info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТҮҮХЭН ХӨГЖИЛ НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО


Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны Түүхэн хөгжил номын нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны зөвлөгөөний танхимд зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Шүүхийн хорооны дарга Ц.Давхарбаяр, сахилгын хорооны гишүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа, Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар, УДШ-ийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн  захирал Д.Эрдэнэчимэг, ажлын хэсгийн гишүүн гавьяат хуульч О.Зандраа, судлаач Л.Галбаатар болон Ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Түүхэн хөгжил ном боловсруулах ажлыг 2023 оны 3 дугаар сард Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар санаачлан ажлын хэсэг байгуулан 6 сарын хугацаанд, шүүн таслах ажиллагаа эрхлэн гүйцэтгэж байсан үе үеийн шүүгч, хуульчид болон шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлж буй эдүгээ үеийн шүүгчдийн ёс зүй, сахилга хариуцлагын өнгөрсөн ба өнөөгийн түүхийг нэгтгэн дүгнэж, цаашид үргэлжлүүлэх түүхийг бүтээлцэх зорилгоор "Монгол Улсын Шүүхийн сахилгын хороо" Түүхэн хөгжил номыг хэвлүүллээ.

Энэхүү номд Олноо өргөгдсөн Монгол Улсын үеэс эхлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэмсэн “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэж заасныг хэрэгжүүлж эхэлсэн өнөөгийн үе хүртэлх түүхийг тухайлан авч үзсэн.

Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны Түүхэн хөгжил номыг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Шүүхийн сахилгын хорооны гишүүн Б.Сугар  ажлын хэсгийн гишүүнээр Шүүхийн сахилгын хорооны дарга Ц.Давхарбаяр, гишүүн О.Номуулин, Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун, Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны дарга Д.Мөнхзориг, Хууль зүйн хэлтсийн дарга Ш.Одгэрэл, Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга З.Нямцогт, Программ, техник хангамж хариуцсан референт Э.Лхагва-Очир, Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан Л.Ичинхорлоо, Хуульч, судлаач Л.Галбаатар, Монгол Улсын Гавьяат хуульч О.Зандраа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны  газрын дарга Н.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажиллав.

Номыг бичиж боловсруулсан Ажлын хэсгийн гишүүд болон Шүүхийн сахилгын хорооны үе, үеийн дарга, гишүүд, ажилтан, албан хаагчид Та бүхэндээ талархал илэрхийлье.