info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

УИХ-ЫН ГИШҮҮН ХЗБХ-НЫ ДАРГА Д.ЦОГТБААТАР ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА


2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Шүүхийн сахилгын хороонд зочилж, сахилгын хорооны үйл ажиллагаатай танилцав.Уулзалтын эхэнд Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар  хорооны үйл ажиллаагааг танилцуулж, байгуулагдсан цагаасаа хойших хоёр жилийн хугацаанд нийт хүлээн авсан өргөдөл мэдээлэл түүнийг шийдвэрлэсэн байдал болон шүүгчид оногдуулсан шийтгэл зэрэг мэдээллийг өгсөн юм. Энэ хугацаанд Шүүхийн сахилгын хороо нь үйл ажиллагаандаа мөрдөх, дүрэм журам, стратеги төлөвлөгөөгөө батлах, Олон Улсын ижил төсөөтэй байгууллагуудаас туршлага судлах иргэд олон нийтэд мэдээ мэдээллээ ил тод, хурдан шуурхай түгээх, хөндлөнгийн нөлөөллөөс ангид шийдвэр гаргах, чадварлаг мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх, байгууллагын хэвийн ажиллах материаллаг баазыг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулсан талаар онцолсон юм.

УИХ-ын гишүүн ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар Шүүхийн сахилгын хороо бие даан байгуулагдсан хоёр жилийн хугацаанд шүүгчийн ямар зөрчил дийлэнх хувийг эзэлж байгаа талаар болон тус хороо нь бие дааж үйл ажиллагаа явуулаад удаагүй байгаа ч гэсэн шүүгчдийн ажилдаа хандах хандлага өөрчлөгдөж байгааг судалсан судалгаа буюу өөрөөр хэлбэл шүүгчийг ёс зүйн зөрчил гаргахаас өмнө урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулан ажиллаж байгаа талаар тодруулсан юм.

Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар эхний асуултад хариулахдаа хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсвэл удаа дараа зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн болон шүүхийн шийдвэрийн үндэслэл бичээгүй ойлгомжгүй гэх агуулга бүхий өргөдөл мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байгааг хэлээд мөн шүүгчдийн ажилдаа хандах хандлага, сахилгын хорооны үйл ажиллагаа болон иргэдийн шүүхэд итгэх итгэлийн талаар 2024 онд хөндлөнгийн, хараат бус судалгааны байгууллагаар шүүгчид болон иргэдийг хамруулсан судалгаа хийлгэхээр төлөвлөж байгаа талаар онцолсон юм. Хуулийн дагуу Шүүхийн сахилгын хороо нь өргөдөл, мэдээллийг шалган шийдвэрлэх, хариуцлага оногдуулах чиг үүрэгтэй ч одоогийн байдлаар “Ёс зүйн хөтөч” гарын авлагыг бэлтгэн Шүүгчдийн холбоогоор дамжуулан түгээгээд байна хэмээн хариуллаа.

УИХ-ын гишүүн ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар, Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан нь шүүгчдийн ажилдаа хандах хандлагыг өөрчлөх, хариуцлага тооцох механизм байгаа гэдгийг мэдрүүлэх явдал нь чухал болохыг онцлов. Түүнчлэн шүүгчдэд зориулсан сургалтын хөтөлбөрт үйл ажиллагааныхаа талаар тусгах нь шүүгч нарыг цаашид гаргах алдаа дутагдлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтойг хэллээ.

Шүүхийн сахилгын хороо нь гадаад харилцаагаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгааг сайшаагаад цаашид улс орнуудын шүүх эрх мэдлийн байгууллагуудын талаар индекс гаргадаг олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, мэдээ, мэдээллээ солилцох нь манай улсын шүүхийн тогтолцооны талаар үнэн, бодитой үнэлэлт, дүгнэлт гарах боломж бүрдэнэ гэлээ.

Уулзалтын төгсгөлд: УИХ-ын гишүүн ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлж, тус байгууллагын Хуралдааны танхим, архивтай танилцсанаар уулзалт өндөрлөлөө.