгүй тухайн хүнд хүндэтгэх ямар нэг шалтгаан байсан бол Төрийн албаны тухай хуульд зааснаар чөлөөгөө аваад, өөр хүнд эрхээ шилжүүлэх нөхцөл бололцоо нь байсан гэж бид үзэж байгаа.

Гол нь ийм зөрчлийг удаа дараа гаргасан нь анхаарал татах асуудал. Өөр ийм зөрчил гаргасан хэд хэдэн шүүгч бас бий.

- Нэг шүүгч ингэж олон удаа давтаж, зөрчил гаргаад байвал яах вэ?

- Шүүхийн тухай хуулийн 56.8.1-т зааснаар зөрчилд гаргасан шүүгчид хаалттай болон нээлттэй сануулах, цалингийн хэмжээг зургаан сарын хугацаанд 20 хувиар бууруулах, шүүгчийн бүрэн эрхийн гурав хүртэлх сарын хугацаагаар түдгэлзүүлж сургалтад суулгахыг даалгах, огцруулах гэсэн таван төрлийн сахилгын шийтгэл оногдуулдаг.

Хэрэв нэг шүүгч цалингийн хэмжээг 20 хувиар бууруулах, шүүгчийн бүрэн эрхийг гурван сараар түдгэлзүүлэх сахилгын шийтгэлийг зургаан удаа хүлээвэл огцрох үндэслэл болно. Мөн хаалттай болон нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг 10-аас дээш удаа авсан бол огцруулах хуулийн заалттай.

Түүнээс гадна, бид сахилгын шийтгэл оногдуулсан шүүгч нарын мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлд явуулдаг. Энэ дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл ч тухайн сахилгын шийтгэл хүлээсэн шүүгчийн шагнал урамшууллын асуудалд нь анхаардаг гэж бодож байна.

- Мөн шүүгч эрх мэдлээ урвуулан ашигласан тохиолдолд шууд огцруулах нөхцөл үүснэ биз дээ?

- Тийм. Шүүгч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эсвэл бусдад давуу байдал олгосон нь тогтоогдвол шууд огцруулах асуудал яригдана. Энэ бол эрх зүйн шинэчлэлтийн хүрээнд хуульд оруулсан хамгийн зөв зүйл.

Ер нь зөвхөн шүүгч гэлтгүй төрийн алба, тэр дундаа төрийн албан тушаалтан хүртэл ёс зүйн зөрчлийн асуудлаар сайдын албан тушаалаас огцордог. Энэ бол эрх зүйт төрийн байдаг л энгийн жишиг.

- Сахилгын шийтгэл хүлээж, огцорсон шүүгч нарын тухайд юу хэлэх вэ?

- Шүүгчид сахилгын зөрчил гаргасан, шүүхийн шийдвэрээр ял эдэлсэнтэй холбоотойгоор нийт таван шүүгчийг огцруулсан. Мөн одоогоор гурван шүүгч эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа учраас ажлаас нь түр түдгэлзүүлсэн байгаа. Хэрэв тухайн гурван шүүгчийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болбол мөн огцруулах үндэслэл болно.

Манай улсад жилийн хугацаанд 500 гаруй шүүгчээс ийм тооны шүүгчийн огцруулах асуудал яригдана гэдэг бас л өндөр тоо. Гэхдээ бид үүнийг шүүгч нар муу гэж буруугаар ойлгож болохгүй. Зүгээр л адаа дутагдал ихтэй шүүгч нарт хариуцлага тооцож, орон нь сайн шүүгч нар үлдэж байна гэдгийг нь харах ёстой байх.

Учир нь шүүгчээс огцорсон хүн ёс зүйн хувьд дахин шүүгчээр ажиллах боломжгүй болдог. Шүүгч болохоор дахин өргөдөл гаргасан ч өмнө нь шийтгэл хүлээсэн бол сонгогдохгүй нь мэдээж.

Үүн дээр нэг жишээ хэлэхэд, АНУ-д шүүгчээр ажиллаж байгаад огцорсон хүнийг дахиж хуульчаар хүртэл ажиллах эрхийг нь хасдаг. Мэдээж хамгийн өндөр ёс зүй, хариуцлагатай хүн шүүгчээр ажилладаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс шүүгчээр ажиллаж байхдаа ёс зүйн асуудал гаргаад огцорсон л бол эргээд ямар нэг байдлаар хуулийн салбарт ажиллах нь нь ёс зүйн хувьд буруу гэсэн зарчимтай юм билээ.

Нээрээ л, нэгэнт шүүгчээр ажиллаж чадаагүй хүнд дахин хуулийн салбарт өмгөөлөгчөөр эсвэл хуулийн зөвлөхөөр ажиллах ямар ёс зүйн эрх байх вэ. Энэ үүднээс АНУ-ын дээрх зарчим надад маш зөв санагдсан. Харин манайд шүүгч албан тушаалаасаа огцорсон ч хуульчаар ажиллах эрх нь нээлттэй үлддэг. Үүгээрээ ялгаатай.

- Сахилгын шийтгэл хүлээсэн шүүгч нарын гаргасан зөрчлийн талаар өөр жишээ ярьж болох уу?

