info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

БАЙГУУЛЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР СЭТГҮҮЛЧДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ


Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 116 дугаар зүйлд зааснаар Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн сахилгын хэргийн бүртгэл, шийдвэрийн ил тод байдал  үйл ажиллагааны тайлан мэдээллээ олон нийтэд нээлттэй ил тод мэдээлж цахим хаягтаа тогтмол байршуулан ажилладаг. 

Энэ хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулж, байгууллагын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Уулзалтын эхэнд Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар уулзалтын ач холбогдол сахилгын хорооны бүрэн эрх, бүтэц, чиг үүргийн талаар мэдээлэл өгсөн бол сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр, Б.Сугар, Д.Мягмарцэрэн, О.Номуулин болон Ажлын албаны дарга Д.Мөнхзориг нар “ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс, шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зүйл заалт буюу Шүүгчийн сахилгын зөрчил, Шүүхийн сахилгын хорооны нээлттэй, ил тод байдлын талаар тайлбарлаж сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Уулзалтад оролцсон сэтгүүлчид Шүүхийн сахилгын хорооны хүлээн авсан өргөдөл, мэдээлэл түүний шийдвэрлэлт болон шүүгчийн түгээмэл гаргаж буй зөрчлийн талаар асууж тодруулсан юм. Шүүхийн сахилгын хороо өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 1007 өргөдөл, мэдээлэл хүлээн авснаас 44 хувьд нь сахилгын хэрэг үүсгэж үлдсэн 56 хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Шийтгэл оногдуулсан байдлаар нь авч үзвэл нийт 29 шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж үүнээс 4 шүүгчийг огцруулах арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Ирсэн өргөдөл, мэдээллийг агуулгаар нь авч үзвэл, хуулийн илт тодорхой заалтыг зөрчих, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хэргийн оролцогчтой харилцах явцад гаргасан зөрчил дийлэнх хувийг эзэлж байгаа юм.