info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНД БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН ДЭД САЙД ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЛОО


Шүүхийн сахилгын хорооны дарга гишүүд, албан хаагчдын төлөөлөл 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Бүгд найрамдах Турк улсын төлөөлөгчдийг Шүүхийн сахилгын хорооны байранд хүлээн авч уулзлаа. БНТУ-ын Хууль зүйн дэд сайд тэргүүтэй зочид, төлөөлөгчид энэ сарын 05-наас 07-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлах юм.

    Уг уулзалтаар БНТУ-ын  Хууль зүйн дэд сайд, ноён Хасан Илмаз, Хууль зүйн академийн ерөнхийлөгч, ноён Мухиттин Өздемир, Шүүгч, прокурорын зөвлөлийн гишүүн, ноён Омер Фарук Илдимир, Хууль зүйн яамны Хэргийн бүртгэл, статистик хариуцсан дарга, хатагтай Гуная Албаярак, Дээд шүүхийн шүүгч, ноён Хулуси Пур, Хууль зүйн академийн Гадаад Харилцааны газрын дарга, ноён Хасан Кадир Илмазтэкин, Академийн шүүгч, хатагтай Бану Фатма Гунарслан нарын зочид, төлөөлөгчид  Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаатай танилцаж, талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.  

Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар БНТУ нь Европ тив дэх ууган үндсэн хуульт шүүхтэй, шүүхийн салбарт асар их туршлага хуримтлуулж чадсан хөгжилтэй орнуудын нэг билээ. Иймд бид БНТУ-аас туршлага судлах чин хүсэлтэй байна гэдгийг онцолсон юм. БНТУ-ын Хууль зүйн дэд сайд, ноён Хасан Илмаз Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын хуулийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой уулзалт болж буйг хэллээ.