- Сахилгын зөрчил гаргасан шүүгч нарын дунд үнэмлэхээ ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон тохиолдол бий.

Тодруулбал, замын цагдаа зогсоож, үнэмлэхээ үзүүлэн согтуугийн зэрэглэлээ шалгуулахыг шаардахад нь өөрийгөө Монгол Улсын шүүгч учраас хараат бус, халдашгүй байх ёстой гээд үзүүлээгүй асуудал гаргасан шүүгчийн тухайн зөрчилд сануулах шийтгэл оногдуулсан.

Өнөөдөр жолооны ард согтуу сууж болохгүй гэдгийг бүх нийтээрээ мэдэж байхад тэр тусмаа шүүгч хүн ийм зөрчил гаргахгүй байх ёстой.

Мөн шүүх хурал дээр утсаараа оролдсон шүүгчид бид иргэний гомдлын дагуу шалгаж, тогтоогоод сахилгын шийтгэл оногдуулсан.

- Ер нь иргэдээс аль шатны шүүхийн шүүгчтэй холбоотой гомдол илүү олон ирдэг бол?

- Жилийн хугацаанд Шүүхийн Сахилгын хороонд орон нутгийн шүүхийн шүүгч нартай холбоотой гомдол бага тоотой ирсэн. Харин нийслэлийн иргэний, эрүүгийн, захиргааны давж заалдах шатны шүүхийн шүүгч болон Дээд шүүхийн шүүгч нартай холбоотой гомдол дийлэнх хувийг эзэлж байна.

Гэхдээ зөрчил гаргасан нь тогтоогдсон байдлаар авч үзвэл, Анхан шатны шүүгч нартай холбоотой зөрчил харьцангуй олон байгаа юм. Мөн Дээд шүүхийн шүүгч нартай холбоотой гомдол ирдэг ч  шалгахад сахилгын зөрчил гаргасан гэж тогтоогдож байгаагүй.

- Шүүгч нар өөрсдөө хуулиа маш сайн мэддэг хүмүүс шүү дээ. Тэр утгаараа Шүүхийн Сахилгын хорооны зарим шийдвэрийг эсэргүүцэх асуудал гардаг болов уу?

- Олон улсын жишгээр нарийн мэргэшсэн, өндөр зэрэглэлийн хуульч байж шүүгч болдог ёстой. Манайд ч адилхан. Гэхдээ тодорхой хугацаанд энэ шаардлагыг хангаагүй хүн шүүгч болсон учраас зарим алдаа дутагдал гарч байгаа хэмээн судлаачид хэлдэг. Энэ бол зөвхөн цаг хугацааны асуудал. Мэдээж тодорхой хугацааны дараа энэ бүхэн шүүгдэж, зөвхөн мэдлэг чадвар, зөв хандлагатай шүүгч нар үлдэх болно.

Таны асуусанчлан өөрийн гаргасан зөрчил, алдаа дутагдлаа хүлээж, буруугаа ойлгодоггүй давж заалдаж байгаа шүүгч цөөн бий. Гэхдээ энэ тохиолдлууд дээр дараа, дараагийн шатандаа үнэн нь тогтоогдоод явж байгаа.

Харин анхныхаа хурлаар алдаа гаргаснаа хүлээж, дахиж тэр алдаагаа давтахгүй ажиллана гэдгээ илэрхийлж байгаа шүүгч нар илүү олон байсан нь сайшаалтай. Шүүгч гэдэг шударга үнэний төлөө явдаг хүн учраас өөрийнхөө алдааг шударгаар хүлээдэг байх ёстой.

Гол нь хэдхэн тооны шүүгч л ийм зөрчил гаргасан болохоос маш сайн шүүгч манай улсад олон байгааг огтхон ч үгүйсгэж болохгүй.

зураг

- Шүүгч нарт ингэж хариуцлага тооцдог системийг бусад улс орнууд ямар байдлаар зохицуулсан байдаг бол...

- Зарим улсад шүүгч нартаа ёс зүй, сахилгын шийтгэл оногдуулахдаа яг тухайн гаргасан зөрчлийнх нь үндэслэлийг нэг бүрчлэн тайлбарлаад, хэрхэн засах талаар нь маш сайн зөвлөмж зөвлөгөө өгдөг юм билээ. Үүнийг манай Шүүхийн Сахилгын хороо, Шүүхийн Ерөнхий зөвлөлтэйгөө хамтран нэгж байгуулаад хэрэгжүүлж болохоор санагдсан.

Мөн Финланд, Канад шиг өндөр хөгжилтэй улсад шүүгч нарт хариуцлага тооцох тухай манайх шиг ийм их нарийн зохицуулалт хуульд нь байгаагүй. Энэ нь тухайн улсуудад ийм нарийн зохицуулалт байх шаардлага ч үүсээгүй буюу иргэд нь шүүхийн байгууллагадаа итгэдэгтэй холбоотой.

Нөгөө талаар шүүгч нар нь өөрсдөө шударга ажилладаг, ёс зүйн хувьд маш сайн гэдгийг л харуулж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, тухайн улсуудын шүүгч нар нь өндөр боловсрол, ёс суртахуунтай учраас иргэд нь шүүхдээ итгэдэг. Иймд гаргасан шийдвэр болон ёс зүйтэй нь холбоотой аливаа гомдлыг дээд шатны байгууллагад нь бараг гаргадаггүй гэсэн үг. 

Дээрх улсуудтай харьцуулахад манай шүүгч нарын гаргасан зөрчлийн хэмжээ асар их. Тухайлбал, Канад, Финландад ойролцоогоор 4,000 шүүгч ажилладгаас зөрчил гаргасан тохиолдол нь 10, 20 буюу цөөн.

4,000 шүүгчтэй улсад 40 удаагийн сахилгын зөрчил гарах болон манайх шиг 500 гаруй шүүгчтэй улсад тийм хэмжээний зөрчил гарах нь маш зөрүүтэй асуудал.

Түүнээс гадна, Финландад төрийн өндөр албан тушаалтны ёс зүй, сахилгын хэргийг шийддэг шүүх байгууллага байсан нь анхаарал татсан. Тухайн шүүх нь байнгын ажиллагаатай биш хэдий ч тийм хэрэг маргаан гарсан тохиолдолд шүүгч нараас тодорхой журмын дагуу сонгогдоод ёс зүйн зөрчил гаргасан төрийн өндөр албан тушаалтан буюу УИХ-ын гишүүн, сайд, дарга нарт шалгалт явуулаад шийтгэл оногдуулдаг.

Хэрэв шалгалтаар тухайн хүн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдвол төрийн өндөр албан тушаалаас нь огцруулах үйл ажиллагааг явуулдаг гэсэн үг.

Харин манай улсад ёс зүйн асуудал гаргасан төрийн өндөр албан тушаалтан зөвхөн иргэдийн шаардсан тохиолдолд л огцордог. Шалгах тогтоох асуудал байдаггүй.

Тиймээс дээрх жишээнээс иргэдийг бухимдуулахгүйгээр төрийн өндөр албан тушаалтны ёс зүйд хариуцлага тооцох асуудлыг хууль журмаар шийдвэрлэх боломж байна гэж харсан.

- Та Шүүхийн Сахилгын хороо шинэчлэгдэн байгуулагдсанаас хойших хараат бус, анхны даргын хувьд, хөндлөнгөөс шүүгч нар ер нь өөртөө ёс зүйн хувьд ямар шаардлага тавиасай гэж боддог вэ?

- Миний хувьд өөрөө шүүхийн системээс хол байж байгаад томилогдож ирсэн хүн. Сүүлийн 30 орчим жил төрийн байгууллагад ажиллахдаа гэмт хэрэг илрүүлэх, арга тактикт суралцсан бөгөөд оюутнуудад багшилж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж докторын зэрэг хамгаалсан. Энэ маань надад нэг талаараа шүүгчийн сахилга, ёс зүйн зөрчлийг илрүүлэх, нотлох ажиллагаанд давуу тал болж байна.

Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд надад шүүгч нартай холбоотой өргөдөл, гомдлыг шалгахаас татгалзан гарах тохиолдол байгаагүй.

Миний бодлоор Монгол Улсын иргэн, төрийн албан хаагч, тэр дундаа шүүгч бол илүү өөртөө хянамгүй байх шаардлагатай. Тэр дундаа шүүгч хүн гэдэг бусдын амьдрал, өмч хөрөнгийн асуудлыг шийддэг учраас илүү шударга, ёс зүй өндөр байх ёстой гэж боддог.

Би энэ албан тушаалд ажилласнаараа шүүгч нар ингэж зөрчил гаргаж байгаагийн цаана хандлага, найз нөхдийн хүрээлэл, ур чадвар, мэдлэг боловсролтой холбоотой маш олон шалтгаанууд байдгийг олж харсан.

Тиймээс шүүгчээр ажиллах хүсэлтэй залуу үеийнхэнд хэрэв чи шүүгчээр ажиллана гэж сонгосон бол эртнээс зөв шударга, ажил мэргэжилдээ үнэнч байх, ёс зүйн зөв хандлагыг өөртөө төлөвшүүлэх, хувийн зохион байгуулалтаа сайжруулахад суралцах ёстой гэж хэлмээр байна.

Хүний нийгэмд хэн нэгний амьдралыг дуусгах, цаазаар авах эрх ганцхан шүүгчид л байдаг гэдгийг л ухамсарлах хэрэгтэй байх.

Ялангуяа Монгол Улсад шүүгч гэдэг насаараа томилогддог албан тушаал. Тэр хэрээрээ өндөр хариуцлага, өндөр ёс зүйн, хандлага, мэдлэг боловсролтой байх шаардлага тавигдана.

Мэдээж хууль, өмгөөлөгч ялгаагүй шударга байх ёстой ч шүүгч эцсийн шийдвэрийг гаргаж, бусдын амьдралыг дэнсэлдэг учраас тэднээс хэд дахин сахилга өндөртэй байх хэрэгтэй гэж бодож байна.

- Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж https://ikon.mn/opinion/2qie%D0%A8%D2%AF%D2%AF%D0%B3%D1%87